“Фантастик“ продакшн киногоо судалгаатай хиймээр байна аа!
Саяхан гурван жүжигчин эмэгтэй доод курсийнхээ дүү нарыг дээрэлхдэг гэх яриа цахим орчинд тархаж, тэрэн дээр өөрийн байр сууриа илэрхийлээд байсан найруулагч Б.Тамирын найруулсан "Зура 3: Цэвэрлэгээ" УСК кино театруудаар гарч байгаа билээ.
Фантастикын хийсэн кинонууд ер нь л хандалт сайтай, олны анхаарлыг татаж кино театраас буун буутлаа кино театрын танхимуудыг дүүргэдэг. Тэдний хийсэн киног хүүхэд, хөгшидгүй сайн үзэж байгаа ч яг хэрэгтэй зүйлээ мэдээд, үзээд гарч чаддаг болов уу гэсэн асуулт гарч ирэх шиг. Хэдий уран сайхны кино байлаа ч тухайн кино агуулгаараа дамжуулан хүмүүст буруу ташаа мэдээлэл хүргэж болохгүй. Тиймдээ ч дэлхийн алдартай томоохон кинонууд маш сайн судалгаанд үндэслэж, хүмүүст давхар нэг зүйлийг ойлгуулаад дууссан байдаг. Тэгвэл Фантастикынхан энэ удаад нэр шигээ фантастик кино хийх гэж байгаад юм мэддэг хүмүүсийн хөх инээдийг хүргэсэн бололтой.
Хүнсний инженер, химич нэгэн үзэгч тэдний "Зура 3: Цэвэрлэгээ" УСК-г үзээд дараах шүүмжийг үлдээжээ. Та ч бас үзэж байгаа киноноосоо юуг буруу сураад байгаагаа нэг бодоод үзнэ биз ээ.
Хүнсний инженер О.Гал-Очир шүүмждээ "Шалтгаан бол rhodium хэмээх химийн элемент гээд эхэлсэн болохоор бүүр зорьж үзсэн, даанч сэтгэлд хүрсэнгүй" гэжээ. Яагаад сэтгэлд нь хүрээгүйг дараах байдлаар ангилан учир шалтгаантайгаар бичжээ.
НЭГДҮГЭЭРТ, хувцаслалттай мөртлөө тэр машинаар хөөцөлдөөд буудалцдаг хэсэг үнэн элгийг нь авна. Хоёр машин зэрэгцэж давхиад хоёр хүн өөд өөдөөсөө буудалцаж байхдаа бие биенээ онодоггүй, бүүр машинд нь сумны нүх гарахгүй, тэр байтугай машиных нь шил ч хагараагүй. Үнэнийг хэлэхэд тэр хэсгийг хурдан дуусаасай гэж бодсон ч аймаар удаан үргэлжилсэн.
ХОЁРДУГААРТ, бүхэл бүтэн кино хийж байгаа байж судалгаа хийгээгүй. Родиум гэж киноны турш хэлж байхаар “роди” гэсэн бол арай судалгаатай харагдах байлаа. Тэгсэн химийн элементийн латин галигаар нь кино эхлэхээс дуусан дуустал ярьсан. Химийн мэргэжлийн хүн биш бол анзаарахгүй байх л даа.
ГУРАВДУГААРТ, родиг зэвсгийн үйлдвэрийн үндсэн түүхий эд гэж. Ямар ч тийм зүйл байхгүй. Роди бол цагаан алтны бүлгийн маш үнэтэй металл. Гол хэрэглээ нь автомашины яндангийн утаа бууруулах катализатор болдог. Өөрөөр хэлбэл нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын ислийг хор багатай болгох үүрэгтэй гэсэн үг. Нийт роди олборлолтын 80%-г зөвхөн энэ үүргээр ашигладаг. Машины нүүрсэн яндан хусаад байдаг нь үүнтэй холбоотой. Манайхан гэхдээ ялгаж чадахгүй тул яндан чигээр нь гаргаж буй. Бусад хэрэглээ бол гоёл чимэглэл, лабораторийн тигель, үнэт металлын хайлшны найрлагад ордог. Хүүхэд залуучууд киногоор ч гэсэн боловсрол олж авч байх ёстой. Тийм болохоор алдартай үзүүштэй кинонууд маш сайн судалгаа хийсэн нь харагддаг. Тэгэхгүй зүгээр л зэвсгийн үйлдвэрийн гол түүхий эд гэчихээр сүртэй харагдана гэж хандаж болохгүй юм.
ДӨРӨВДҮГЭЭРТ, родигийн нягт 12 гр/см3. Өөрөөр хэлбэл 1м3 роди 12 тн болно гэсэн үг. Түүнийг хөнгөхөөн дамжлаад гүйгээд байдаг хэсэг бол үнэндээ л алиа харагдсан. Хэчнээн ч дамжилж зөөв, хэчнээн ч булаацалдав.Тэр дөрвөлжин хайрцагнууд бас л том шдээ.
ЭЦЭСТ НЬ, за тэгээд радиум родиум алийг нь хэлээд байгаа нь мэдэгдэхгүй, жүжигчин болгон өөр өөр дуудлагатай. Ядаж ради гэсэн бол цацраг идэвхт металл учир арай сүртэй байх байлаа. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авсан бол гэж өөрийн эрхгүй бодогдсон. Миний дүгнэлт бол мөнгөнд хэт улайрсан санагдав. Зүгээр л сүржин хийгээд алаад өгнө гээд, алаад өгсөн ч биз. Би лав орхиод гарчихмаар байсан ч ревью бичихийн тулд гүрийж суусаар дуусгасан.
Өөр жижиг сажгуудыг нь бичсэнгүй ээ. Гомдохгүй юм байгаа биз дээ, хичээгээрэй Фантастикынхаан - гэсэн шүүмжийг өөрийн цахим хуудаснаа бичжээ.