Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Сонгуулийн хуулийн содон өөрчлөлтүүд

2016 оны 1 сарын 04

УИХ шинэ оны өмнөхөн хуулийн хугацаандаа амжиж Сонгуулийн хуулийг шинэчлэн баталлаа. Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулах талаар гурван жилийн өмнөөс яригдаж Ажлын хэсэг байгуулагдсан ч намуудын зөрчил, ашиг сонирхлоос болж гацаад байсан энэ хуульд шаргуухан өөрчлөлт оруулав.

Сонгуулийн саналын хуудсыг автомат машинаар тоолох болсон нь эрх баригч АН-аас бусад намынхны эсэргүүцэлтэй тулгарсан. АН-ынхан саналын хуудсыг хар машинаар л тоолох хүсэлтэй байсан бол МАН тэргүүтэй УИХ-д суудалгүй намууд энэ төхөөрөмжид итгээгүйээс үүдсэн хэрэг.  Хуулийн төслийг удтал гацаах болсон гол шалтгаан энэ байв. Эцэст нь АН, МАН-ынхан харилцан буулт хийж тохиролцсоноор хуулиа баталлаа.

  • Сонгуулийн тухай хуулийг өмнө нь мөн л сонгуулийн жилийнхээ өмнөхөн амжиж буюу 2011 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр шинэчлэн баталж байлаа. Тэгэхдээ саналын хуудсыг автомат машинаар тоолох гол өөрчлөлтийг оруулсан.

Тэр үед хяналтын гар тооллогыг хоёр хэсгийн хороонд хийхээр хуульчилж, сонгууль энэ дагуу явагдсан билээ. Харин энэ удаа саналыг хар машинаараа авч, техникийн тооллогыг нийт хэсгийн хороодын 50 хувьд хийхээр өөрчиллөө. Ингэснээр хар машинд үл итгэсэн эргэлзээг багасгаж байгаа хэрэг.

  • УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квот өмнө нь 20 хувь байсныг 30 хувь болголоо. Одоо нам тус бүр 23 эмэгтэйг нэр дэвшүүлэх болсон нь улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх сайн талтай ч ийм тооны боловсон хүчин байгаа, эсэх нь эргэлзээтэй.
     
  • Сонгуулийн мөнгөн хандивын хэмжээ өмнө нь иргэн нэг сая төгрөг, хуулийн этгээд гурван сая төгрөг байсан бол энэ хуулиар нэмэгдүүлж, иргэн гурван сая, хуулийн этгээдийн хувьд 15 сая төгрөг хүртэл байхаар өөрчиллөө. Энэ хандиваа жилд нэг удаа өгч болохоор тусгасан.
     
  • Мөн сонгуульд насанд хүрээгүй хүн сурталчилгаанд оролцуулсан нэр дэвшигчийг хасдаг байсныг энэ өөрчлөлтөөр болиулж орхилоо. УИХ-ын 2012 оны сонгуулиар Өвөрхангай аймгаас нэр дэвшигч МАН-ын гишүүн С.Чинзоригийг сурталчилгаандаа хүүхэд оролцуулсан хэмээн буруутгаж байсныг бид мэднэ.


УИХ-ын сонгуультай холбоотой маргаан хэдэн жил үргэлжилдэг байсныг цэглэж, Улсын дээд шүүх анхан шатны хурлаараа 60 хоногт багтаан шийдвэрлэхээр хуульчиллаа.

  • Төрийн жинхэнэ, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн оролцоо бүхий хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-д нэр дэвших бол чөлөөлөгдөх хүсэлтээ сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө гаргаж, нэгдүгээр сарын 31-нээс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх юм.

Энэ хуулиар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Б.Энхбайгаль нарын хүмүүс ажлаас чөлөөлөгдөж эхлээд байна.

  • УИХ-ын 76 гишүүний 48-ыг нь тойргоос шууд сонгодог, 28-ыг намын жагсаалтаар сонгодог хуучин систем хэвээрээ. Намын жагсаалтаар нэр дэвшүүлдэг систем нь улс төрийн намууд болон ард иргэдийн дунд ч шүүмжлэл дагуулдаг байсныг энэ удаа өөрчлөөгүй. Харин энэ хуулиар шинэчлэгдсэн зүйл нь жагсаалтаар нэр дэвшигчдийнхээ нэрсийг хэвлэж сонгогч бүр өгч байхыг намуудад үүрэг болголоо.
     
  • Энэ удаа Монгол Улс Сонгуулийн нэгдсэн хуультай болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг нэгтгэн Сонгуулийн хууль хэмээн нэрлэж, дээрх хуулиудыг УИХ-аар хүчингүй болгосон билээ.


Ирэх зургgадугаар сард УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийг, аравдугаар сард сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг хамтад нь зохион байгуулахаар шинэчлэн хуульчлав. Бүх шатны сонгуулийг тооцвол монголчууд гурван жил дараалан сонгуульдаж, ажил хийх нэг л жил үлддэг байсан хуучин тогтолцоог хуулиар халсныг олзуурхаж, дэмжих хүн олон байв.

2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр буюу УИХ-ын 2015 оны сүүлчийн нэгдсэн чуулганаар баталсан Сонгуулийн хуулийн содон өөрчлөлтүүд нь ийм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27360
0 эможи
keyboard_arrow_up