Монголын мөсөн авиралтын тамирчид дэлхийн цомд оролцоно
Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээн энэ сарын 10-нд БНСУ-ын Чонсон хотод эхэлнэ.
Тус тэмцээнд манай улсаас найман тамирчин оролцохоор өчигдөр БНСУ-ыг зорив. 2025 оны анхдугаар цомын тэмцээний хурдны төрөлд Ч.Мандахбаяр, Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ, Ж.Амина, Б.Мөнхбаатар, А.Зоригтбаатар нар өрсөлдөнө. Харин хурд, техникийн төрөлд О.Сайханжаргал, Б.Баярмаа нар оролцохоор бэлтгэл сургуулилтаа “Найрамдал” дахь мөсөнд авиралтын хананд 16 хоногийн турш базаажээ.
Гурав хоног үргэлжлэх тэмцээний дараа тэд энэ сарын 15, 16-нд Улаанбаатарт болох насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөнө. Улмаар энэ сарын 23-25-нд Швейцарын Саас-Фийд, дараа нь Францын Шампайн эн Вануэз, АНУ-ын Лонгмонт, Канадын Эдмонтон хотод болох цуврал тэмцээнд оролцох ажээ.
Олон улсын уулчдын холбооноос мөсөнд авиралтын дэлхийн цомын цуврал тэмцээнийг 2000 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд тус холбоонд гишүүнчлэлтэй 25 орны 150 гаруй тамирчин хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм.