“Топ-6” тэмцээний 48 кг-ын жинд ОУХМ Г.Отгонцэцэг түрүүллээ
Монгол Улсын жүдо бөхийн холбооноос насанд хүрэгчдийн жин тус бүрийн шилдэг зургаан бөхчүүдийн “Топ-6” тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа. “UG Arena” спорт цогцолборт болсон энэ тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоо, нийт 14 жинд аваргаа тодруулах бөгөөд 19 байгууллагын 83 тамирчин өрсөлдлөө. Тэмцээний шагналын сан 100 сая төгрөг. Mамирчид тойргийн системээр барилдаж аваргуудаа тодруулах ба энэ тэмцээний үр дүнгээр тамирчдад дотоодын чансаа олгох юм.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Галбадрахын Отгонцэцэг зодоглож байна. Тэрбээр гуравдугаар тойрогт өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальтай Ж.Анударьд нэмэлт цагт ялагдал хүлээсэн ч сүүлийн тойрогт World Masters-ийн мөнгөн медальт ОУХМ Ганбаатарын Наранцэцэгийг цэвэр ялав.
Улмаар гурван бөх биенээ тойрч ялсан учир барилдааны чанараар Г.Отгонцэцэг түрүүлж, Г.Наранцэцэг мөнгө, Ж.Анударь хүрэл медаль хүртлээ. 48 кг-ын жинд Ж.Энхбулаг дөрөв, Н.Ундрахбаяр тав, Т.Отгонжаргал зургадугаар байр эзлэв.
ОУХМ Г.Отгонцэцэг 2020 оноос хойш тэмцээн уралдаанд оролцоогүй байсан юм.