Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ХЭН, ЮУ ХЭЛЭВ

2016 оны 3 сарын 28

Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх цаг хугацааны боломж одоо ч бий. Учир нь энэ хуульд зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг оруулаагүй, орхисон юм. Иймд шинээр баталсан хуулиа парламент өөрчлөх тухай ярьж эхэлжээ. Намын нэрсийн жагсаалтаар сонгогдох 28 мандатыг 22 болгон зургааг нь нийслэлийн зургаан тойрогт шилжүүлэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж санаачлан боловсруулсан. Уг төслөө хараахан УИХ-д өргөн мэдүүлээгүй байгаа ч Засгийн газраас санал авсан.

Хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийнэ. Энэ үеэр УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ гэх мэдээлэл ч бий. Хэрвээ УИХ дээрх төслийг хэлэлцэн баталбал сонгуулийн холимог тогтолцоо болох 48х28-ын харьцаа өөрчлөгдөж, 54х22 болох юм. Энэ тохиолдолд УИХ-ын 76 гишүүний 54 нь тойргоос, 22 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдоно. Ингэхдээ нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул,  Сүхбаатар дүүргийн мандатын тоо тус бүр нэгээр нэмэгдэж, нийслэлийн тойргоос 20, аймгийн тойргоос 34 гишүүн сонгогдох болж буй. Харин 22 гишүүн намын нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгогдоно.

Дээрх хуулийн төслийг дэмжиж байгаа эсэх, мөн цаг хугацааны хувьд УИХ нэр бүхий хуулийн төсөлд өөрчлөлт оруулах боломжтой эсэх талаар ХЭН, ЮУ хэлсэн талаар хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Нийслэлийн мандатын тоог нэмэх нь маш зөв. Хэд, хэдэн шаардлага бий. Нэгдүгээрт, Сонгинохайрхан дүүрэг 320 мянган хүн амтай, хувь тэнцүүлбэл тус дүүргийг төлөөлөн УИХ-д найман гишүүн суух шаардлага бий. Ийм боломжгүй учраас мандатын тоог нэмэх нэмэх санаачлага гаргасныг дэмжиж байгаа юм. Хоёрт, Сонгинохайрхан дүүрэгт шийдэх шаардлагатай хүнд асуудал олон бий.

Ард иргэдтэй уулзахад намын нэрсийн жагсаалтаар сонгогддог тогтолцоог байхгүй болгох ёстой гэдэг санал шүүмжлэлийг олонтаа хэлдэг. Намын даргын үзэмжээр ард түмнийг УИХ-д төлөөлөх гишүүн сонгогдож байгаа нь буруу гэдэг. Тэгэхээр Үндсэн хуулийн зарчимд тулгуурлаад намын нэрсийн жагсаалтаар сонгогддог 28-ыг бууруулбал сайн, байхгүй болгоно гэвэл бүр сайн. Гол нь УИХ баталсан хуульдаа ойр, ойрхон өөрчлөлт оруулах нь зөв зүйл биш. Тийм учраас аль аль талынх нь эерэг болоод сөрөг талыг ултай суурьтай судлах шаардлагатай. Ер нь бол нийслэлийн мандатын тоог нэмэх нь зөв шүү.   

/эх сурвалж: http://politics.news.mn/content/237702.shtml/

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Өмнө нь Сонгуулийн тухай хуулийг УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө баталж, өөрчилж болдоггүй байсан нь үнэн. Харин оны өмнөхөн баталсан сонгуулийн тухай хуульд энэхүү заалт нь байхгүйтэй холбоотой шүүмжлэл байгааг үгүйсгэхгүй. Тэгээд ч энэ тухай олон ч хүн ярьж байгаа шүү дээ. Гэхдээ бусад дагаж, мөрдөх хууль нь хэвээрээ байгааг хаана, хаанаа ойлгох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүд хууль санаачлах эрхийнхээ хүрээнд ямар хуульд өөрчлөлт оруулж, олон нийтээс санал авах тэдний эрхийн асуудал. Тиймээс зарим гишүүн Сонгуулийн тухай хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газарт өргөн барьж байгааг үгүйсгэх аргагүй.

