Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 01, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Сонгуульд яарсан хүчнүүд

2015 оны 9 сарын 23

Иргэдийг өвлийн бэлтгэлээ базааж, өвөлжөө бууцаа засч, гэрийн бүрээсээ давхарлаж, хүнсний ногоогоо нөөшилж байх зуур улс төрийн хүчин, улстөрчид ирэх сонгуульдаа шамдаад эхэлжээ. Нийслэлд, албан тасалгаандаа шигдээд байдаг улс төрийн хүчнүүд орон нутаг руу хүлгийн жолоо залах болов.   

 

УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлын тайлангаа ном, товхимол болгон тарааж, аймаг, сум, дүүрэгт иргэд, сонгогчидтой хийсэн уулзалтын зураг,  зар цахим сүлжээгээр хэрэн тэнэж байна. Фэйсбүүк, твиттерээр дүүрэн л ирэх сонгуульд өрсөлдөхөөр санаархагчдын нүүр дүүрэн мишээсэн гэрэл зургууд. Улс төрийн хүчнүүд ч баруун зүүн бүсүүд рүү ээлжлэн “дайлаар мордож”, уулзалт цуглаан зохион байгуулж байна. Ид ажлын цагаар иргэд, залуучуудын уулзалт зохион байгуулснаар зарим нэгнийг нь ажлаа хойш тавин хот газрынхныг харж нүдээ хужирлахад хүргээд байгаа гэнэ.  

 

Хаврын чуулганы завсарлагаанаар хоёр ч удаа ээлжит бус чуулган хуралдаж, үүний зэрэгцээ намын ажлаа орхигдуулсангүй. АН-ын баруун, зүүн бүсийн, МАН-ын НАМЗХ, НАМЭХ-ны Хангайн бүсийн, МАХН-ын зүүн бүсийн чуулга гээд парламент дахь улс төрийн хүчнүүд мөн завгүй ажиллалаа. Иргэдийн сэтгэлзүйг татах, гишүүдийн хүрээгээ тэлэх улс  төрийн зорилго агуулан намын тугаа намируулан орон нутгийн зорьсон улс төрийн хүчний зарим залуус шоу цэнгээнээ хэтрүүлэн, архи согтууруулах ундаа хэрэглэн, хоорондоо маргалдаж, унаж явсан машинаа хүртэл шатаасан хэрэг ч мандлаа.

 

Сонгуулийн жил эхлээгүй байхад асуудал үүсгэж байгаа юм чинь сурталчилгааны үеэр, сонгуулийн санал хураалтын дараагаар үймээн самуун ч дэгдээж мэднэ шүү гэж олон нийт сэрэмжилцгээж байна. Арга ч үгүй юм, тээр жилийн “7 дугаар сарын 1”-ний явдал иргэдийн зүрхэнд шар ус хуруулж, түүхэнд хар толбо үлдээсэн. Тэр өдрөөс хойш  жагсаал цуглаан, хүн зон олноор цугласан газраас олон нийт дөлдөг болсон.

 

Ирэх сонгуулийн жил ойртох тусам парламентын гаднах  сонгуулиар л сэрдэг, улс төрийн хүчнүүд хугацаанаасаа өмнө “ичээнээсээ гарлаа”. Тэд МАН-ын зохион байгуулсан “Үндэсний зөвшилцил” улс төрийн намуудын уулзалтад оролцон, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулан ажилласан. Ер нь Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхэд парламентын гаднах улс төрийн хүчнүүд сонгуулийн санхүүжилт, зардлыг төрөөс гаргадаг байхаар хуульд тусгах нь зүйтэй гээд л ам уралдан дэмжиж байна лээ. Эдийн засаг хямралтай, төсвийн алдагдал хагас их наядаар тасарсан энэ үед улс төрийн хүчнүүдийг сонгуульд өрсөлдүүлэхээр зардлыг нь татвар төлөгчид бид гаргаад өгнө гэсэн үг. Парламент дахь улс төрийн хүчнүүд энэ саналыг дэмжих чин хүсэлтэй ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулахаа мэдэн хаширлаж нэг гараараа нөгөө гараа атган суухаа хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тиймээс ч эхний үед хүчтэй яригдаж байсан сонгуулийн зардлыг төрөөс гаргуулах санал ажлын хэсэг дээр “унасан” байна.

 

Сонгуулийн хууль хэрхэн батлагдахаас улс төрийн хүчнүүд хэрхэн өрсөлдөх, хэнийг нэр дэвшүүлэхээ шийднэ. Ямартай ч улс төрийн хүчнүүдийн хамтарсан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн төсөл бэлэн болжээ.

 

Ингэхдээ 2012 оны Сонгуулийн хуулийн найман зүйл дээр өөрчлөлт оруулах болсон байна. Тухайлбал, сонгуулийг булхай луйваргүй, шударга явуулах санал тооллогыг иргэд, сонгогчдод нээлттэй болгох үүднээс санал тоолох арга замыг боловсронгуй болгох буюу саналыг машинаар биш гараар тоолох нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн сонгуулийн тойрог хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг бүрдүүлэхэд улс төрийн намуудын жигд төлөөллийг оролцуулах санал гаргажээ. Шинээр боловсруулсан төсөлд тойрог, хэсгийн хороодын 70 хувийг улс төрийн намын төлөөлөл, 30 хувийг нь төрийн жинхэнэ албан хаагч бүрдүүлнэ гэсэн саналыг тусгажээ. Өнөөгийн мөрдөгдөж буй хуулинд тойрог, хэсгийн хороог 100 хувь төрийн албан хаагчид бүрдүүлж байгаа. Мөн төрийн албан хаагч сонгуулийг будилуулвал бүх насаар нь төрд ажиллуулахгүй гэсэн заалтыг тусгажээ. Одоогийн хүчин төгөлдөр хуулинд тухайн албан хаагчийг нэг жил төрд ажиллуулахгүй гэсэн заалт байдаг юм.

 

Сонгуулийн санал хураалтын маргаашнаас дараагийн сонгуулийн жил хүртэл яригддаг булхай луйвар, хэсгийн хороодын бүрэлдэхүүнд намуудын төлөөллийг бүрэн оролцуулдаггүй гэх маргааныг хууль тогтоогчид нэг мөр цэгцэлчихмээр юм. Энэ маргааны улмаас парламентад суудалгүй улс төрийн хүчнүүд унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр “Уг нь сонгогчид бидэнд саналаа өгч сонгосон, улс төрийн зарим хүчин санал луйвардлаа” гэж байнга л гомдоллож байдаг. Хэрвээ хуулийн төсөлд тусгагдсан заалтууд дэмжигдвэл булхай луйврын маргаан ч багасах биз.  

 

Дараа жилийн наадам даанч хол байгаа. Гэвч улс төрийн хүчин, улстөрчдийн хувьд ирэх сонгууль хаяанд тулсан, иргэдийн дэмлэгийг авах сценариа бэлтгэхээр ухаанаа уралдуулж байна. Сонголтоо хийх сонгогчид бид яараагүй байхад сонгуулах улстөрчид ийнхүү яарч байгаа бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25376
0 эможи
keyboard_arrow_up