Пудрын хор тайлуулах үйлчилгээ ямар нөлөөтэй вэ
Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань пудрын хор тайлах үйлчилгээг хийлгэх болсон билээ. Гэвч ямар шалтгаанаар энэхүү үйлчилгээг хийлгэж байгаагаа төдийлөн мэддэггүй аж. Энэ нь таны хэрэглэж байгаа крем, пудр, нүүр будалтын бүтээгдэхүүний найрлагатай шууд хамааралтай юм. Үнэтэй, хямд ямар ч брендийн энгэсэгийг шавар шохойноос гаргаж авдаг тул найрлаганд нь цайр, тугалга их хэмжээгээр агуулагддаг нь хүний арьс ямар ч чийгшил тэжээлгүй болж хөгшрөх процесс хурдасдаг гэнэ. Зөвхөн пудр ч биш бидний өвлийн турш амьсгалдаг саарал утааны найрлаганд ч хүнд металь, хар тугалга ордог юм. Тийнхүү арьсны гүнд хуримтлагдсан хар тугалгыг гаргахын тулд тусгай бодис болон арьсны индүүг ашиглан гадагшлуулдаг үйлчилгээг пудрийн хор тайлах гэж нэрлэдэг.
Энэ үйлчилгээг авсан бүсгүйчүүдийн зарим нь, крем пудр шингэхдээ сайн болсон учраас таалагдсан гэж хэлдэг бол, зарим нь арьсыг нь гэмтээсэн учраас таалагдаагүй гэцгээдэг. Учир нь арьсны бүр гүнд шингэсэн металан бохирдлыг авахын тулд маш хүчтэй үйлчлэлтэй бодисоор арьсыг бүрхдэгтэй холбоотой аж.
Энэ нь арьсыг цочроож мэдрэмтгий болгодог байна. Энэ үйлчилгээг хийлгэсний яг дараахан пудрийн шингэц сайжирч, арьс зөөлөрдөг нь хүчтэй бодисын нөлөө. Тиймээс бүсгүйчүүдэд дахин дахин хийлгэх хүсэл төрдөг . Гэхдээ байн байн хүчтэй бодис нүүрэндээ түрхүүлэх нь арьсны өнгөн талын давхаргад гэмтэл учруулахаас гадна түрхсэн крем пудрын хар тугалгыг шингээн авах, уусгах чадвар нь урьд урьдынхаас бүр илүү сайжрах сөрөг нөлөөтэй байдаг гэнэ. Тийм болохоор зөвхөн шингэц сайтай болдог гэдэг шалтгаанаар пудрын хордлого тайлах эмчилгээнд ойр ойрхон орохгүй байхыг зөвлөе.