Сонгуулийн тухай хуулийг батлахад бүх намын оролцоо, төлөөлөлтэй Ажлын хэсэг байгуулж, баталсан шүү дээ. Одоо хуульд дахин өөрчлөлт орууллаа гэхэд парламентад суудалтай болон суудалгүй намын төлөөлөл оролцох л болно. Өөрөөр хэлбэл, бүх намын төлөөлөл байж, улмаар хоорондоо зөвшилцөж байж л хуульд гар хүрнэ шүү дээ. Түүнээс биш ганц нам асуудлыг шийднэ гэх ойлголт ардчилсан нийгэмд байхгүй.

/Өглөөний сонин, 2016.03.11, 047/2308//

УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун: Ер нь сонгууль ойртсон үед Сонгуулийн хууль өөрчлөх нь буруу. Ялангуяа хоёр сар гаруйхны өмнө батлагдсан хуульд өөрчлөлт оруулах нь тийм ч зөв зүйл биш. Ш.Түвдэндорж гишүүний өргөн барьсан хуулийн төслийн агуулгатай танилцаж амжаагүй явна. Ямар ч байсан пропорционалийн 28 мандатыг 22 болгох гэж байгаа юм шиг байна лээ. Сонгууль дөхчихөөд байхад энэ Их хурал дэмжихгүй байх аа. Нэгдүгээрт, тоглоомын дүрэм ойлгомжтой байх ёстой. Сонгууль болгоны өмнө тогтолцоогоо өөрчлөөд байх нь буруу. Олон жил ярьж байгаад улс төрийн намуудыг төлөвшүүлэх үүднээс Монгол Улсад пропорциональ систем 2012 онд нэвтэрсэн. Сонгогчдын өгч буй саналыг аль болох хувь тэнцүүлэн тусгах гэсэн дэвшилттэй санаа л даа. Өнөөдрийг хүртэл олон сонгууль явагдсан хэдий ч арай илүү санал авсан нь дийлэнх суудлыг авч, сонгогчдын өгсөн санал тэр хэрээрээ тусч чаддаггүй гэдэг шүүмжлэл явдаг байсан тул холимог систем нь дээр гэдэг үүднээс нэвтрүүлж байсан юм. Гэтэл одоо үүнийгээ оролдох гээд байгаа нь буруу.

/Эх сурвалж: Өдрийн сонин, 2016.03.10, 055/5320//

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Саяхан батлагдсан сонгуулийн хуулинд эмэгтэйчүүдийн улс төрийн намуудаас нэр дэвших квотыг 30 хувь болгож баталсан. Баталсан квотоороо улс төрийн намууд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлж, боломжоор хангах шаардлагатай. Мэдээж 30 хувийг бууруулах тал дээр эсрэг байна. Жендэрийн үндэсний хороо болон энэ чиглэлээр ажилладаг ТББ-уудын хамтын хүчин чармайлтаар энэ 30 хувийг батлуулсан. Өнөөдөр 30 хувь хүрэх эмэгтэйчүүд байхгүй байна гэдэг нь улс төрд дийлэнх болсон эрэгтэйчүүдийн хандлага, ойлголт шүү дээ. Тэгэхээр нэгэнт баталсан квотыг өөрчлөх боломжгүй байх гэж бодож байна. Өмнө нь 2005 онд сонгуулийн хуулинд 30 хувь гэсэн квотыг оруулаад яг 2008 оны сонгуулийн өмнө өөрчилж байсан. Ингэснээрээ нийгэмд эсэргүүцэлтэй тулгарч байсан. Тэр үед алдаа гаргаж байсан Их хурлын гишүүд энэ гаргасан алдаагаа ойлгоод энэ квотыг хуулинд нэмж батлуулж алдаагаа засаж чадлаа гэдгийг илэрхийлсэн учраас анхаарах байх, арай ч өөрчлөхгүй байх гэж итгэж байна.

