Сайн менежер болохын тулд
Сайн менежер гэж хэн бэ? энэ асуулт хамгийн чухал асуудлуудын нэг байсан бөгөөд байсаар ч байна. Удирдагч менежер хоёр ямар ялгаатай тухай нилээн маргалддаг. Удирдагч ба менежер хоёр хэлбэр талаараа төстэй ч агуулга талаараа тэнгэр газар шиг ялгаатай ойлголт.
Хэсэг хүүхдүүд модонд зугаалж явжээ. Гэтэл нэг хүүхэд нь бүгдээрээ самар түүцгээе гээд нэгнийхээ мөрөн дээр авиран гарч тэр модонд самар байна хэмээн хашгирчээ. Бүгд гүйлдэн иртэл нэг хүүхэд нь бүгдээрээ нийлээд модоо хөдөлгөвөл самар амархан унах юм байна гэв. Бусад нь зөвшөөрч мод уралдан хөдөлгөж самар унагаж эхэлжээ.
Энэ жишээнээс эхний хүүхэд удирдагчийн үүргийг хоёрдахь хүүхэд менежерийн үүргийг гүйцэтгэсэн бол бусад нь удирдагчийн хүсэл зорилго, менежерийн аргачлалын дагуу гүйцэтгэжээ. Яг энэ теором л менежментийн шинжлэх ухаан болон олон талаар хөгжсөн байдаг.
Удирдагч менежер хоёрын ялгаа нь
• Удирдагчид ирээдүйд болох зүйлийг харж, ямар ч үнэ цэнээр хамаагүй хүрэхийг хүсдэг бол Менежерүүд ямар нэгэн зүйлийг зөв хийхийг хичээдэг
• Удирдагчид асуудлыг эрсдлээс үл эмээн шийдэхийг хүсдэг бол Менежерүүд асуудлыг өөртөө хамгийн эрсдэлгүй байдлаар шийдвэрлүүлэхийг хүсдэг
• Удирдагчид шийдвэр гаргахдаа ирээдүйд хамгийн зөв байх зарчмыг барьдаг бол Менежерүүд энэ шийдвэр хүмүүст хэрхэн таалагдахыг боддог
• Удирдагчид үр дүнг эрхэмлэдэг бол Менежерүүд үйл явцыг илүү эрхэмлэдэг
Олон жилийн туршид сайн менежер гэдэг ойлголт нь амжилтанд хэрхэн хүрэх газарч болж байсан ба энэ ойлголтыг менежерийн хувийн шинж чанартай холбож тайлбарлахыг оролдсоор иржээ. Агуу Күнзийн сургаалд “Хүн юуны түрүүнд хамтран ажиллагчдынхаа зан ааш, мэдрэмжинд нэвтрэн орох нарийн чадварыг эзэмшсэн байх”-ыг илүүд үздэг гэсэн бол Гомерийн үеийн Грекчүүд менежер хүн дараах 4 шинж чанарыг өв тэгш эзэмшсэн байх ёстой гэж үзсэн байна. Үүнд:
1. Несторын мэргэн ухаан
2. Агамөмноны шударга зан
3. Одиссейн зальжин чанар
4. Ахиллесийн шургуу чанар зэргийг багтаасан.
Гомер бодит байдал дээр өв тэгш удирдагч гэж байдаггүй, өөрөөр хэлбэл дээрх дөрвөн шинжийг нэгэн зэрэг агуулсан хүн байдаггүй гэдгийг цохон тэмдэглээд зөвхөн дээрх шинжүүдийн аль нэг хэсгийг агуулсан удирдагчид нэгэн зорилготойгоор нэгдэн ажилласан үед л өв тэгш удирдагчид дөхөж очно гэж үзжээ. Гэхдээ удирдагч бүр өөрийн давуу болон сул талыг байнга санаж байх хэрэгтэй бөгөөд ингээгүй тохиолдолд өөрийн зан аашны золиос болно гэсэн үг. Тэгвэл XX зууны сүүлээр зарим эрдэмтэд орчин үеийн менежерт байх чанаруудыг дараах байдлаар тодорхойлсон байна.
