Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсын эдийн засаг хямарсан уу?

2014 оны 10 сарын 02

Эдийн засгийн хямралын талаар хэн хүнгүй л ярьж  байна. Эдийн засгийн хямрал гэж юу болох, хямралаас гарах гарц нь юу болох талаар эдийн засагчид, судлаачид, улс төрчид өөр өөрийнхөөрөө санал бодлоо илэрхийлж байна. Энэ асуудлаар би ч гэсэн та бүхэнтэй санал бодлоо хуваалцахаар энэхүү нийтлэлийг хүргэж байна.

Эдийн засгийн ухаан нь  товчоор хязгаарлагдмал баялаг нөөц, хязгааргүй хэрэгцээ хоёрын хоорондын хамаарал, уялдааг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм. “Economics” хэмээх нэр томъёо нь эртний грекийн οἰκονομία /oikonomia/ буюу "өрх гэр авч явах ухаан"  + nomos буюу "хууль, заншил" гэсэн утгатай үгнээс гаралтай гэж үздэг. Эдийн засгийн бүх юмс үзэгдэл хоорондоо холбоо хамааралтай байнга өөрчлөгдөн хөгжиж байдаг болохоор эдийн засагчид эдийн засаг хэрхэн ажилладаг, эдийн засгийн хүчин зүйлс хоорондоо ямар уялдаатай байдгийг тайлбарлахаар байнга оролдсоор ирсэн байдаг. Өнөөгийн эдийн засгийн загварууд нэн эртнээс эхлэлтэй бөгөөд тухайн цаг үеийн онцлогтой уялдаатайгаар өөрчлөгдөн, хөгжсөөр өнөөдөртэй золгожээ.

Дэлхийн эдийн засагт тулгарч байсан Их хямралтай холбоотойгоор бий болсон нийгэм эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлтүүд нь “үнийн хөшүүргийн тусламжтайгаар чөлөөт зах зээл өөрөө аяндаа зохицуулагдана” гэдэг эдийн засгийн сонгодог загвар нь тухайн үеийн эдийн засагт бий болсон нөхцөл байдлыг тайлбарлах  боломжгүй, хямралаас гарах үр ашигтай арга хэмжээ болж чадахгүй болсон байв. Энэ үед Их Британийн эдийн засагч Кейнс(1886-1946) зах зээлийн өөрийн зохицуулалтын тухай “үйлдвэрлэл өөрөө хэрэглээг бий болгодог учир төрийн зүгээс ямар нэг оролцоо шаардлагагүй” гэж үздэг эдийн засгийн сонгодог онолыг хүчтэй шүүмжилж “төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай” гэдгийг тодорхойлжээ. Кейнсийн дараа М.Фридмен тэргүүтэй эдийн засагчид монеторист загварыг боловсруулж гаргажээ. Энэ загварын гол агуулга нь  мөнгө зээлийн зөв бодлого явуулах, төрийн оролцоог багасгах, инфляцитай ашигтай тэмцэл явуулах, өөрөөр хэлбэл мөнгөний нийлүүлтээр дамжуулж үйлдвэрлэлийн өсөлтийг хангана гэж үздэг. Кейнс болон түүнийг залгамжлагчид төрийн зүгээс эдийн засгийг зохицуулах нь бололцоотой бөгөөд зайлшгүй гэж үзсэн. Орчин цагийн эдийн засагчдын ямар ч сургууль энэ л үзэл баримтлалыг дагасаар байна. Харин сонгодог эдийн засагчид, монеторист болон эдийн засгийн бусад сургаалынхан төрийн оролцоог үгүйсгэдэг бөгөөд “зах зээлийн механизмууд нь өөрсдөө тэнцвэрт байдлыг бий болгож өөрсдөө зохицуулна” гэж үзсээр байна.  Өнөөдрийг хүртэл эдийн засгийн харилцааны мөн чанар, түүний уялдаа холбоо, харилцан хамаарал, үр дагаврыг “төгс” шинжилж судалсан онол, үзэл баримтлал хараахан гараагүй, одоо болтол маргаан дагуулсан хэвээр байна.

