Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Сонгуульд 24 нам, 3000 нэр дэвшигч өрсөлдөнө

2016 оны 2 сарын 01

СЕХ-ноос Сонгуулийн тухай шинэ хууль батлагдсантай холбогдуулан СЕХ дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны ажлын хэсгийн ахлагч Д.Баяндүүрэн, СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нар мэдээлэл хийлээ.

Сонгуулийн тухай хуульд заасан хугацаатай ажлын тайланг СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн танилцуулсан юм.

Нэр дэвшигчид зургаадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна

Нэгдүгээр сард багтаан шийдвэрлэсэн ажил:

-УИХ-ын чуулган хуралдаж санал авах өдрийг 2016 оны зургаадугаар сарын 29-нд байхаар тогтоосон. Энэ өдөр лхагва гаригт тохиож байгаа учраас амралтын өдөр болгох аж.

-Сонгуулийн тойрог байгуулж мандат тогтоохдоо 2012 оны УИХ-ын сонгуулийн мандатыг хэвээр үлдээхээр шийдсэн.

Хоёрдугаар сард багтаан шийдвэрлэх ажил:

-Сум дүүрэгт сонгуулийн хэсэг байгуулах ёстой гэж Сонгуулийн тухай хуульд заасан учраас сум дүүргийн нутаг дэвсгэрт хэсэг байгуулах ажлыг СЕХ зохион байгуулах аж.

Гуравдугаар сард багтаан шийдвэрлэх ажил:

-Нам эвсэл болон нэр дэвшигчдийн сонгуульд нэр дэвших зардлын дээд хэмжээг тогтоох юм байна. Өмнө нь зардлын дээд хэмжээг СЕХ тогтоож нийтэд зарладаг байсан бол энэ удаад Үндэсний аудитын газар тогтоох юм байна.  

-Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудсанд байрлуулах ажил хийгдэнэ. Мөн зурагт болон ухуулах хуудас байршуулах байршлыг тогтоох ажлыг сум дүүргийн ИХТ хийнэ.

Дөрөвдүгээр сард багтаан шийдвэрлэх ажил:

-Аймаг нийслэлийн сонгуулийн хороог СЕХ байгуулна. Энэхүү байгуулагдсан хороо нь тухайн сум дүүргийнхээ сонгуулийн хороог байгуулахаар хуульд заасан байна.

-Гадаадад байгаа иргэдийн саналыг авах сонгуулийн хороо, комисс байгуулагдана.

Тавдугаар сард багтаан шийдвэрлэх ажил:

-Нам эвслээс УИХ-ын гишүүнд нэр дэвших ажил тавдугаар сарын 5-9 хооронд болно. Бие дааж нэр дэвших ажил тавдугаар сарын 5-11 хооронд явагдана. Энэ үеэр аймаг нийслэлийн ИТХ-д нэр дэвших ажил давхар явагдана.

Тавдугаар сарын 20-ноос хойш шийдвэрлэх ажил:

-Бие даан нэр дэвшигчид болон нам эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа явагдана. Бүртгэх эсэх шийдвэрийг СЕХ гаргана. Аймаг нийслэлийн ИТХ-д нэр дэвших эсэхийг тухайн аймаг дүүргийн Сонгуулийн хороо гаргах аж.

Зургаадугаар сард багтаан шийдвэрлэх ажил:

Нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна.

Өмнө нь үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа хийдэг байсан бол энэ удаад сонгууль болохоос 18 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 11-нээс сурталчилгаа хийх эрх нээгдэж байгаа юм.

Санал авах ажиллагаа

Санал хураалт гадаад улсад амьдарч байгаа иргэдээс эхэлнэ. Зургаадугаар сарын 17-19 өдрүүдэд үргэлжилнэ. Цагийн хуваарь: 07-22 цаг..

Өвчтэй, өндөр настай хүмүүсээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажил зургаадугаар сарын 28-нд явагдана. Санал авах цагийн хуваарь 09-22 цагийн хооронд авна.

Улс орон даяар санал авах ажиллагаа зургаадугаар сарын 29-нд эхэлнэ. 07-22 цаг хүртэл УИХ болон аймаг нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа үргэлжилнэ.

Энэ нь 2012 оны санал авч байсан цагаас хоёр цагаар нэмэгдэж хуульчлагдсан байна. Гадаадад байгаа иргэдийн саналыг тоолох ажиллагаа зургаадугаар сарын 29-нд СЕХ-ын зааланд явагдаж юм байна. Мөн аймаг нийслэл дүүргээс мэдээгээ авч эхний урьдчилсан тооллогын дүн 00 цагт гарна гэсэн тооцоололтой байна.

Санал авах ажиллагаа дууссаны дараа долоо, наймдугаар сард хийх ажлыг хуульд тусгасан. Үндсэндээ арваннэгдүгээр сарын 20 гэхэд сонгуулийн ажил дуусна гэж СЕХ-ноос мэдэгдлээ.


Ийнхүү мэдээлэл хийж дууссаны дараа СЕХ дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны ажлын хэсгийн ахлагч Д.Баяндүүрэн, СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-Ямар тохиолдолд нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах вэ?

-Хуульд заасан үндэслэлээр зөрчил гаргасан бол бүртгэхгүй. Жишээ нь бэлэн мөнгө тараасан, дайллага, цайллага, гадаад дотоодод явуулсан гэдэг нь тогтоогдвол СЕХ эргүүлэн татна.

-Энэ жил УИХ болон аймаг нийслэлийн сонгуульд хэдэн нэр дэвшигч өрсөлдөх вэ? Урьдчилсан таамаглал байна уу?

-Өмнөх 2012 оны сонгуульд УИХ-ын гишүүнд нэр дэвшсэн 540 орчим хүн байсан. Аймаг нийслэлийн сонгуульд 2200 орчим нэр дэвшигч байсан. Энэ жилийн тухайд намуудын тоо өссөн учир нэр дэвшигчдийн тоо нэмэгдэх байх.

-Санал авах хуудасны хэмжээг тогтоосон уу?

-Тогтоогоогүй байна. Урьдчилсан байдлаар 1 м 40 см байх тооцоо гарсан. Гэхдээ сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшигчдийн тоог харгалзан үзээд тухай үед өөрчлөгдөх байх.

-Нийт хэдэн хүн санал өгөх вэ?

-Нийтдээ  хоёр сая иргэн санал өгөх тооцоо гарсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28452
0 эможи
keyboard_arrow_up