З.Номинзул: Монгол орныхоо үүх түүхийг дэлхийд сурталчилсандаа туйлын таатай байна
“Miss Universe 2024” тэмцээний ялагчаар Дани улсын мисс тодорсон. Мексикийн Нэгдсэн Улсын нийслэл Меxико xотноо болсон тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж үндэсний ялагч З.Номинзул амжилттай оролцсон.
Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Дэлхийн хамгийн том миссийн тэмцээн болох Miss Universe тэмцээнд энэ жил эх орноо төлөөлөн 127 орны охид бүсгүйчүүдтэй Мексик улсын Мехико хотод 20 хоногийн турш гоо сайхан, зүрх сэтгэл, идэвх зүтгэл, оюун ухаан, хариуцлагатай байдал, харилцаа хандлага гээд бүхий л талаараа өрсөлдлөө. Тухайн улсыг төлөөлөн оролцож байгаа оролцогчоор нь тэр улсыг дүгнэдэг учраас бүх сэтгэл зүрх, хүч чадлаа дайчлан Монгол орныхоо үүх түүхийг дэлхийд сурталчилсандаа туйлын таатай байна. Миссийн тэмцээн бол зөвхөн хөөрхөн сайхан гадаад төрхөө дүгнэдэггүй сэтгэл зүрх, дотоод гоо сайхны тэмцээн юм.
Мексикт амьдардаг үзэж дэмжихээр ирсэн Монголчууд болоод тултал дэмжсэн бүх Монголчууддаа, Булган нутгийнхандаа маш их баярлалаа. Та бүхний минь дэмжлэг намайг хурцалж, хичээх ёстойг маань сануулж, өөртөө итгэхэд тусалсан юм шүү. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийг жинхэнэ утгаар нь мэдэрлээ. Энэ бол зөвхөн эхлэл цаашдаа өшөө олон боломж, хүч сорьсон сорилтуудтай тулгарахад бэлэн байна. Бүгдэд нь хайртай шүү" гэжээ.