Эверестэд амиа алдсан Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарт олон улсын хэмжээний мастер цол олголоо
Монголын уулын спортын түүхэнд шинэ хуудас бичсэн уулчин Ц.Өсөхжаргал, уулын спортын дэд мастер уулчин Л.Пүрэвсүрэн нарт Дэлхийн хамгийн өндөр оргил Эверест (8848 м д.т.д) оргилд Монголоос анх удаа шерпагүй бие даан авиралт хийсэнд Олон улсын хэмжээний мастер цол олгохоор болжээ.
Уг шийдвэрийг Монголын уулчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүд баталсан байна.
Сануулахад, 53 настай Цэдэндамбын Өсөхжаргал, 31 настай Лхагважавын Пүрэвсүрэн нар 2024 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 11:57 цагт Эверестийн оргилд хүрсэн. Уулчдын гар утсанд оргилын амжилтыг нотлох бичлэг, зураг үлдсэн байдаг. Харамсалтай нь тэд буухдаа амиа алдсан билээ.
Улмаар Ц.Өсөхжаргалын цогцсыг тавдугаар сарын 25-ны өдөр уулнаас буулгасан. Харин 8300 метрийн өндөрт хадан хавцал дундаас олдсон Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг уулнаас буулгах хоёр удаагийн оролдлого амжилтгүй болсон учир Эверестийн оргилд үлдээсэн юм.