Дэлхийн том тайзан дээр үндэсний өв соёлоо сурталчилна
Мисс З.Номинзул аравдугаар сарын 27-ны 9:00 цагт Мексик улсыг зорилоо.
З.Номинзул Булган аймгийн Могод суманд төрсөн. Тэрээр дэлхийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн нэр хүндтэй тайз болох 73 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монголоос оролцож, 130 гаруй улсын гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөнө.
Малчны хотноос төрсөн мисс “Өв тээгч” охин. Өглөө босож үнээ, гүү сааж, цагаан идээ боловсруулж сурсан. Энэ удаа миссийн тэмцээнд эх орныхоо түүх соёл, нүүдэлчний амьдралаас олж авсан мэдлэг, малчин ардын уламжлалаа түшин оролцох нь. "Надад олдсон энэхүү боломжийг ашиглан дэлхийн хамгийн том тайзан дээр үндэсний өв соёлоо сурталчлан таниулахын төлөө бүхий л хүч чадлаа дайчлах болно" хэмээн сэтгэл өндөр байлаа.
Мексик улсын Мехико хотноо зохион байгуулах "Miss Universe 2024" тэмцээнд Монгол улсаас үндэсний оролцогч, Булган аймгийн Могод сумын харьяат Зандангийн Номинзулд Могод сумын ИТХ, ЗДТГ-аас хүндэтгэл илэрхийллээ.
Малчны хотноос төрсөн мисс З.Номинзул "Miss Universe Mongolia 2023" тэмцээнд өөрийгөө сорьж, хүмүүжил, хандлага, чин зүрх сэтгэл, хариуцлагаараа манлайлан тэргүүн титмийн эзэн болж байв. Аав, ээж нь Булган аймагт малчин. Аав, ээждээ мал маллахад нь 18 хүртлээ тусалж, хот хөдөөгийн хүүхдүүдийн ялгаа, хөгжих боломжийг илүү тэлэх хэрэгтэйг өөрийн бие, туршлагаар олж мэдэрсэн үзэсгэлэнт бүсгүй юм.
“Miss Universe 2024” тэмцээнийг Мексик улсаас МҮОНРТ албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулна.
Монголын цагаар урьдчилсан шалгаруулалтыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10:00-13:00 цагт, сүүлчийн (финалын) шалгаруулалтыг 11 дүгээр сарын 17-ны өдөр 09:00-12:00 цагаас үзэж болно.
Эх сурвалж: montsame.mn
|