Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Япон Улсаас Монголд 131 тэрбум 400 сая төгрөгийн төсөл хэрэгжинэ

2014 оны 3 сарын 13

“Монгол Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд Япон улсын Засгийн газар иений хөнгөлөлттэй зээлээр нэг, буцалтгүй тусламжаар хоёр төсөл хэрэгжүүлнэ. Үүнд “Инженерийн дээд боловсролыг дэмжих төсөл”, “Японы дэвшилтэт бараа бүтээгдэхүүнийг танилцуулах төслийн бус буцалтгүй тусламж” болон “МҮОНРТ-ийн программ хангамжийг сайжруулах төсөл” хэрэгжих аж.

 

Дээрх төслүүд хамтран ажиллах Ноот бичигт Гадаад харилцааны сайд Л.Болд болон Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Инженерийн дээд боловсролыг дэмжих төсөл” нь Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих, боловсролтой, практик чадвартай инженер бэлтгэх зорилготой юм. Уг төслийн хүрээнд МУИС, ШУТИС-д инженер техникийн чиглэлээр суралцаж буй 1000 гаруй оюутныг эх орондоо болон Японд тус бүр 2 жил сургах, лаборатори болон эрдэм шинжилгээний туршилтын танхимуудыг тохижуулах ажил хийх аж. Энэ төсөл нь богино хугацаанд олон улсын жишигт нийцсэн инженер техникийн боловсон хүчин бэлтгэхэд чухал нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Уг төсөлд зарцуулагдах 7 тэрбум, 535 сая иен буюу 129 тэрбум 300 сая төгрөгийг 20 жилийн хугацаатай Япон Улсын Засгийн газраас зээлж байгаа бөгөөд жилийн 0.2 хувийн хүү төлөх юм байна.

Харин 750 сая иен буюу 900 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжих “Японы дэвшилтэт бараа бүтээгдэхүүнийг танилцуулах төслийн бус буцалтгүй тусламж” төслийн хүрээнд эхо аппарат болон эрчимт эмчилгээний хяналт, удирдлагын төхөөрөмж зэрэг эмчилгээ, оношилгооны иж бүрдлийг нийлүүлнэ. Уг төсөл нь манай улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хурдасгах, эмнэлгийн байгууллагуудыг тоног төхөөрөмжөөр хангахад чухал ач холбогдолтой хэмээн албаны хүмүүс үзэж байна. Тусламжийн тоног төхөөрөмжийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Клиникийн 1, 3 дугаар амаржих газарт олгох ажээ.

Мөн 71 сая 700 мянган иен буюу 1 тэрбум 200 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар “МҮОНРТ-ын программын хангамжийг сайжруулах төсөл” хэрэгжих юм. Уг төсөл нь Япон улсын талаар танин мэдэхүй болон боловрол, соёлыг сурталчлах зорилготой бөгөөд төслийн хүрээнд 300 гаруй баримтат нэвтрүүлгийг МҮОНРТ нийлүүлэх юм.

Дээрх гурван төсөл нь нийт 8 тэрбум 356 сая 700 мянган иен буюу 131 тэрбум 400 сая төгрөг болох бөгөөд энэ оноос эхлэн хэрэгжиж эхлэх юм.

Гарын үсэг зурах ёслолын үеэр Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү, “Гурван жилийн өмнөх энэ өдөр Японы зүүн бүс нутагт 1000 жилд нэг удаа тохиох хүчтэй газар хөдлөлт болсон. Үүний улмаас олон мянган хүн амиа алдсан. Энэ хэцүү үед Монгол Улсын Засгийн газар болон Монголын ард түмэн бидэнд тусламжийн халуун гараа сунгасан. Өдгөө Япон улс гамшигт нэрвэгдсэн газар нутгаа сэргээхээр хичээнгүйлэн ажиллаж байна. Манай улс 1954 оноос хойш хөгжиж буй орнуудын хөгжилд хувь нэмрээ оруулахаар тууштай зүтгэж ирсэн. Дээр дурьдсан гамшгийн үеэр гадаад анд нөхдөөс бидэнд үзүүлсэн тусламжид талархал илэрхийлэх үүднээс бид энэхүү тусламжаа цаашид ч үргэлжлүүлнэ. Өнөөдөр гарын үсэг зурсан гурван төсөл нь боловсрол, эрүүл мэнд болон соёлын салбарт хэрэгжинэ" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
701
0 эможи
keyboard_arrow_up