Физикийн шинж чанар: Идэвх чармайлт, шургуу зан, эрүүл мэнд, хүч чадал
Хувь хүний шинж чанар: Дасан зохицох чадвар, өөртөө итгэлтэй байдал, нэр хүнд, амжилтад тэмүүлэх байдал
Оюун ухааны шинж чанар: Ухаан, зөв шийдвэр гаргах чадвар, зөн билэг, бүтээлч эхлэл
Чадвар: харилцан холбоо бусадтай зөв харилцах чадвар, тактик, дипломат байдал
Хямралын өнөө үед менежерүүд доорх чанаруудыг өөртөө шингээсэн байх ёстой гэж бүх судлаачид хүлээн зөвшөөрдөг.
• Зах зээлийн эдийн засгийн байдал, түүний хөгжилтэй холбоотой гүн гүнзгий мэдлэгтэй байх
• Үйлдвэрлэл дэх хүний нөөцийг илрүүлэх ба ашиглах авъяас чадвартай байх
• Шинжлэх ухаан технологийн шилдэг ололт амжилтыг үр ашигтай ашиглаж чаддаг байх
• Нийгмийн сонирхолыг урьтал болгох, өөрөөр хэлбэл тодорхой үеүдэд нийгмийн тодорхой зорилгод хүрэхийн тулд өөрийн орлогоос татгалзаж чаддаг байх
• Сэтгэл зүйн боловсролтой байх
• Нийгмийн шударга ёсны зарчмыг өөрийн ажлын удирдлага болгох
• Өөртөө хариуцлагыг авч чаддаг байх
• Ажлын ашиг сонирхолын үүднээс шүүмжлэх ба шүүмжлэлийг хүлээн авч чаддаг байх
• Байнга санаачлага гарган ажиллах
• Ашиггүй ажил хийдэггүй байх
• Бэрхшээлийг даван туулах эрмэлзэлтэй, эр зориг болон уян хатан ажиллах чадвартай байх
• Логик сэтгэлгээтэй
• Ажлын ашиг сонирхолын үүднээс өөрт таалагдахгүй байгаа саналыг хүлээн авах чадвартай байх
Ажлын үр ашигтай аргын тусламжтайгаар хэт ачааллаас өөрийгөө хамгаалах менежерийн ажилд оновчтой сэтгэлгээ гол байр суурь эзэлдэг. Орчин үеийн менежерийн эргэцүүлэн бодох үйл явцын диалектикийг доорхи шинж чанаруудаар тодорхойлж болно.
• Ямар нэгэн зүйлийг системтэйгээр, өргөн хүрээтэй, цогцоор нь эргэцүүлэн бодох чадвартай байх болон удирдлагын жижиг, нарийн төвөгтэй бүхий л үйл ажиллагааг мэдэх
• Өөрөөр хэдийгээр эсрэг саналтай байгаа ч бусдын бодол саналыг ойлгох, хүлээн авах, ашиглах чадвартай байх
• Дээрээс үзүүлж буй ажил төрлийн бус дарамт шахалтаас татгалзах
• Шинэ санал, ололттой байдлыг дэмжих ба үүнийг хий хоосон зүйлээс ялгаж чаддаг байх
• Эрсдэл хийх чадвартай байх, ингэхдээ бизнестээ хор хөнөөлтэй алдаа аль болох гаргахгүй байх
• Хүмүүстэй эелдэг болон бодлоготойгоор харилцах ба ажлын тогтоосон журмыг биелүүлэх талаар хатуу шаардлага тавих
• Орчин үеийн менежер нь өнөөгийн удирдлагын шаардлагад нийцэхийн тулд янз бүрийн нөхцөлд дасан зохицох чадвартай байх хэрэгтэй.