/Эх сурвалж: http://www.infomongol.mn/content/read/66832.htm, 2016.03.07/

УИХ-ын гишүүн Су.Батболд: Сонгуулийн тухайн хуулийг тогтвортой байлгах үүднээс хуучин хуулийн 60 дугаар зүйлийн 1 дэх заалтад “УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хууль батлах болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гээд заачихсан байдаг. Тухайн үед энэ заалтыг яагаад оруулж байв гэхээр Сонгуулийн хуулийг олонх баталдаг. Олонх өөрсдийн баталсан хуулиа сонгуулийн өмнөхөн өөрчлөөд сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйч аливаа шийдвэрийг хуульд оруулахаас сэргийлэхийн тулд зургаан сарын өмнө өөрчлөхгүй гэх заалт оруулж байлаа. Харин одоо өөрчилнө гэж байгаа нь Сонгуулийн тухай хуулийг маш богино хугацаанд, хэтэрхий шахаж баталсны гор. Хуулийн өөрчлөлт бол байх ёстой зүйл. Гэхдээ Сонгуулийн тухай хууль, тогтоомжийг аль болох тогтвортой байлгах ёстойн Сонгууль болсны дараа хожигдсон тал заавал ч үгүй Сонгуулийн хуулиас болж ялагдлаа гэдэг. Үүнийгээ ирэх дөрвөн жилийн хугацаанд өөрчлөх гэж зүтгэдэг. Бүтэн дөрвөн жилийн турш сонгуулийн хуулийг муулж маргалдах нь улс төрийн тогтворгүй байдалд нөлөөлж байгаа юм. Тэр утгаараа сонгуулийн хуулийг тогтвортой байлгах ёстой.      /Эх сурвалж: Өдрийн сонин, 2016.03.07, 053 /5317,5318//

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Улс төрийн багш, доктор, судлаач Э.Гэрэлт-Од: Санаатай, санамсаргүй гэдгийг би хэлж чадахгүй байна. Хэрвээ санаатайгаар ийм байдалд оруулсан бол хууль зүйн хувьд иргэдэд итгэл үнэмшил төрүүлэхгүй, нөгөө талаас Сонгуулийн тухай хууль чинь ойлгомжтой, сонгууль, улс төрийн өрсөлдөөнийг шударга, нээлттэй ил тод болгосон хууль шүү дээ. Хэрвээ энэ хууль байхгүй бол сонгууль шударга бус, ил тод биш болно. Яавал иргэдийн итгэлийг даах вэ, тэрэнд улс төрийн намууд ямар бэлтгэл, хариуцлагатай байх вэ гэдэг асуудал бүхэлдээ Сонгуулийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа юм. Энэ утгаар нь авч үзвэл улс төрийн намууд Сонгуулийн хуулийн зарим заалтыг санаатайгаар үлдээгээд, тэрийгээ өнөөдөр хөндөх гэж оролдвол эргээд иргэдийн сонгуульд итгэх итгэл үгүй болно. Сонгуулийн дараа төрд итгэх итгэл байхгүй болно. Энэ нь өөрөө нийгмийн сэтгэлзүйд маш хор хохиролтой. Улс төрийн намууд арай ч ийм үйлдэл хийхгүй болов уу гэж бодож байна.

/Эх сурвалж: https://dnn.mn /

УИХ-ын гишүүн А.Тлейхан: Бид оны өмнө тал бүрээсээ хэлэлцэж байгаад Сонгуулийн хуулийг баталсан. Тиймээс одоо энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байгаа. Харин хэн юу санаачлаад байгаа талаар албан ёсны мэдээлэл алга. Тэгээд ч Сонгуулийн хуулийг өөрчлөхийн тулд зөвшилцөж, олон талаас нь ярьж байж баталсан шүү дээ. Ямар ч байсан нэг намын, хэсэг бүлэг хүмүүсийн сонирхлоор хуулийг өөрчлөхгүй байх гэж найдаж л байна. Сонгуулийн хууль дээр бид мандатын тоог л тал бүрээс нь ярилцаж байж баталсан шүү дээ. Гэтэл одоо өөрчлөх гэж байгааг нь ойлгохгүй байна.

/Эх сурвалж: Монголын мэдээ, 2016.03.07, 042/23064//

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30005
0 эможи
keyboard_arrow_up