Токио хотноо монгол үндэсний бүжгийн “ГОВИЙН ЦЭЦЭГ” тоглолт анх удаа боллоо Токио хотноо монгол үндэсний бүжгийн “ГОВИЙН ЦЭЦЭГ” тоглолт анх удаа боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Токио хотноо монгол үндэсний бүжгийн “ГОВИЙН ЦЭЦЭГ” тоглолт анх удаа боллоо

2023 оны 1 сарын 31

Arslan.mn

Энэ сарын 20-ний өдөр Япон улсын нийслэл Токио хотын төвийн “Санни Холл” танхимд тус улсад ажиллаж амьдардаг бүжигчин Гүнгээдашийн Бурмаагийн бие даасан анхны тайлан тоглолт боллоо. Цас хаялсан өвлийн жавартай өдрийн энэ тоглолтонд зочин, зөвлөх найруулагчаар Монгол улсын Төрийн соёрхолт, МУГЖ, Маэстро Д.Сосорбарам, ерөнхий найруулагчаар МУГЖ, бүжиг дэглээч, профессор багш Д.Энхгэрэл нар ажиллаж, “Түмэн эх” чуулгын бүжиг дэглээч Т.Содгэрэл, “Улаанбаатар” театрын бүжгийн багш, бүжиг дэглээч Д.Баярт болон гоцлол бүжигчин Б.Норовбанзад, Э.Мөнх-Алдар зэрэг Монголын бүжгийн урлагийн сор болсон уран бүтээлчид оролцлоо.

Энэ өдөр бүжигчин Г.Бурмаа бие даасан тайлан тоглолтоороо япон, монгол үзэгчдийг баясган, нэгэн оройг монгол бүжгийн эрчимт гайхамшигаар цалгиав. Тоглолтын нэг онцлог нь Г.Бурмаагийн төрсөн ээж СТА Р.Хандсүрэн, түүний ихэр дүү СТА Т.Шануу нар хүрэлцэн ирж, ардын дуугаараа ая барьж, товшуураар магтаал хайлж, үзэгч олныг баясгасан явдал байв. Эл хоёр буурай нь соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн ардын билиг авьяастнууд агаад нутаг орондоо урлаг соёлын олон арга хэмжээнд уригдан оролцдог ажээ. Мөн Г.Бурмаагийн авга дүү, УДБТ-ын балетын гоцлол бүжигчин М.Нандинцэцэг тоглолтонд оролцсоноор гурван үеийн төлөөлөл тайзан дээр тоглов.

Бүжигчин Г.Бурмаа Дундговь аймгийн Баянжаргалан суманд төржээ. Тэрбээр өсвөр насандаа СТА Ч.Шинэбаяр багшийн шавь болж, “Цэцгийн дэлбээ” хамтлагт бүжиглэн, чулуун хөгжим тоглож, ардын дуу дуулж, олон уралдаан тэмцээнд оролцдог байсан агаад хожим СУИС-ийн бүжгийн ангид сурч байгаад “Түмэн эх” чуулгын бүжигчнээр уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Тиймээс ч тоглолтондоо Ч.Шинэбаяр багшийнхаа ая зохиосон, ихэр хоёр ижий нь үгийг нь бичсэн төрсөн нутгынхаа их тахилгат шүтээн хайрхан Цагаан уулынхаа “Ембүү гэгээн шүтээн” магтаалыг анх урлагт хөтлөн оруулсан Ч.Шинэбаяр багшийнхаа товшуур хөгжимтэй, ихэр хоёр ижийн хамт гурвуул хайлсан юм.

Говь нутгаас төрсөн бяцхан охин өсөж өндийн, олон улсын тайзнаа бүжиглэн явсаар, арлын оронд суурьшжээ. Тиймээс тоглолтын тайзнаа түүний туулсан замнал, дотоод сэтгэлийн хүүрнэл нь уран яруу бүжгийн хэмнэлээр бүтэн дуурссан юм. Тоглолтын тайзнаа морин хуурч А.Бат-эрдэнэ, Б.Болд-Эрдэнэ, А.Долгион нар хуурдан аялгуулж эхлэхэд үзэгчдийн танхимын эхний эгнээнээс ихэр хоёр ижий нь дараалан босч, “Алтан говийн унага” монгол ардын уртын дуугаар ая барин, үзэгчийн сэтгэлийг дотор гүнээс нь огшоов.

Дараа нь Г.Бурмаа зах хязгаар нь үл мэдэгдэх элсэн манхант говийн эрх дураар бүжигчин гэдгээ илтгэх мэт намирсан гоёмсог шаргал дээлтэй гарч ирэн, СТА, бүжиг дэглээч Б.Норовбанзадын “Эх нутаг” болон СТА, бүжиг дэглээч Т.Содгэрэлийн “Говь өөрөө” бүжгээ бүжиглэв. Түүний уян налархай хөдөлгөөн нь тэр чигтээ сэтгэлдээ тээж явдаг эх нутгийнх нь торгон салхи байлаа.

Тэрчлэн, үзэгчдийн сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөсөн нэг үзүүлбэр гэвэл СТА, бүжиг дэглээч Д.Баярт “Би монгол хүн” бүжгээ гэрийн хана барин бүжиглэсэн явдал байв. Тэр нь ялангуяа Японд аж төрдөг монголчуудыг омогшуулж байлаа.

