Т.Сайфолла пауэрлифтингийн суултын төрлөөр анхны мөнгөн медалийг эх орондоо авчирлаа
Бүгд Найрамдах Исланд Улсын Рейкжанесбаер хотод Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-16-ны өдрүүдэд боллоо.
Тэмцээнд 120 кг жинд Монгол Улсыг төлөөлж оролцсон "Таван богдын бүргэдүүд" клубийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Т.Сайфолла суултын төрөлд 437.5 кг өргөж мөнгөн медалийн эзэн боллоо. Түүний энэ амжилт нь насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчдын хүртсэн анхны мөнгөн медаль болсноороо онцлогтой.
Харин тэмцээний хэвтээ шахалтын төрөлд 287.5 кг, газраас таталтын төрөлд 357.5 кг өргөж хүрэл медаль хүртэв. Тус хүрэл медаль нь таталтын төрлөөр насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын хүртсэн анхны хүрэл медаль болжээ.
Тамирчин Т.Сайфолла Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийлбэр дүнгээр 1082.5 кг өргөсөн бөгөөд энэ нь манай улсын тамирчдын хувьд насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан дээд амжилт юм.