ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдээ хэрхэн НОМ УНШИХ ДУРТАЙ болгох вэ?
"Монсудар” хэвлэлийн газрын Сурах, сургах хэрэглэгдэхүүний Дидо редакцийн арга зүйч Г.Ариунцэцэгтэй ярилцлаа. Бид энэ удаа түүнтэй дөнгөж уншиж сурч байгаа буюу 6-7 насныханд ном уншуулах арга, анхаарах зүйлс, хөвгүүд, охидын сонирхлын ялгаа, эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдааны талаар ярилцлаа.
-Дөнгөж уншиж сурч байгаа буюу 6-7 настай хүүхдийг номонд дуртай болгоход хэрхэн нөлөөлөх вэ?
-Дөнгөж уншиж сурч байхад нь буюу сонирхол ихтэй үед нь бид буруу ажилласнаас болж хүүхэд ном унших сонирхолгүй болчихдог. Энэ үед гол анхаарах зүйл нь хүүхдийн унших сонирхлыг бууруулахгүй, залхаан цээрлүүлэхгүй байх юм.
Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ажиллахдаа шаардлага тавьж, шалгалтын байдалтай харьцсанаас болж хүүхэд залхдаг. Тухайлбал “Наадахаа зөв унш”, “Томоотой суугаад унш” гэх мэт хүүхдийг барьж, боосон үгс хэрэглэснээс ном унших дургүй болдог.
Хүүхдийг маш их дэмжиж харьцах нь ном унших дуртай болоход сайнаар нөлөөлнө.
ХҮҮХДЭЭ ДЭМЖИХ АРГУУД:
- Уншиж сурч байхад нь маш жижигхэн амжилт байсан ч магт,
- Хүүхэд нэг үгийг уншиж чадахгүй бол аяархан шивнээд хэлчих,
- Эсвэл дохио, гар хөлийн хөдөлгөөн, дуу чимээгээр шипи өг,
- Хэт удаан уншиж, гацаж түгдэрч байсан ч дундуур нь бүү ор,
- Хүүхдээ бусад хүүхдүүдтэй бүү харьцуул. Хүүхэд бүр өөрийн цаг хугацаатай байдаг,
- Та уншиж сурахад туслах, сонирхолтой, харилцан уншиж болохуйц номууд ав,
- Тэднийгээ хүүхэдтэйгээ ээлжилж унш,
- Уншсан зүйлийг шалгаж асуулгүйгээр зүгээр л уншаад төрсөн сэтгэгдлээ хуваалцаарай.
-Хүүхдүүдийг бага байхад нь эцэг эхчүүд үлгэр уншиж өгдөг. Харин өөрөө уншиж сурсных нь дараа хамт уншихаа больчихдог. Энэ нь зөв үйлдэл үү?
-Энэ бол буруу үйлдэл. Хэдийгээр өөрөө уншиж сурсан ч энэ насанд эцэг эх нь хүүхдэдээ уншиж өгөх, хамтдаа ном унших нь чухал нөлөөтэй байдаг.
Тухайлбал, уншиж сурч байхад нь тохирсон зурагтай, энгийн, богино номнуудыг аваад хүүхэдтэйгээ өдөрт ганц нүүр өгүүллэг уншчих хэрэгтэй.
Яг энэ үед уншихад тохирсон номнууд байдаг. Жишээ нь, “Нисдэг гөлөг” ном байна. Энэ номны зарим үгнүүдийг зургаар оруулчихсан байгаа. Хүүхэдтэйгээ энэ номыг уншихдаа хүүхэд нь үгийг нь уншиж, ээж аав нь зургийг нь унших гэх мэтээр сөөлжилж болно.
Энэ ном дотор 4-5 өгүүллэг бий.
Хүүхэд номыг ганцхан удаа уншдаггүй. Сонирхолтой байвал маргааш нь ахиад өөрөөр уншъя гэдэг. Хэрэв ахиж унших гэж байгаа тохиолдолд аав, ээж нь үүргээ солиод үгийг нь уншуулж, хүүхдээрээ зургийг нь уншуулж болно.
Энэ төрлийн өөр олон ном бий.
