Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Skytel 4G -д бэлэн бол ZTE 5G-г бүтээж байна

2014 оны 5 сарын 26

Мэдээлэл харилцаа холбоо, технологийн салбарын үзэсгэлэн энэ өдрүүдэд буюу 22-26 –ны хооронд Мишээл төвд үргэлжилж байна. Үзэсгэлэнгийн үеэр Монголын болоод олон улсын тэргүүлэх компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээ, шийдлээ танилцуулсан юм. Энэ талаар манай сурвалжлагч олны анхаарлыг татсан компаниудын танилцуулга, бүтээгдэхүүн, шийдлээр сурвалжилсан юм.

Моогол Клоуд ХХК -ын гүйцэтгэх захирал Т.Баяржавхлан:Үндэсний Moogol.mn хайлтын систем бий болсон нь харилцаа, холбооны салбарт томоохон үйл явдал болж байна

ICT EXPO үзэсгэлэнд анх удаагаа оролцож байна. Моогол Клоуд ХХК нь 2014 онд байгуулагдсан. Бид2 жил орчим мэдээлэл хайлтын систем дээр судалгаа хийсний үндсэн дээр шинэ бүтээгдэхүүн болох Moogol.mn –г зах зээлд нэвтрүүлж байна.Одоогоор 1 сарын туршилтын ажиллагаа эхлээд явж байна.Google бол дэлхийг харах цонх.Харин Монголын хувьд Монгол контентуудыг нэгтгэсэн Монголын үндэсний хайлтын системийг бий болгох шаардлагатай байгаа нь судалгаагаар харагдсан тул бид энэ тал дээр зорилго тавин ажиллаж байна. Энэ чиглэл дээр гадны өндөр түвшний, томоохон технологийг ашигласан Монголын хайлтын систем буюу вэб тоглогч болсоноороо томоохон үйл явдал болж байна. Бидэн тэргүүнд Монголчууд мэдээллийг эрх тэгш эрхтэйгээр хүлээн авах, хүссэн мэдээллээ саадгүй эрж, хайж олоход нь туслах, Монгол хэлний онцлогийг тусгасан хайлтын үр дүнг сайжруулах, мэдээллийн тэнцвэртэй байдлыг бий болгох, мэдээллийн эргэлтийг зөв бий болгох зэрэг чиглэл дээр цаашид зорилт тавин ажиллах болно. 

SkytelХХК-ын Техникийн Төлөвлөлтийн алба, технологийн газрын захирал Ц.Батмөнх: Бид 4G технологид бэлэн байна

Манай компани технологийн хувьд бүрэн шинэчилж 2014 ондоо өндөр хурдны 3G сүлжээгээ улс орон даяар оруулахаар ажиллаж байна. 2014 ондоо багтаад бүх суманд сүлжээгээ хүргэнэ. Үүний хажуугаар салбарын 4G-н талаарх бодлого гараагүй байгаа боловч бид нар 4G технологийг бүрэн туршчихаад байна. Энэ нь өгөгдөл дамжуулах хурд нь 150 Мегабит/сек хүрсэн. Үүний зэрэгцээ Voice our LTE технологи дээр яриа дамжуулах ярианыхаа тестийг бас хийчихсэн явж байна. Энэ технологийг нэвтрүүлснээр өндөр хурдны бүх төрлийн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэх боломж бүрдэх юм.

 

 

ZTE технологийн менежэр Н.Тэлмүүн: 5G технологийн хөгжүүлэлт хийгдэж байна

4G технологийн дэвшилтэт хувилбар буюу LTE-Advance –г дэлхий даяар хэрэглэх болсон. Энэ технологи нь яриа, дата хэрэглээний хоцрогдол, тасладал өмнөх үеийн технологиудаас 10 дахин бага юм. Энэ нь хэрэглэгчдийн өнөөгийн дата – д суурилсан хэрэглээг хангаж чадахуйц хурд гэж ойлгож болно.

Манай компани технологи хөгжүүлэгч, нийлүүлэгчийн хувьд 5G технологийг аль хэдийн судлаад, технологийн концепцио гаргасан байгаа. 4G технологи нь хувь хүний хэрэгцээг хангахуйц байх концепцитай бол 5G нь хувь хүнийг нийгэмтэй, машин буюу төхөөрөмжтэй, төхөөрөмж машиныг хүний оролцоогүйгээр өөр хоорондоо мэдээлэл дамжуулахуйц байх, төхөөрөмж машинаас хүнд мэдээлэл дамжуулах гэх мэт харилцааг хангахуйц байхаар төсөөөлж байна. Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэнд, боловсрол, техник технологи, төрийн үйлчилгээ, энтертэйнмэнт, бизнес гээд бүхий л харилцааг хувь хүний оролцоотой эсвэл оролцоогүйгээр зохицуулж байх сүлжээ, технологи гэж ойлгож болох юм.

