Ариун цэврийн өрөө тань цэвэрхэн үү?
Ихэнх бүсгүйчүүдийн хамгийн дуртай өрөө нь угаалгын өрөө байдаг гэхэд маргах хүн тун цөөхөн гарах байх. Тансаг үнэртэй лаа асааж, хөөс дүүрсэн бүлээхэн устай ваннан дотор тухлах дургүй хүн гэж хаа байхав. Тэгвэл тэрхүү нэгэн сайхан хормыг бүрдүүлж таашаал авахын тулд танай ванн хэр цэвэрхэн бэ гэх эвгүй ч гэмээр асуулт руу орох хэрэг гарах нь.
Та өөрийнхөө хэрэглэх дуртай аль нэг цэвэрлэгч бодисоо шүүрч авхаасаа өмнө угаалгын өрөөнийхөө цонхыг эсвэл хаалгыг нээхээ мартуузай. Энэхүү цэвэрлэгээ үндсэн 3 хэсгээс бүрдэх ба энэ нь цэвэрлэгээний бодис хатахаас сэргийлнэ.
Эхлээд та ванны ханаа бодисоор шүршэж орхиод тэр хооронд ванн дотроо шүршээрэй. Элдэв шар өнгөр эсвэл хархад ямар нэгэн тод толбо байхгүй ч хэсэгхэн хоромд дэвтээж орхих нь нүдэнд харагдахгүй бичил нянг устгахад тустай. Энэ хооронд эхэлж шүршээд орхисон ханаа угаагаарай. Дараа нь ваннаа цэвэрлэж дуусгаад шүршүүрээ нээлттэй орхиж жорлонгийн суултуураа шүршээрэй. Үүнд арай илүү цаг өгөхөд гэмгүй. Ингээд гуравдугаар хэсэг болох угаалтуураа цэвэрлэж эхэлнэ.
Мөн цэвэрлэгч бодисоо цацаж орхиод өмнөх ажлаа дуусгана. Хамгийн сүүлд угаалтуураа цэвэрлэж дуусаад ванны өрөөний толио зориулалтын шил толь цэвэрлэгч шингэнээр цэвэрлээрэй. Дашрамд дурьдахад шил толь цэвэрлэгч шингэн маш бага хэмжээгээр ордог бөгөөд нэг авсан байхад 6-12 сарын турш санаа зоволтгүй байдаг юм шүү. Ванны нүхнээс чинь өнгө өнгийн муухай зунгааралдсан үсний сэв гарч байгаа биз дээ. Үүнээс цаашид сэргийлэхийн тулд нүхэнд тохирсон хэмжээтэй торон шүүлтүүр худалдаж аваад хийчихээрэй.
Аль нэг дэлгүүрийн гэр ахуйн тасагт бүр болохгүй бол барилгын материалын дэлгүүрээс олно. Эцэст нь сануулахад та бээлий өмсөхөөсөө хэзээ ч төвөгшөөж болохгүй. Учир нь эдгээр бүх төрлийн цэвэрлэгч бодисууд таны гарыг гэмтээж гоо сайханд маш муугаар нөлөөлдөг юм.