-Хүүхэдтэйгээ ном унших “Тандем” гэдэг уншлагын төрөл байдаг тухай та ярьж байсан. Энэ талаараа мэдээлэл өгөөч?
-Энэ нь хүүхэдтэйгээ ном унших нэг арга хэлбэр юм. “Тандем” уншлагын үед номны текстийг эцэг эхчүүдийн унших хэсэг, хүүхдийн унших хэсэг гэж ялгасан байдаг.
Арай хүнд текстийг нь эцэг эхчүүд нь уншдаг бол, том үсэгтэй, давталт ихтэй, хялбар үгтэй текстийг хүүхдүүд нь уншдаг.
“Тандем” байдлаар хэвлэгдсэн номыг эцэг эхчүүд хамт сууж байгаад зэрэг уншихад зориулагдсан байдаг.
ТАНДЕМ НОМНЫ ЖИШЭЭ ЗУРАГ
-Хүүхдээ ном уншуулахад эцэг эхчүүдийн үлгэр дуурайлал их нөлөөлдөг бололтой?
-Тийм шүү. Хүүхдээ ном унш гэдэг хэрнээ өөрсдөө ердөө ном уншдаггүй эцэг эхчүүд их бий. Эцэг эх нь хоёулаа ном уншдаг айлын хүүхдүүд ном уншдаг болох магадлал 50 хувь, хэрэв нэг нь ном уншдаг бол хүүхдүүдийнх нь ном унших магадлал 25 хувь байдаг гэсэн судалгаа бий.
Эцэг эх нь хоёулаа ном уншдаггүй айлын хүүхдүүд тэгвэл яах вэ?...
Бид сүүлийн үед ядаж уншиж байгаа дүр үзүүлэх хэрэгтэй гэж эцэг эхчүүдэд зөвлөж байна. Гэрт ямар ч хүн ном уншдаггүй бол хүүхдэд ном унших дадал зуршил суухад хэцүү. Харин эцэг эх нь ном сайн уншдаг бол хүүхдүүд хэлүүлэхгүйгээр ном уншдаг болдог.
-Нэг өдөртөө дээд тал нь хэдэн цаг хамт ном уншихад хангалттай вэ?
-Бага насны хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа 15-20 минут байдаг. Энэ хугацаа өнгөрсний дараа хүүхдээ босгоод өөр зүйл хийлгэх, агаар амьсгалуулах зэргээр толгойг нь сэргээх хэрэгтэй.
Үүнээс илүү хугацаагаар хүчээр суулгах гэвэл хүүхдийн анхаарах чадвар буурна, залхаж эхэлнэ. Мөн хүүхэдтэйгээ хамт хичээл хийхдээ энэ цагийг баримталж чадвал харьцангуй удаан хугацаанд хичээлийг нь хийлгэх боломжтой.
-Бага насны хүүхдийн унших номын стандарт ямар байдаг вэ. Хүүхдэд хамгийн ээлтэй фонт, үсгийн хэмжээ, найруулга гэж бий юу?
-Уншиж сурч байгаа хүүхдэд зориулагдсан номны стандарт гэвэл Монголын нөхцөлд үсгийн загвар нь Arial Mon, хэмжээ нь 14, мөр хоорондын зай нь доод талдаа 1.5 байдаг.
Мөн дөнгөж уншиж сурч байгаа хүүхдийн ном заавал зурагтай байх ёстой. Бүр уншаад сурчихсан үедээ буюу III ангиас дээшээ бол ямар ч зураггүй ном уншиж болно.
Дээрээс нь дөнгөж уншиж сурч байгаа хүүхдийн номны агуулгад 2-4 дүр л байх хэрэгтэй. Түүнээс олон дүр байвал тохиромжгүй.
Өгүүлэмж нь цаг хугацааны хувьд нэг шугаманд буюу одоо болж байгаа үйл явдал байх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо цагаас гэнэт өнгөрсөн рүү ухрах зэрэг өгүүлэмжтэй номнууд 6-7 настай хүүхдүүдэд арай ахаддаг.
