Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 01, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

МАН даагаа нэхнэ

2015 оны 11 сарын 17

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахад ердөө 40 хоног үлдэж, МАН давшилтад орлоо. МАН-ын гишүүдийн боловсруулсан Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд сонгуулийн тогтолцоог одоогийнхоор буюу 48 нь тойргоос, 28 нь намын нэрээр сонгогдохоор тусгаад байна. Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 22 намаас санал авахад олонхи нь 48х28 хувилбарыг дэмжсэн учраас МАН-ынхан 76 гишүүн тойргоос сонгогддог тогтолцоог төсөлд суулгах боломжгүй болсон юм. Гэхдээ сонгуулийн тойргийг нэг мандат бүхий 48 тойрог байхаар өөрчилж, нам, эвсэл УИХ-ын сонгуульд 48-аас илүүгүй хүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан тойрогт нэр дэвшүүлж, тойргийн дугаараар эрэмбэлэхээр заасан нь нэг нам, эвслийн нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөж, санал хуваахыг хаажээ.

Хуулийн төсөлд тусгасан хоёр дахь өөрчлөлт нь сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар бүрдүүлж байсныг өөрчилж, тухайн тойрогт нэр дэвшигчээ дэвшүүлсэн улс төрийн нам, эвслийн төлөөллийг тэгш оролцуулан томилох тухай юм. Ийм заалт оруулсан нь МАН-ын угшилтай нөхдүүд төр, захиргааны албанд ажиллаж байсан нь цөөрч, Ардчилсан намынхан нь голлох болсонтой холбоотой болж таарч буй. Нөгөө талдаа парламентад суудалгүй улс төрийн жижиг намууд төлөөллөө сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд багтаах нь сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг нь нээж өгч байгаа юм.

2012 оны УИХ-ын сонгуулиас эхэлж гадаадад амьдарч байгаа монголчууд саналаа өгөх эрхтэй болсон. Гэхдээ тэдэнд Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газраа ирж саналаа өгөх нь хүндрэл чирэгдэл учруулсан учраас цахимаар бүртгүүлж, саналаа өгөх боломж олгох зохицуулалтыг энэхүү төсөлд тусгажээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар гадаадад амьдарч, суралцаж буй монгол иргэд тухайн улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам, консулын газарт очиж саналаа өгч, улмаар саналын хуудас бүхий битүүмжилсэн уут, бусад материал Гадаад харилцааны яаманд ирж, Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэж өгдөг. Хэрвээ дээрх заалт хуульд тусгалаа олбол хил дамнан шуудангаар илгээгддэг битүүмжилсэн саналын хуудас цахим шууданд шилжиж, Сонгуулийн ерөнхий хороо шууд саналыг хүлээн авах боломжтой болно. Нэг ёсны техникийн дэвшлийг ашиглах болж байгаа юм.

УИХ-ын сонгуульд цөөнх болж 26 суудал авсан шалтгаанаа МАН-ынхан автомат машинтай холбон тайлбарладаг. УИХ-ын Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулан өргөн мэдүүлсэн нь эцсийн дүндээ сонгуулийн саналын хуудсыг гар аргаар тоолдог хуучин тогтолцоонд шилжүүлэх зорилготой нь холбоотой. Үүнтэй холбоотойгоор шүүмжлэл ч өрнөх болсон. Тиймээс МАН энэхүү хуулийн төсөлдөө саналын хуудсыг автомат машинаар тоолно, маргаан гарсан нөхцөлд гар аргаар тоолж, хайнааг хагалъя гэж үзэж байна. Мөн сонгуультай холбоотой маргаан гомдол, нэхэмжлэлийг тухайн нутаг, дэвсгэрийн харьяалах захиргааны хэргийн шүүх зөвхөн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх, энэ шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх тус бүр 21 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулсан нь 2012 оны УИХ-ын сонгуулиас авсан сургамжтай нь холбоотой.

Өвөрхангай аймагт болсон УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн Хөдөлмөрийн сайд асан С.Чинзориг, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү нар Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт нараас илүү санал авсан боловч маргаан гарч, түүнийг нь нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэн, ингэхдээ бүрэлдэхүүнгүйгээр хэлэлцэн шийдвэр гаргасан байдаг. Шүүхийн шийдвэрт үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо Г.Батхүү, Д.Зоригт нарыг сонгогдсонд тооцон УИХ-ын гишүүний тангараг өргүүлж байв.

Одоо харин ийм боломж хумигдана, мөн сонгуулийн маргаан жил дамнан сунжирдаг байдал ч халагдах болж буй. Гол нь дээрх зохицуулалт хуульд сууж чадах эсэхээс хамаарна.

Мөн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах хариуцлагыг энэхүү хуулийн төсөлд тусгаад байна.

Одоогоор УИХ Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээгүй байна. УИХ-д нэр бүхий дөрвөн хуулийн төсөл өргөн мэдүүлэгдсэнээс хамгийн том нь Р.Бурмаа нарын гишүүдийн боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл бол нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулсан төслийн нэг нь МАН-ын гишүүдийн боловсруулсан энэхүү төсөл. Уг хуулийн төслийг боловсруулахад Ардчилсан намаас бусад 22 нам саналаа өгсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26439
0 эможи
keyboard_arrow_up