Түүний дараа Г.Бурмаа япон үндэсний икэбана цэцгийн урлагийг өөрийн бүжигтэйгээ хослуулан, тайзан дээрх ханыг цэцэгсээр чимж, аялгуут хэмнэлтэйгээр үзүүлэв. Учир нь гэвэл тэр Японд ирээд үндэсний уламжлалт цэцэг амилуулах урлаг буюу “Икэбана”-г сурч, бүр багш нь болсон аж. Дараа нь үзэгчдийн дундаас Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам “Үлэмжийн чанар” дуугаа дуулсаар гэнэтхэн тайзан дээр гарч ирэхэд бүжигчид нь Дарь- Эхийн бүжгээ бүжиглэн, нэгэн өвөрмөц тансаг байдлыг бий болгов. Харин тоглолтын хамгийн дээд оргил нь СТА, бүжиг дэглээч Э.Мөнх-Алдарын “Хайрын дээд” бүжигт бүжигчин Г.Бурмаа эхэлж бүжиглэн, дараа нь балетын гоцлол бүжигчин М.Нандинцэцэг Г.Бурмаагийн залуу насны хайр дурлал, ханьтайгаа учирсан хувь тавиланг өгүүлэх хайрын түүхийг бүжигчин Э.Мөнх-Алдартай хослон балетын уран хөдөлгөөнөөр бүжиглэн илэрхийлэхэд танхим тэр аяараа хайрын аялгуу хэмнэлд уусаж, түүнд нь үзэгчид бүхлээрээ автах мэт нүдэндээ нулимс цийлэгнүүлэн уярцгаав.

Төгсгөлд нь тус тоглолтыг хамтран зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Токүшима дахь Монгол улсын өргөмжит консул Каваучи Широ, “Heart saving project” Төрийн бус байгууллага болон хань, хоёр хүүдээ бүжигчин бүсгүй талархлын үгээ хэлж, тоглолтыг жаргаав. Тус тоглолтонд эрхэм хүндтэй зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирснээс Япон үндэсний цэцэг амилуулах урлаг буюу Икэбанагийн холбооны Рюүсэ урсгалын алдарт эрдэмтэн, доктор Ооцүбо Косен, Ватанабэ Унсэн болон Япон үндэсний бүжгийн Фүжима дэг жаягийн өв залгамжлагч эрдэмтэн, бүжиг судлаач профессор багш Фүжима Эцүко нар ирж, баяр хүргэн, амжилт хүссэн юм. Энэхүү тоглолтонд мөн Япон улсад уран бүтээлээ туурвин, монгол ардын өв соёлыг танилцуулж яваа мэргэжлийн монгол, япон уран бүтээлчдийн “Моко” хамтлаг болон уртын дуу дуулаач Н.Ариунцэцэг нар оролцож хөг ая, хүч түрлэг нэмсэн юм. Бүжигчдийн багт Японд сурч, аж төрж байгаа мэргэжлийн бүжигчид болох Ц.Нарангэрэл, Ч.Халиун, Б.Эрдэнэбаяр, Б.Эрдэнэсайхан нар оролцон, хамтдаа бүжиглэв.

Өөр нэг онцлог нь тоглолтын дундуур ямар нэг тайлбар орсонгүй. Ердөө л шаргал элсэн манхант тэнүүн их говийг туулан өнгөрч буй тэмээн жингийн торгон цуваа хөврөх мэт завсаргүй үргэлжлэв. Тиймээс ч бүжигчин Г.Бурмаа энэхүү тоглолтоо “Говийн цэцэг” хэмээн нэрлэжээ.

Басхүү тус тоглолтын бүжгийн үзүүлбэр болгон нь Г.Бурмаагийн туулж яваа амьдралыг хүүрнэх мэт гүн өгүүлэмжтэй, утга авцалдаатай, нэгээс нөгөөд уусан шингэх мэт тэр аяараа далд илэрхийлэл, дэглэл зохиомжтой, үзэгчдийн сэтгэлийг булгиулсан, донсолгосон, уяраасан, хөгжөөн хөөргөсөн хэмнэлээр дүүрэн байв.

Энэ тоглолт нь дан бүжгийн бүтэн тоглолт гэдгээрээ бас онцлог байлаа. Урьд нь бол морин хуур, дуу хөгжим зонхилсон, бүжиг гэхэд ганц хоёрхон үзүүлбэртэй тоглолтууд зохиогддог байв.

Бүжигчин Г.Бурмаа нь Япон улсад хориод жил аж төрж байгаа бөгөөд Монгол-Японы урлаг соёлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог нэгэн юм. Тиймээс түүнийг Монголын уран бүтээлчид маш ихээр үнэлж дэмждэг. Тиймээс л энэ тайлан тоглолт нь ганц түүний бүжгийн тоглолт биш, хүн хоорондын гүн гүнзгий, халуун элгэмсэг сайхан харилцааг бүтээсэн олон сайхан хүмүүсийн хамтын тоглолт, халуун сэтгэлийн тайлан боллоо. Тийнхүү бүжигчин Г.Бурмаа бие даасан тайлан тоглолтоороо уран бүтээлийн цоо шинэ алхам хийж, өөртөө цоо шинэ зам мөр эхлүүлж чадлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644379
1 эможи

keyboard_arrow_up