ZTE корпорацийн чухалчилж байгаа өөр нэг шаардлага бол энерги буюу эрчим хүчний хэрэглээг хамгийн бага, байгальд ээлтэй байх технологийг хөгжүүлж байна.

5G технологийг бид 2020 оны Токиогийн олимпын үеэр хэрэглэх боломжтой. Учир нь 5G технологийг хөгжүүлэгчид 2020 он гэхэд хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа.

Юнител Группын тэргүүн дэд захирал Г.Болд: Бид Монголын хамгийн анхны APP Store-г танилцуулж байна

Манай компани ICT EXPO  үзэсгэлэнд 8 дахь жилдээ оролцож байна. Энэ жилийн онцлог бол одоо үзүүлж байгаа бүтээгдэхүүнээсээ илүү ирээдүйд хэрэглэгчиддээ санал болгох, амьдралын хэв маягийг өөрчилж болох, хэрхэн ухаалаг байдлаар шийдэж болох вэ гэсэн шийдлийг танилцуулж байгаагаараа онцлогтой. Ирээдүй бол контент дээр суурилсан контентын эрин үе эхэлж байна. Энэ үед манай компани өөрийн охин компани болох  Юнивишн IPTV-рээ контентыг суулгаад энэ бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Мөн манайх энэ жил Монголын хамгийн анхны АРР store, дуу хөгжмийн Songs, шинэ үеийн онлайн харилцааг илтгэсэн  Pica, хөнгөлөлт урамшуулалын Shopon зэрэг АРР-уудыг онцлон танилцуулж байна. Тус АРР-н бүх заавар Монгол хэлээр бичигдсэн бөгөөд дэлхийн хамгийн олон татагдсан, сонирхолтой АРР-дыг албан ёсны эрхтэйгээр буюу  бүсийн хязгаарлалтгүйгээр ашиглах боломжийг нээж өгч байгаа. Мөн бид дэлхийн гуравт тооцооны системийг шийдэж өгсөн. Энэ нь дан ганц үнэгүй App нээхээс гадна хэрэглэгч өөрийн данснаасаа банкны төлбөрийн системээр дамжуулан боломжит хэлбэрүүдээр төлбөр, тооцоогоо хийх боломжийг нээж өгч байгаа нь их онцлог.

Датаком ХХК-ын Маркетинг, борлуулалтын албаны захирал Б.Үнэнбат: Монголд анх удаа Интернэт хаягийг эх хэлээрээ

Монголд анх удаа Интернэт хаягийг эх хэлээрээ буюу кирилл үсгээр ашиглах үйлчилгээ нээгдлээ. Өнөөдөр Мишээл төвд болж буй "ICT Expo 2014"Мэдээллийн Технологийнүзэсгэлэнгийн үеэр Төрийн байгууллагуудын Монгол домэйн хаягийн дээжийг Датаком ХХК-аас Мэдээллийн Технологи Шуудан Харилцаа Холбооны Газрын дарга Ц.Жадамбаад гардуулан өглөө. Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр, интернэтийн программ дээр уих.мон, засаг.мон, ерөнхийлөгч.мон гэх мэтчилэн вэб хаягийг кирилл үсгээр бичих боломжтой болж байна. Датаком ХХК нь монгол хэлээр домэйн бүртгэх үйлчилгээг нэвтрүүлж эхлэнгүүтээ Төрийн байгууллагууд болон Оюуны өмчийн гэрчилгээт байгууллага, хувь хүмүүсийн Интернэт хаягийг түрүүлэн бүртгэж эхлээд байна. Олон улсын домэйн бүртгэлийн журмын дагуу Оюуны өмчийн газар болон Төрийн байгууллагууд интернэт хаягаа бүртгүүлсний дараагаар 2014 оны 10 дугаар сарын 15-наас үйлчилгээ албан ёсоор олон нийтэд нээлттэй бүртгэл эхэлнэ. Энэхүү .МОН үйлчилгээ нь Интернэт технологийн шинэ үе болох IDN (Internationalized Domain Name) буюу улс орон бүр өөрийн эх хэлээр дотооддоо домэйн нэр бүртгэх боломжтой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологи юм. Монголын Интернэтийн анхдагч Датаком компани энэхүү үйлчилгээг ICANN(Internet Corporation for Assigned Names and Numbers) Интернэтийн олон улсын байгууллагын зөвшөөрөлтэйгээр албан ёсоор нэвтрүүлж эхлээд байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
3452
2 эможи
keyboard_arrow_up