АНУ-д үнэт цаасны хувьцааны ханшийг хөөсрүүлэн өсгөж байснаас 1929 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хувьцааны үнэлэмж гэнэт унаснаар нэг л өдөр  гамшиг болж хувирч, ажилгүйдэл, ядуурал, хоосрол, гэмт хэрэг ар араасаа хөвөрч зовлонгийн гинжин хэлхээг үүсгэж, энэ нь улмаар Европыг хамарч дэлхийн хоёрдугаар дайныг үүсгэх, өдөөх үндсэн шалтгааны нэг болсон байдаг. Энэ Их хямрал дайныг дамжсаар 1955 оноос л эдийн засаг сүйрлийн өмнөх үеийн түвшинд хүрснээр нь тооцвол нийт 26 жил үргэлжилжээ.

Тэгвэл 2007 оны 12-р сард АНУ-д үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдсон орон сууцны зээлийн эргэн төлөлт муудаж, банкны салбарт нөлөөлснөөс эхэлсэн хямрал  2008 оны сүүлчээс Европын орнууд болон хөгжиж буй орнуудын эдийн засгийг хямраасан. 2008-2009 оны  дэлхийн санхүү, эдийн засгийн энэ хямрал нь цар хүрээ, далайцаараа 1930-аад оны их хямралтай дүйцэхүйц хэмжээнд хүрсэн гэж эрдэмтэн судлаачид үздэг. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн энэ хямралын сөрөг нөлөө Монгол Улсыг ч тойроогүй билээ.

Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлд суурилсан эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжих эхний жилүүдэд анх эдийн засгийн хямралтай нүүр тулж байсан бол 2008-2009 онд манай эдийн засаг анх удаа гадаад орчноос хамаарсан эдийн засгийн хямралд орсон байдаг. Үүнээс гадна  1997 оны Азийн санхүүгийн, Латин Америкийн орнуудыг хамарсан валютын хомсдлын, АНУ-ын хадгаламж, зээлийн хоршооны хямрал болж байсныг бид мэдэж байгаа.

Яагаад  байн байн хямралд ороод байна вэ? Чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцооны үндэс сууринд үүний учир шалтгаан байгаа юм уу? гэх зэрэг олон асуултад одоо болтол нэгдсэн хариулт олоогүй л байна.

Эдийн засгийн хямрал гэдэг нь өргөн утгатай ойлголт юм.  Ажилгүйдэл, ядуурал, үнийн өсөлт, санхүүгийн зах зээл дээрх үнэт цаасны уналт  зэрэг эдийн засаг, нийгмийн өргөн хүрээг хамарсан хүндрэл бэрхшээл, тогтоворгүй байдлыг хямрал гэж үздэг бол, дотоодын нийт бүтээгдэхүүний 2 улирал дараалсан  бууралтыг эдийн засгийн уналт  гэж хэлдэг байна.

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ч олон нийт, эрдэмтэн судлаачид, эдийн засагчдын анхаарлыг ихээхэн татаж байна.

Монгол Улсын  эдийн засгийн  өнөөгийн байдлыг Үндэсний статистикийн хороо болон Монголбанк, Сангийн яамнаас 2014 оны 7 дугаар сарын байдлаар гаргасан  албан ёсны мэдээлэл дээр тулгуурлан эдийн засгийн үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа харцгаая.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2011 онд 17.5% хүрч байсан бол энэ өсөлт  жил, улирал, сар дараалан буурсаар 2012 онд 12,3%, 2013  онд 11,7%, энэ онд 9 орчим хувь байхаар байна. Монгол Улсын  инфляцын түвшин сүүлийн 3 жил дараалан 2-оос дээш оронтой тоогоор илэрхийлэгдэж энэ үзүүлэлтээрээ  дэлхийд эхний арванхоёрдугаарт бичигдэж байна. Иргэдийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ  өнгөрсөн 2 жилийн хугацаанд 10,6% - 177% хүртэл өсч,  инфляцийн өсөлт иргэдийн амьжиргаанд хүчтэй дарамт үзүүлж, ард иргэд өдөр хоногоор ядууран туйлдаж, иргэдийн бухимдал газар авч нийгэмд сөрөг үзэгдэл даамжирлаа.

Ам.долларын ханшийн өсөлт үргэжилсээр байна.  Ам долларын ханш  2012 оны 7 дугаар сард 1349 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1844 төгрөг болж 38 хувиар уналаа. Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш ийнхүү огцом суларч байгаа нь иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүнд дарамт учруулж байна.

Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн зургадугаар сарын байдлаар 1.31 тэрбум ам.доллар болж буурсныг Төвбанк мэдээллээ. Энэ нь өмнөх сарынхаас 17.9, өнгөрсөн оны мөн үеэс 57.6 хувиар доошилж, 2012 оны 7 дугаар сард байсан 2,8 тэрбум ам долларын нөөц  2,2 дахин багассан   үзүүлэлт юм.

Банк санхүүгийн салбарт ч өндөр эрсдэл бий болсныг Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайлангаас харж болно. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээлийн хэмжээ 7 дугаар сарын эцэст 599.7 тэрбум төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 550,1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 32,4 хувиар, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл  3,4 дахин өссөн үзүүлэлтэй гарч, нийт банкны систем дэх эрсдэл эрс нэмэгдсэн байна.

Энэ оны 7 дугаар сарын байдлаар Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 54,3% нь буюу  54,8 мянган аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоож, үүд хаалгаа барьсан байгаа нь   2012 оны мөн үетэй харьцуулахад 84,5 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь манай бизнесийн орчин муудсаны илэрхийлэл юм.

Энэ бүхэн нь эдийн засгийн хямрал гэдэг өргөн утгатай ойлголтыг илэрхийлдэг нөгөө  ажилгүйдэл, ядуурал, үнийн өсөлт, санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал зэрэг бүхий л үзүүлэлтүүд улирал дараалан буурсан байгааг илэрхийлж байна. Энэ бүгдээс Монгол Улсын эдийн засаг аль хэдийн  хямралд орсон  болох нь тодорхой  байна.

Ер нь “ХЯМРАЛ“ гэдэг энэ үгнээс зарим эдийн засагчид, улс төрчид нэн ялангуяа шийдвэр гаргагчид татгалздаг нь нууц биш. Бүр сүйрэлд хүрчихгүй л бол шүү дээ. Тэд үгсийн сангаасаа “хямрал” гэдэг үгийг хасаад, харин түүний оронд өнөөх муу нэрийг хэрэглэхээсээ эрс татгалзаад арай  сайхнаар дуудагдах “уналт”, аль эсвэл “удаашрал” ч юм уу “гажуудал” гэх зэрэг нэршил оруулаад ирчихсэн байна.  Юу ч гэж нэрлэсэн бай эдийн засгийн мөчлөг дэх хямралын үе шат нэгэнт  үүссэн л бол  “тэр”  эдийн засагт, үүгээрээ нийгэмд сөргөөр нөлөөлөх нь  дамжиггүй юм. Энэ үнэнээс хэн ч зайлж, юу ч гэж хэлж бултаад нэмэргүй. Хямрал бол гажуудал, туйлшралыг илрүүлэгч хүчин зүйл билээ.

Зах зээлийн эрэлт, нийлүүлэлт хоёр ямагт тэнцүүхэн байх дуртай, үүнийг дагаад барааны үнэ, үйлдвэрлэлийн хүчин зүйл хоёр ч гэсэн тэнцвэрийн цэг рүү тэмүүлж байдаг гэдгийг “Эдийн засгийн ерөнхий онол”-оор бид сайн мэднэ. Хамгийн гол нь зах зээлийн системийн ерөнхий онол дотор байн байн заавал тохиож байдаг эдийн засгийн мөчлөгийн үе шатууд байдаг гэдгийг ухаарч түүнд цаг тухайд нь дүн шинжилгээ хийж хямралаас урьдчилан сэргийлэх, алдаатай бодлого, шийдвэрээ цаг алдалгүй засаж залруулж, их сүйрэлд хүргэчихгүй шиг эдийн засгаа удирдан авч явах нь Засгийн газрын нэн чухал үүрэг юм.

Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн байдалд бүх түвшиндээ зөв үнэлгээ дүгнэлт өгч, эдийн засгийн хямралыг аль болох богино хугацаанд, хохирол багатай даван туулах бодлого, зорилтоо тодорхойлж, цаг алдалгүй хамтдаа энэхүү хямралаас гарцгаая.

 

ЭДИЙН ЗАСАГЧ  Д.ДАВААСҮРЭН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9632
0 эможи
keyboard_arrow_up