НОМЫН ҮЙЛ ЯВДАЛ, ӨГҮҮЛЭМЖИЙН ШАЛГУУР
- Өгүүлэмж нь цаг хугацааны урагшлах нэг шугамд үргэлжлэх,
- Дүрүүдийн тоо: 2-4
- Одоо цаг
- унших чадвар → эхийн урт
- Түүхийн үйл явдал хүүхдийн амьдралын орчинд өрнөх,
- Богино, сонирхолтой бичвэр
- Зохиолын дүрд орох боломж
-Эцэг эхчүүд ихэнхдээ хүүхдэдээ дэлгүүрээс ном авчраад өгчихдөг. Хүүхдээр өөрөөр нь ном сонгуулах шаардлагатай юу?
-Томчууд өөрсдөө худалдаж авсан номоо хүүхдэд унш гэж тулгах нь маш буруу.
Номын дэлгүүрүүдийн хүүхдийн тасгаар судлаад явж байхад ийм тохиолдол их байна. Эцэг эхчүүдийн хүүхдэдээ сонгосон ном, хүүхдийн өөрөө сонирхсон ном тэс өөр байдаг.
Жишээ нь уншиж сурч байгаа хүүхдэд эцэг эхчүүд нь хөгжилтэй талаас нь “Цүнхтэй инээд”, эсвэл “Монгол ардын үлгэр” гэх мэт ном сонгож байна.
Тэгвэл хүүхдүүд нь орж ирээд Диснейн гүнж, эсвэл “Mqueen” машин, “Аватар” зэрэг алдартай киноны дүрүүдтэй ном, эсвэл танин мэдэхүйн сэдэвтэй номнуудыг сонгодог.
Манайхан хүүхдийг хөнгөн зүйл унших ёстой үед нь хэтэрхий хүнд сэдвээр уншуулах гэж зүтгэснээс болж шантруулах гээд байдаг. Дөнгөж уншиж сурч байгаа хүүхдүүд заавал эх орны тухай юм уу, эсвэл сургамжтай зүйл унших албагүй. Харин сонирхолтой зүйлээ л унших хэрэгтэй.
Ихэнх тохиолдолд Монгол эцэг эхчүүдийн ном сонголт хүүхдүүдийнхээ сонирхлыг татаж чадахгүй байна.
-Хөвгүүд, охидын сонирхол өөр байдаг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Тийм ээ. Ялангуяа хөвгүүд өөр зүйл сонирхдог. Охидууд хөвгүүдийг бодвол ямар ч сэдвийн ном бариад уншчихдаг. Харин хөвгүүд сонирхдог сэдвийн номоо л уншина.
Тиймээс хөвгүүд дээр сонголтыг заавал өөрсдөөр нь хийлгэх хэрэгтэй. Дээрээс нь манай сургуулиудын сурах бичигт жендерийн асуудал гарчихсан. Уншиж байгаа ном, зохиол нь хөвгүүдийг ерөөсөө дэмжихгүй байгаа.
Тухайлбал ЕБС-ийн багш нарын ихэнх нь эмэгтэй байдаг болохоор хүйсийнхээ мэдрэмжээр уншуулах эхээ сонгодог.
Уншиж сурч байгаа хүүхдүүдийн номонд орсон эх сонголтыг харахад тэр чигээрээ эмэгтэй хүний мэдрэмжээр сонгосон эхүүд бий. Хөвгүүдийн сонирхлыг татсан сэдэв бараг л байдаггүй.
ХӨВГҮҮДЭД ХЭРХЭН НОМ СОНГОХ ВЭ?
- Номыг өөрөөр нь сонгуулах,
- Танин мэдэхүйн шинжлэх ухааны номуудыг (хүүхдийн зурагт тайлбар толь гэх мэт) санал болгох,
- Хувийн сонирхолд нь тааруулах,
- Ном нь кинотой бол сонирхол татах нэг үндэслэл болно,
- Хөвгүүдийн шинэ хандлага, сонирхлыг харгалзах,
- Гоё зураг, хавтастай байх
-Сайн уншиж сурах нь хичээлдээ сайн болоход нөлөөлдөг үү?
-Японы эрдэмтэд энэ талаар судалгаа хийсэн байдаг. Тэд аль нэг хичээлдээ тааруухан сурлагатай хүүхдүүдийг нэг бүлэг болгоод туршилт хийжээ.
