Хоккейн шигшээ багийн ахлагч Н.Мишигсүрэнд гавьяат тамирчин цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шайбтай хоккейн шигшээ багийн ахлагч, ОУХМ Намжилын Мишигсүрэн МУГТ цол хүртээлээ.
Н.Мишигсүрэн сүүлийн 20 гаруй жил Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр"-ийн “Хангарьд” клубт хүчин зүтгэж, өнгөрсөн жилээс эхлэн лигийн тэмцээнд Дархан-Уул аймгийн "Дархан" багийг бүрдүүлэн оролцож лигийн аваргаар шалгарсан. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат тамирчин билээ.
Тэрбээр 2006 онд анх Монголын хоккейн шигшээ багт, 2012-2023 оныг хүртэл Монголын шигшээ багийн ахлагчаар тоглож, 2018 онд Филиппинд, 2019 онд Малайзад болсон “Challenge Cup” тэмцээнд түрүүлж, 2013, 2014, 2015, 2016 онд хүрэл медаль, өнгөрсөн жил ДАШТ-ий урьдчилсан шатны дивизонд түрүүлэхэд бүгдэд нь гар бие оролцож, оролцсон тоглолтын тоо, авсан оноогоороо Монгол Улсын хоккейн спортын бүх цаг үеийн рекорд амжилтыг эзэмшдэг тамирчин юм.