Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. / 2014.08.18- 2014.08.22 /
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хамгийн гол нь Монгол улсын өөрийнх нь эрх ашиг
Манай эдийн засгийн өсөлтөд сул тал бий. Уул уурхай гэдэг нэг салбараас хэт их хамааралтай. Энэ хамаарлыг багасгах нь бидний эдийн засгийн бодлогод барьж байгаа бас нэг гол зорилт. Үүнийг хийхийн тулд таны асуусан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн орлогын эх үүсвэрүүдийг төрөлжүүлэх, олон болгох асудал чухал. / Ардчилал 2014.08.18 /
Эрчим хүчний сайд М.Сономпил: Засгийн газар огцорно гэдэг мэдээж сайн зүйл биш
Эдийн засгийн хувьд манай гадаад болон дотоод орчин таагүй байна. Манай улс уул уурхайн бүтээгдэхүүнээр голлодог улс. Гэтэл нүүрс, төмрийн хүдрийн үнэ уначихсан. Ийм үед Засгийн газар огцорно гэдэг мэдээж сайн зүйл биш. Улам л доошилно уу гэхээс дээшлэхгүй. / Улс төрийн тойм 2014.08.18 /
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ: Эдийн засаг, аюулгүй байдал хоёр зөрчилдөх ойлголт биш
Эдийн засаг, аюулгүй байдал хоёр зөрчилдөх ойлголт биш ээ. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эдгээр ойлголтыг тов тодорхой зааж өгсөн. Эдийн засгийн харьцангуй бие даасан байдал нь өөрөө манай түнш улс орон, олон улсын байгууллагуудын тэнцэвэртэй оролцоо, тэнцэвэртэй харилцан хамаарлаар нөхцөлддөг. / Өнөөдөр 2014.08.19 /
Гадаа харилцааны сайд Л.Болд: Хоёр хөрштэйгээ харилцаагаа шинэ шатанд гаргана
Эдийн засаг, харилцааны бүхий л асуудлаар ярилцана. Харилцаагаа шинэтөвшинд гаргах, мөн тулгамдсан асуудлаа ярина. Хамгийн гол хүлээгдэж байгаа зүйл бол иргэд хоорондын харилцан визгүй зорчих асуудлыг шийднэ.
/ Үндэсний шуудан 2014.08.20 /
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар: Ченж гэх нь ч хаашаа юм бэ, мөнгө угаадаг бүлэглэл бий
Бид чинь экспортлогч биш учраас авсан мөнгөөрөө дандаа импортоор бараа, бүтээгдэхүүн авч, нөгөө их хэмжээний мөнгөө гадагш нь гаргачихаж байгаа юм. Эдгээрээс болоод ард иргэд аливаа тохиолдолд валют илүү гэсэн ойлголттой болж, хөөс үүссэн. Үүнийг Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны зөвлөл зохицуулах ёстой. / Өглөөний сонин 2014.08.21 /
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Одоо Их хурал, Засгийн газар, Төв банк онцгой дэглэмээр ажиллах хэрэгтэй
Одоо манайхан эдийн засаг бодит хөрсөн дээрээ буулаа гэдэг зүйлийг ярьж байна. Валютын ханшийн удирдлага гэж нэг ойлголт байдаг. Ийм үед ханш ингэж болноо гээд ярих нь учир дутагдалтай. ЭЗЭН-100 хөтөлбөр зөв байсан. Гэтэл ардын намынхан өөдөөс АРД 100 гээд улс төржүүлээд эхэлсэн. Одоо тулгамдсан асуудлуудаа хувийн хэвшилтэйгээ, эрдэмтэдтэйгээ зөвлөлдөөч, гарцаа ол гэсэн мессэж хүчтэй ирж байна. / Өдрийн сонин 2014.08.19 /
Хас банкны үүсгэн байгуулагч, Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг: Хөрөнгө оруулагчид манайхыг том зах зээлийн дэргэд байгаа гэдгээр н ирдэг юм шүү
Монглын эдийн засаг хэдийн жижиг ч гэсэн зах зээлийн үндсэн суурь болсон итгэлцлийг бий болгоход 100 хоног хангалттай биш л дээ. Цаашид долларын ханш яах вэ гэдэг нь өөрөө хүлээлт үүсгэчихдэг юм. Тэгэхээр 2009 онд дэлхийн эдийн засаг хямралд өртөхөд Монголын үндэсний валют суларч, хоёр банк дампуурч байхад долларын ханш 1300 төгрөгөөс огцом дээшилж 1700 шүргээд сарын дотор буцаан тогтворжуулж чадсан. Хоёр хөршийн тэргүүний айлчлал тэр бүр болоод байдаггүй тул бид шүүрч авах ёстой. / Өдрийн сонин 2014.08.20 /
Олон улсын бизнес ба эдийн засгийн их сургуулийн доктор, Хятадын анти монополийн зохицуулалтын мэргэжилтэн Жон Гонг: Анхны алхмаа хийж чадахгүй бол дараагийн алхмуудаа хэзээ ч хийж чадахгүй
Улсын байгууллагууд бүтээмжийг илүү үр ашигтай болгохын тулд өрсөлддөг. Миний бодлоор үйлдвэрүүдийг төрөлжүүлэх нь зүйтэй. Тухайлбал Хятадын газрын тосны салбарт гурван компани ноёрхож байна. Энэ том зах зээлийг аваад үзэх юм бол 1.3 тэрбум хүн, маш олон машинтай энэ газарт ердөө гуравхан шатахуун түгээх байгууллага үйлчилж байна гээд бод л доо. Тэгэхээр энэ салбарт Оросын ард явж байна. Шатахуун түгээх станцууд монополь байр суурьтай байна. / Өдрийн шуудан 2014.08.19 /