Хүүхдүүд ямар хичээлдээ муу байхаас үл шалтгаалж байнга сонирхолтой зүйлс уншуулж, тэр талаар нь ярилцаж байсан. Хоёр сарын дараа туршилтад орсон хүүхдүүдийн сурлага эрс сайжирч, зургаан сарын дараа жирийн хүүхдүүдийн түвшинд очжээ.
Тэгэхээр хичээлдээ сайн байх эсэх нь ч унших ойлгож, сонсож ойлгох чадвараас чухал хамааралтай байдаг юм байна.
"ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭДЭЭ НОМ УНШУУЛЧИХААД ШАЛГАХ АСУУЛТУУД ТАВЬДАГ НЬ БУРУУ"
-Хүүхэд ном уншсаны дараа уншсан зүйлийнх нь талаар ярилцахдаа юуг анхаарах ёстой вэ?
-Энэ тал дээр алдаа гаргадаг хүмүүс олон бий. Сургуулийн орчинд багш нарын 70-80 хувь хүүхдийг эх уншсаны дараа шууд шалгалтын шинжтэй асуулт асуудаг.
Тухайлбал “Тэр яасан бэ”, “Тэр хаашаа явсан бэ”, “Тэр яагаад ингэсэн бэ” гэх мэт. Энэ нь хүүхдийн унших, ойлгох чадварыг дэмждэг дасгал биш. Зүгээр л шалгах дасгал.
Эцэг эх нь бас хүүхдэдээ юм уншуулчихаад шалгах асуултууд тавьдаг. Та уншсан номныхоо талаар хүнд яаж ярьвал гоё вэ гэдгээ нэг бодоод үзээрэй. Шалгасан асуултад хариулахыг хүсэхгүй л байх. Харин үүний оронд номынхоо талаар төрсөн сэтгэгдэлээ, ухаарсан зүйлээ ярих нь гоё шүү дээ. Хүүхэдтэйгээ яг ингэж ажиллах ёстой.
-Нэг айлд ганцхан хүүхэд байхгүй. 2-3 бага насны хүүхэдтэй айлууд хүүхдээ хэрхэн уншуулах вэ?
-Хүүхдэд ойролцоо насны ах, эгчийн нөлөөлөл маш их байдаг. Хэрэв ах, эгч нь цуг уншиж байвал аав, ээж нь уншсанаас илүү сайн. Хэрэв хүүхдэд чинь туслах ах, эгч байгаа бол дүүтэйгээ хамт уншаарай гээд ном авч өгөх хэрэгтэй.
-Дөнгөж уншиж сурч байгаа хүүхдүүд уншиж чадахгүй түгдрэх, гацах тохиолдол их бий. Тийн үед яах ёстой вэ?
-Эцэг эхчүүд ийм үед нь загнаж, тушааж огт болохгүй. Аль болох дэмжих хэрэгтэй.
Гацаж түгдэрч байгаа үед нь тайван харж, өөрөө унштал нь хүлээх хэрэгтэй. Нэг үеийг нь зөв хэлчихвэл “Ммхан” гэх зэргээр дэмжих, эсвэл сэмээрхэн хэлэх зэргээр шипи өгч болно.
-6-7 наснаас хойш юу болдог вэ. Тухайлбал 7-11, 12-15 насанд буюу уншиж сурсных нь дараа юуг анхаарах вэ?
-7-11 насандаа унших сонирхол харьцангуй ихтэй байгаа. Энэ үед нь сонирхолтой зүйлсийг нь уншуулаад л байх хэрэгтэй.
Дараа нь уншсан зүйлсийнх нь талаар яриулах, хамтдаа ярилцах боломжийг нь олговол сайн. Гадаадын хүүхдүүд энэ насандаа ангиараа өөр өөр ном уншиж, бие биедээ ярих дасгал их хийдэг.
12-15 насандаа харин өсвөр үе дээрээ очиж, хямралтай болдог. Энэ үе дээрээ унших сонирхол нь буурна. Уншдаг хүүхдүүд хүртэл энэ үед ном уншихаа больдог. Тиймээс сонирхлыг нь татах номыг нь авч өгөх хэрэгтэй. Хүчилж болохгүй.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
Эх сурвалж: ikon.mn
|