“Хүү минь найман жилийн дараа Леброн Жеймс шиг дээд лигт хамт тоглоё гэдэг”
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Спорт” буландаа “Сэлэнгэ Бодонс” багийн ахлагч Боргилын Батзолбоог урьж, ярилцлаа.
-Сагсан бөмбөгийн үндэсний дээд лиг амжилттай үргэлжилж байна. Тоглолтууд хэрхэн өрнөж байна вэ?
-Энэ жилийн дээд лиг 10 багтай, ширүүхэн өрсөлдөөнтэй, ордон дүүрэн үзэгчтэй сайхан үргэлжилж байна. Манай “Сэлэнгэ Бодонс” хоёр дахь жилдээ лигт хүчин зүтгэж байгаа залуу баг. Хэдийгээр багийн нэр шинэ ч туршлага, ур чадвар өндөртэй тамирчдаас бүрдсэн байгаа. Одоогоор хүснэгтийн хоёрдугаарт жагссан байна.
-NBA-ийн шилдэг тоглогч DeMarcus Cousins “Сэлэнгэ Бодонс” багт нэгдсэн гайхалтай мэдээг зарлалаа. Та энэ мэдээг яаж хүлээж авсан бэ?
-Энэ мэдээ манай багаар зогсохгүй Монголын сагсан бөмбөг сонирхогч хүүхэд, залуусыг баярлуулсан. Цаашлаад манай улсын дээд лигт сайхан үйл явдал тохиож байна. Олимп, дэлхийн аварга, дөрвөн удаагийн бүх одод тоглогчтой нэг талбайд хамтарч тоглох нь нэр төрийн хэрэг. Багийн ахлагчийн хувьд баяртай хүлээж авсан.
-Та энэ багийг анх байгуулагдсан үеэс нь ахлагчаар ажиллаж байна. Багийн ахлагчийн үүрэг, хариуцлага ямар байдаг вэ?
-Мэдээж хариуцлага өндөртэй. Баг нэгдмэл, нэгэн зорилготой байснаар амжилт гардаг. Үүний тулд бид хамтдаа хичээж байна. Гэвч хүний амьдралд янз бүрийн зүйл тохиолдоно. Түүнийг нь ойлгож, дэмжиж, хэрэгтэй үед нь зааж зөвлөж явахыг хичээдэг. Одоо багийн уур амьсгал сайхан, эрч хүч дүүрэн байгаа. Би хэдий багийн ахлагч ч бусдыгаа хүндэлнэ. Нэгнийгээ үл хүндэтгэвэл багийн ойлголцол үгүй болно. Тухайлбал, нэг гишүүнтэй ойлголцож чадахгүй бол амжилт, хичээл зүтгэл талаар болно. Тиймээс спортыг хүндлэлгүйгээр төсөөлөх боломжгүй. “Сэлэнгэ Бодонс” миний тав дахь баг. Анх надад санал тавихдаа “Манайх 10 жилдээ ганхахгүй тогтвор суурьшилтай баг болно” гэж хэлсэн нь их таалагдаж, гэрээ байгуулж байлаа.
-Лигт ялгарах танай багийн давуу тал. Мөн хувь тоглогч Б.Батзолбоогийн онцлог юу вэ?
-Манай багийн давуу тал хамгаалалт. Дасгалжуулагч Пежагийн хувьд энэ чиглэлээр мэргэшсэн хүн. Багуудад тавьсан хамгаалалтын систем, тактик нь таалагдаж, сайн гар нийлж байгаа. Түүний хувьд хоёр дахь жилдээ Монголд ажиллаж байгаа болохоор лигийн тоглогчдыг сайн мэддэг. Би 11 дэх жилдээ лигт тоглож байна. Миний хувьд туршлага, хамгаалалтаас гадна самбараас бөмбөг илүү авдаг нь давуу тал болов уу.
-2014 онд залуучуудын шигшээд дуудагдсан. Энэ үетэй харьцуулбал одоо их зүйл өөрчлөгдсөн болов уу?
-2013 оны “Спрайт супер лиг”-т “Монторх” багаараа түрүүлж, би финалын “Үнэ цэнтэй тоглогч” болж байлаа. Ингээд багаараа үндэсний дээд лигт тоглох эрх авсан юм. Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд, залуусын мөрөөдөл болсон дээд лигт багаараа орсон нь үнэхээр сайхан байсан. Тухайн үед лиг маань найман багтай байлаа. Анхны лигийн тэр олон хожигдлын дараа улам хичээж, заавал энэ багуудыг ялдаг болно гэж бодож билээ.
-Таныг аав тань сагсан бөмбөгт хөтөлж оруулсан гэж сонссон?
-Одоогоос 21 жилийн өмнө дөрөвдүгээр ангийн сурагч байлаа. Аав минь намайг хөтөлж н.Ганбат багшид шавь оруулсан. 2008 онд аав минь бурхан болж, аавынхаа мөрөөдлийг гүйцээх ёстойгоо ойлгосон юм. Аав минь намайг сайн тамирчин болоорой гэж амьдралыг минь спорттой холбосон. Тиймээс би аавынхаа үргэлжлэл гэж бодон бүхнийг туулаад ард нь гардаг. Хааяа хүнд бэлтгэлийн дараа шантрах бодол төрөх ч аав минь түлхэх хүч болсоор өдийг хүрчээ. Одоо тэнгэрээс хүүгээ хараад бахархаж байгаа болов уу гэж боддог.
-Спортоор хичээллэхийн хажуугаар чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг байв?
-Хөдөөгийн хүүхдүүдийн адил бөхөд сонирхолтой, волейбол тоглох дуртай. Одоо “Хасу Мегастарс” багийг дэмждэг. Мөн дугуйн спортоор хичээллэж, Сүхбаатар аймагтаа уралдаж, амжилт гаргаж явлаа. Шатар ч тоглодог. Энэ дундаас сагсан бөмбөгөөр тууштай явсан минь аавтай минь холбоотой. Амьдралынхаа чин зорилго гэж тавьсан учраас өнөөдөр энэ зэрэгт хүрсэн байна. Бага байхад Үндэсний телевизээр дээд лигийг хэдхэн секунд гардаг байлаа. Тэгэхэд нь “Би энэ дээд лигт тоглоно” гэхэд найз минь “Юу ярина вэ, том мөрөөдөх хэрэгтэй. Чи олимп, дэлхийд тоглоно” гэж байсан юм. Одоо тэр найз минь АНУ-д амьдардаг. Дуртай зүйлийнхээ төлөө тууштай хөдөлмөрлөж зорьсондоо хүрсэндээ баярладаг.
-Үг шидтэй. Том мөрөөдлөө биелүүлж багийн спортоор Ази, дэлхийн аварга болсон байна. 3х3-т тоглож эхэлсэн үеэ дурсвал?
-2014 онд Тулга багшийн удирдлага дор залуучуудын шигшээ баг Тайвань улс руу оюутны наадамд явсан юм. Анх удаа Монгол Улсын өмсгөлтэй, олон улсын тэмцээнд орж, хүүхэд насны мөрөөдөл биелээд зогсох мэдрэмж үнэхээр гоё байсан. Бэлтгэл дээр гайгүй байсан ч анхны тоглолт дээрээ их сандарч билээ. Буянт-Ухаагаас өөр зааланд орж үзээгүй байсан надад тэр том заал, өрсөлдөгч баг нь Хятадын шигшээ гэхээр цочрол өгсөн. Харин хоёр дахь тоглолтоос хэмнэлдээ орсон. Дараа нь Солонгос улсад дэлхийн аваргад оролцоод туршлага хуримтлуулж, дурсамж бүтээгээд ирж билээ. Тэр багаас дөрвийг нь сонгож 3х3 баг бүрдүүлсэн ч би багтаагүй. Гэтэл нэг нь оролцох боломжгүй болж Тулга багш намайг дуудсан юм. Хувь заяагаар холбогдсон гэхэд болно. Тухайн үед зардал мөнгө хомс, анхны тэмцээндээ дөрвөн өдөр газраар явж очсон. Олон улсын тэр тэмцээнээс хоёрдугаар байр эзлээд оюутны дэлхийн аваргад оролцох эрхээ авч билээ. Бүх юм эндээс эхлэлтэй.
-3х3 болон 5х5 хэр ялгаатай вэ. Зэрэгцүүлэхээр ачаалал их үү?
-Тоглолтын цикл, хуваарь нь зөрдөг учраас хослуулаад явахад асуудалгүй. Бүтэн жил бэлтгэлтэй байхаар тамирчинд бага зэрэг ачаалал өгдөг. 3х3-ын хувьд амралтгүй, байнгын эрч хүчтэй талбайд тоглодог болохоор 5х5-аас бага зэрэг хэцүү. Миний хувьд олон улсад гэлтгүй одоогийн багтаа ч нуруу намтайд орно. Үүнийгээ биеийн хүчээр эсвэл шидэлтээрээ нөхдөг учраас илүү хөдөлмөрлөх шаардлагатай болдог.
