ТОКИО 2020: Паралимпын нээлтэд юу болов?
Цар тахлын улмаас бүтэн жилээр хойшилсон Токио паралимпын нээлт өчигдөр буюу наймдугаар сарын 24-ний өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Гэсэн ч цар тахлын дэгдэлт эрчээ авч буй Япон улсад паралимпын үеэр халдвар авах эрсдэлтэй маш олон тамирчид байгаа тул есдүгээр сарын 5-ны өдрийг дуустал амжилттай зохион байгуулагдаж чадах болов уу хэмээн хүмүүс сэтгэл зовниж байна.
Энэ удаагийн паралимп монголын цагаар өчигдөр оройны 19:00 цагт Токиогийн төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгчгүй зохион байгуулагджээ. Нээлтэд хөгжлийн бэрхшээлтэй нас насны иргэд өөрсдийн насны онцлогийг шингээсэн үзүүлбэр үзүүлсэн юм.
Түүний дараа паралимпод оролцож буй улс орны баг тамирчид япон хэлний цагаан толгойн дарааллаар гарч иржээ Уламжлал ёсоор зохион байгуулагч орон болох Япон улсын баг тамирчид хамгийн сүүлд гарч ирсэн.
Японы эзэн хаан Нарүхито нээлтийн ёслолд зориулан үг хэлэв.
Энэ удаагийн паралимпод Бутан, Гренада, Мальдив, Парагвай, Сэнт Винсэнт ба Гренадин гэсэн таван улс анх удаа оролцож буй. Ийнхүү нийт 162 орон болон дүрвэгсдийн баг тамирчид Токиогийн паралимпод өрсөлдөж байна.
Түүнчлэн, Афганистанаас хоёр тамирчин оролцох байсан ч улс орны дотоодын зөрчлөөс үүдэн нэрээ татсан тул Афганистаны далбааг паралимпын сайн дурын ажилтан барьж талбайд гарчээ.
Эх сурвалж: NYTIMES
|