Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Сонгууль ба АСЕМ

2015 оны 12 сарын 23

АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахад хүндрэл үүсэж магадгүй хэмээн болгоомжилж байна

УИХ-ын ээлжит сонгууль болоход зургаан сарын хугацаа үлдлээ. Гэвч парламентад суудалтай улс төрийн зарим хүчнээс ээлжит сонгуулийн товыг хойшлуулах боломжтой хэмээн мэдэгдээд буй. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүн АСЕМ-ын уулзалттай холбогдуулан сонгуулийг ирэх оны есдүгээр сард зохион байгуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Учир нь зургадугаар сард УИХ-ын ээлжит сонгуулийг явуулснаас 10 гаруй хоногийн дараа Монгол Улсад АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болно. Төр бүрэн төвхнөж амжаагүй үед дэлхийн хэмжээний уулзалт зохион байгуулахад хүндрэл үүсэж магадгүй хэмээн болгоомжилж буйгаа энэ үеэр илэрхийлсэн.

Монгол Улс АСЕМ-ын уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаа. Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж, хөрөнгө оруулалтыг татах томоохон хөшүүрэг хэмээн харж буй. Тэгэхээр гадаадын төлөөлөгчдийг хүлээн авах, улс орноо таниулан сурталчлах ажлууд, үүнийг дагасан аялал жуулчлал зургадугаар сараас эхэлнэ гэж тооцож байгаа. Гэтэл УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа энэ үеэр ид өрнөнө. Тэрчлэн, сонгуулийн дараа маргаан гарахыг үгүйсгэсэнгүй.

Түүнээс гадна Ази Европын дээд түвшний уулзалтыг шалтаг болгож буй ч есдүгээр сард УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах нь Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гэсэн арга хэмээн тайлбарлах хүн олон байна.

Энэ талаар улс төрийн намуудын төлөөллийн байр суурийг сонирхсон юм.

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа:
-УИХ ээлжит сонгуулийн товыг тогтооно. Энэ утгаараа УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах боломж байгаа. Ирэх оны зургадугаар сарын сүүлчээр сонгууль явуулаад, долдугаар сарын 15, 16-нд АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулна гэдэгт УИХ-ын гишүүд санаа зовж байна. Тиймээс АСЕМ-ын уулзалтын дараагаар сонгуулиа хийвэл зохистой болов уу гэсэн саналыг ярилцаж байгаа. Гэхдээ энэ асуудлыг Ардчилсан намын бүлэг албан ёсоор ярилцаагүй.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:
-Эрх баригчдын зүгээс зохион байгуулалттайгаар энэхүү мэдээллийг нийгэмд цацаж байна. Өөрөөр хэлбэл, Ази Европын дээд түвшний уулзалт Улаанбаатар хотноо долдугаар сарын 15, 16-нд болох учир УИХ-ын ээлжит сонгуулийг ирэх есдүгээр сард явуулах хэрэгтэй гэж байна. Энэ бол Үндсэн хууль зөрчиж байгаа ноцтой үйлдэл. Тиймээс Үндсэн хууль зөрчиж байгаа энэхүү үйлдлээ эрх баригчид нэн даруй зогсоож, УИХ-ын сонгуулийг товлосон хугацаанд нь явуулах ёстой.

Иргэний хөдөлгөөний намын дарга Д.Сүхжаргалмаа:
-Эсэргүүцэж байгаа. Учир нь сонгуулийн товыг суурь хуулиудаараа тогтоосон. Төрөө эмхлэн байгуулдаг үйл ажиллагааг олон улсын арга хэмжээ зохион байгуулах нэрийдлээр өөрсдийн дураар өөрчлөх ёсгүй. Давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж сонгуулийн товыг өөрчилж болно.

Харин АСЕМ-ыг давагдашгүй хүчин зүйл гэж үзэх боломжгүй. Тухайлбал, манай улсад 2003 онд ардчиллыг шинээр буюу сэргээн тогтоосон орнуудын Бага хурал зохион байгуулж л байсан.

МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл:
-Эрх баригчид УИХ-ын ээлжит сонгуулийн товыг хойшлуулж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар зэхэж байгааг үгүйсгэх аргагүй. Хэрэв сонгуулийн товыг хойшлуулахад хүрвэл Улсын дээд шүүх болон Үндсэн хуулийн цэцээс тайлбар гаргуулах ёстой. Учир нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг. Энэ утгаараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа долдугаар сард дуусна. Тэгэхээр УИХ чадамжгүй болоход хүрнэ. АСЕМ-ын хурлаас үүдэн сонгуулийг хойшлуулах нь буруу.

ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян:
-Монгол Улсад олон улсын шинж чанартай хурал олон удаа зохион байгуулагдаж байсан. Гэтэл АСЕМ болохтой холбогдуулан УИХ-ын ээлжит сонгуулийн товыг хойшлуулж болохгүй. Хэрэв сонгуулийн товыг хойшлуулбал Үндсэн хуулийг зөрчинө. Эрх баригчид Үндсэн хууль зөрчих эрх байхгүй шүү дээ.

Төрийн эрх дээд байгууллагыг сонгодог тогтолцоог олон улсын хурлаас үүдэн хойшлуулах үндэслэл алга. Өөрөөр хэлбэл, эрх баригчид төрт ёсоо дагах ёстой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27166
0 эможи
keyboard_arrow_up