Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 06, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ууц тавих ёс, дараалал

2017 оны 2 сарын 24

Цагаан сарын их ёслолын нэг чухал зүйл бол дайллагын ёс, тэр дундаа бүхэл махаар дайлах ёс юм.

Монголчуудын бүхэл махан зоогийг зум, их бүхэл, бага бүхэл хэмээн гурав хувааж болно. Орчин үед монголчуудын хамгийн их хэрэглэдэг махан зоог нь бага буюу гэдэс, шийрээс бусад тураг махыг оруулан зассан зоогийг хэлдэг байна.

Дайллагын ширээнд махыг тавихдаа уламжлан ирсэн ёс заншлын дагуу тавина.

Бүхэл мах тавихад хонь амьд ахуйдаа ямар байснаар нь эрэмбэлж, урд хэсгийн дор нь хүзүү, сээр, хоёр хааг нь, хойд хэсгийн дор нь хоёр гуяны шаантыг урагш харуулан, мөчийг яг хэвтэж байгаа юм шиг байрлуулна. Ингээд дээрээс нь ууцаараа бүтээж, хамгийн дээр нь толгойг тавьдаг.

Махны эх талыг зочин тийш харуулж засна. Махны эх тал гэдэг нь малын хэвтээ ясны толгой тал руу чиглэсэн үзүүр, босоо ясны газар руу хандсан талыг хэлж байгаа юм. Зочин толгой талаас нь барьж, хажуулдан огтолж идэх ёстой.

Битүүний орой гэрийн эзэн есөн хөндлөнг /толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал/ хөндөж, галдаа өргөдөг. Дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүстээ тарааж өгнө.

Ууцыг зайхдаа зүүн гараа сүвэрдгэн талаас нь барьж, баруун гараараа уг талын талын намилхайг зүсэх ба баруун талд нь буулгаж тавина.

Ууцыг зөвхөн гэрийн эзэн буюу хүндэт зочин болох эрэгтэй хүн зайдаг уламжлалтай.


УУЦ ТАВИХ ЁС, ДАРААЛАЛ

Ууц махыг зөвхөн цагаан сараар ч бус ямар ч үед хүндэт зочныг дайлдаг хүндэтгэлийн зоог болно.

Ууц мах нь дотроо их ёсны ууц, бага ууц гэж ялгавартайгаар засагддаг.

Зочноо дайлахдаа дан ууц тавьдаггүй. Ерөөс ганц мах хүнд өгдөггүй. Иймээс ууцан дээр дөрвөн өндөр хавиргыг зүсч, өөд өөдөөс нь харуулан, намилхай дээр нь тавих ба ууцныхаа баруун дор дал, хүзүү тавьж болно/ нөгөө талд нь сээр, хонт шаант зэргийг дагуулан ёс ёсоор нь тавьдаг. Ингэж зассан ууцыг бага ууц хэмээн нэрийднэ.

Харин үүн дээр хамар, чихний дээд угийг шар тосоор чимсэн битүү толгойг нэг шийрийн хамтаар нэмж тавьсныг их ёсны ууц гэнэ. Толгой шийрийг хүнд өгөх ёсны дагуу тавих бөгөөд ууцныхаа зүүн гар талд нь толгойг, нөгөө талд нь шийрийг тавина. Ийнхүү тавьсан ууц бүтэн шүүсийг орлодог бөгөөд дээдлэн үзсэн онцгой хүндэтгэл бүхий зочиндоо зориулдаг. Дэд хүндэтгэлд өвчүү орох боловч тэр болгон хүнд тавьдаггүй. Хэрвээ хүндэтгэвэл зохих эмэгтэй хүн ирвэл өвчүүгээр дайлах ёстой. Өвчүүг дагуулж цорой гургалдай, бугалга, богтос зэргийг тавьдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41275
0 эможи
keyboard_arrow_up