Англи-Италийн шигшээ багуудын тоглолтын дараа Лондон хотын цагдаа 86 хүнийг баривчилжээ
Ням гарагт Уэмбли стадионд болж өнгөрсөн Евро 2020 тэмцээний шигшээ тоглолтын дараа 86 хүнийг баривчилснаа Лондон хотын цагдаагийн газар Даваа гарагт мэдээлжээ.
Энэ тоглолтод Английн шигшээ баг Италийн шигшээ багтай тоглож, торгуулийн цохилтоор хожигдсон юм.
Үндэсний шигшээ багаа хожигдсонд бухимдсан зарим хөгжөөн дэмжигчид ууж согтуурснаас нийгмийн дэг журмыг зөрчиж, танхайрсан байна.
Хөгжөөн дэмжигчид хоорондоо болон цагдаа нартай мөргөлдсөний улмаас Уэмбли стадион дотроос 53 хүнийг баривчилжээ. Энэ үеэр цагдаагийн 19 албан хаагч гэмтэж, бэртсэн байна.
Шигшээ тоглолтын хувь заяаг торгуулийн цохилтоор шийдэх үед Английн шигшээ багийн гурван тоглогч өрсөлдөгчийн хаалганд гоол оруулах боломжоо алдсан нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдэл гарахад хүргэсэн юм.
Гоолын боломжоо алдсан Рашфорд, Санчо, Сака нар нь африк гаралтай тоглогчид байв.
Тоглолтын дараа тэдний сошиал хуудсанд арьс өнгөний үзэл илэрхийлсэн, гутаан доромжилсон сэтгэгдлүүд олноор ирсэн байна. Лондон хотын цагдаагийн газар дээрх тоглогчид руу чиглэсэн сөрөг сэтгэгдлүүдийг мөрдөн шалгах болсноо өчигдөр мэдэгджээ.
Тоглогчдыг арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцэж байгаагаа Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Соутгэйт, ахлагч Харри Кэйн, Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Кэмбрижийн гүн, хунтайж Уилльям зэрэг хүмүүс илэрхийлээд байна.
Эх сурвалж: Reuters