-Таныг дайчин тоглолттой, гурваас зоригтой, оновчтой шиддэг гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Багш маань намайг зоригтой, зүрхтэй, дайчин гэдэг. Би ур чадвар өндөртэй тоглогч биш ч дайчин хамгаалалтаараа гарч ирсэн болов уу. Нуруу намтай учраас сайн шидэх хэрэгтэй. Энэ хугацаанд олон “базер шот” хийсэн гэхээр зоригтой байх.
-Энэ хугацаанд лиг, шигшээ багт удаан тоглосон болохоор гар нийлдэг хамтрагч олонтой болов уу?
-Тийм ээ. Э.Дөлгөөн, О.Энхбаатар, А.Ананд, Д.Гансүх гээд байна. Хэдийгээр бид өөр багт тоглож байгаа ч бүгд Монголын урдаа барьдаг шилдэг тамирчид болжээ.
-Э.Дөлгөөн та хоёрын нөхөрлөл эртнийх бололтой?
-Би 2010 онд Улаанбаатарт оюутан болж ирлээ. Гэтэл тохиолдлоор бид хоёр ШУТИС-д нэг ангид орсон юм. Манай сургууль олон хүүхэдтэй болохоор ангийнхныгаа олоход хэцүү. Сургуулийн аварга болох гээд ангийн шигшээ гаргахаар заал авч байхдаа танилцсан юм. Тэр үед хотын хүүхдүүд өөртөө итгэлтэй санагдаж билээ. Тэгж танилцсаны дараа Э.Дөлгөөн маань Отгонтэнгэр их сургууль руу шилжсэн ч залуучуудын шигшээд хамт дуудагдаж түүнээс хойш нөхөрлөж байна.
-Тэмцээн бүр дурсамж, туршлага болж үлддэг байх. Сэтгэлээс тань гардаггүй тоглолтоосоо хуваалцвал?
-2017 оны дэлхийн аваргын нугалаан дээр Ираны багтай таарч, онооны харьцаа дээр доороо ороод гал гарсан тоглолт болсон. Цаг дуусахад хэдхэн секунд дутуу байхад айлын алдсан бөмбөгийг самбараас авахдаа хөлдөө ойлгоод гаргачихсан юм. Хэрэв залаад гарсан бол манайх хожих байтал айлд довтлох боломж үлдээсэн. Азаар айлын бөмбөг хүзүүдэж гараад бид тэр эрчээрээ дэлхийн аварга боллоо. Тэр хэдхэн секунд үнэхээр аймшигтай байж билээ. 2016 онд мөнгөн медаль авсан ч дараа жил нь дэлхийн аварга болж Төрийн далбаагаа хараад зогсож байхдаа зөв замаар явжээ гэж бодож билээ.
-Энэ хугацаанд бэлтгэл, сэтгэл зүй нь жигдрээд амжилт хөвөрсөн үе нь хэзээ вэ?
-2015-2019 оныг хэлнэ. 3х3 ид хүчээ авсан тэр үе байна. Орсон тэмцээн болгоноосоо медаль авч байлаа. Гэхдээ тоглолтыг тааварлах хэцүү. Тоглох багтаа тохирсон зөв тактик боловсруулах нь чухал. Ээж, эхнэр хоёр ар талыг минь бат даадаг болохоор гэр бүлдээ санаа зовохгүй бэлтгэлээ хийдэг. Миний том хүү 10 настай, сагсан бөмбөгт их дуртай. Ааваа хоёулаа найман жилийн дараа Леброн Жеймс шиг дээд лигт хамт тоглоё гэдэг. Манай хүү Кадр, “Apes”-ийн Ганбаа хоёрт их сайн.
-Хэрэв таны төрсөн нутгаас “Сэлэнгэ Бодонс”-той дүйцэхүйц баг гарч ирвэл энэ багтайгаа гэрээгээ сунгах уу. Эсвэл алтан нутгийн багаа сонгох уу?
-Төрсөн нутаг ус гэдэг сайхан. Гэвч энэ бол спорт. Тиймээс зах зээлийн зарчмаа дагана. Багийн спорт нь эв нэгдэл, тэсвэр тэвчээрийг сургадаг. Иймд спортоор хичээллэж эрүүл байхаас гадна бие биеэ хайрлаж сураарай гэж хэлье.
Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин