ТОКИО 2020: Олимпоос АЛТАН МЕДАЛЬ хүртсэн тамирчин “Ээж ээ, хүү нь амлалтаа биелүүлсэн шүү“
Токио 2020 олимпод каратэгийн төрлөөр оролцож алтан медаль хүртсэн 31 настай тамирчин Киюүна Рёо. Тэрбээр өөд болсон ээждээ өгсөн амлалтаа биелүүлж ийн олимпын тавцан дээр зогсож буй.
Түүний ээж 2019 оны 3-р сард өөд болоход, тэрбээр "Ээж ээ, хайртай шүү" хэмээн хоолойгоо зангируулан хэлж байлаа.
Киюүна Рёо дунд ангиасаа каратэгаар хичээллэж эхэлсэн бөгөөд нэг ч өдөр амралгүй байнга сургуулилдаг байжээ. Харин тэр бүхний ард ээж нь бат зогсож, хүүгээ үргэлж дэмждэг байв.
Удалгүй түүний ээж хорт хавдартай гэдгээ мэдэж, эмчилгээ хийлгэж эхэлсэн юм. Киюүна Рёо 2014 оноос хойш дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлж, дэлхий дахинд хүч чадлаа гайхуулж байхад, хэдий хүнд өвчтэй байсан ч түүний ээж хүүгийнхээ ард бат зогссоор байв. Ээж нь хүүдээ "Олимп хүртэл хичээгээрэй" хэмээн захина.
Ийнхүү Киюүна Рёо шаргуу хичээллэсний үр дүнд Токио 2020 олимпод оролцож алтан медаль хүртэв. Тэрбээр шагнал гардуулах ёслол дээр өөд болсон ээжийнхээ хөргийг барьж зогсохдоо "Ээж ээ, хүү нь амлалтаа биелүүлсэн шүү. Та минь тайван нойрсдоо." хэмээн хэлсэн юм.
Эх сурвалж: yomiuri.co.jp
|