Сонгогчдоос вакцины ГЭРЧИЛГЭЭ шаардахгүй Сонгогчдоос вакцины ГЭРЧИЛГЭЭ шаардахгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сонгогчдоос вакцины ГЭРЧИЛГЭЭ шаардахгүй

2021 оны 6 сарын 08

Arslan.mn

Монголчууд зургаа дахь төрийн тэргүүнээ сонгох Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд нэг өдөр үлдлээ. Мөн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан хэрэгжүүлж байгаа үед зохион байгуулж байгаа. Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед болж буйгаараа онцлог юм.

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн бүхий л үйл ажиллагаа, ялангуяа сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох ажиллагаанд ашигладаг сонгуулийн автоматжуулсан системийн ажиллагаагаа сонгуульд оролцогч талуудад, улс төрийн намуудад, хөндлөнгийн хараат бус ажиглагчдад, олон нийтэд нээлттэй танилцуулсан юм.

2087 ХЭСГИЙН ХОРООНД 2481 ДААМАЛ АЖИЛЛАНА

Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад 2.167.942 сонгогч бүртгэгджээ. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2021 оны зургадугаар сарын 9-ний лхагва гарагт Улаанбаатар хотын цагаар өглөөний 07:00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэлж, 22:00 цагт дуусна. Нийт аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, 330 сум, есөн дүүргийн сонгуулийн хороо, 2087 хэсгийн хороодод нийт 18647 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллах юм. Түүнчлэн сонгуулийн автоматжуулсан системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах мэдээллийн технологийн 31 багт 148 гишүүн, санал авах байруудад нийт 2481 даамал ажиллах юм.

САНАЛ АВАХ БҮХИЙ Л ҮЙЛ ЯВЦЫГ ДҮРС БИЧЛЭГТ ҮЛДЭЭЖ БАРИМТЖУУЛНА

Шинэ хуулиар гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол иргэд, коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй болон тусгаарлагдсан, эмнэлэг болон ажиглан тусгаарлах байранд ажиллаж буй ажилтан, албан хаагчид санал өгөх, мөн сонгогч өөрөө хүсвэл санал авах өдрөөс 14 хоногийн өмнө сонгогчийн шилжилт хийлгэх хүсэлтээ гаргаснаар оршин суугаа хаягнаас өөр газарт санал өгөх боломж бүрдлээ.

Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтаас сонгогч зөвхөн өөрийн мэдээллийг шалгахаас гадна оршин суугаа хаяг дээрх бусад сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломж бүрдсэн. Бүх хэсгийн хороо, санал авах байруудад хяналтын камер суурилуулж, санал авах бүхий л үйл явцыг дүрс бичлэгт үлдээж баримтжуулах юм. Санал өгсөн сонгогчийн хуруунд бэхээр тэмдэглэгээ хийнэ.  Санал тоолох төхөөрөмжид тоологдсон бүх саналын хуудсыг дахин гараар тоолж, сонгуулийн 2087 хэсгийн хороод 100 хувь хяналтын тооллого хийнэ.

ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД БАЙГАА 4300 ХҮН ЗӨӨВРИЙН ХАЙРЦГААР САНАЛ ӨГНӨ

Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын чанд дэглэмийг сахиулахад онцгойлон анхаарч, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах үед коронавируст халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахдаа коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй болон тусгаарлагдсан сонгогчдын судалгаа, тусгаарлах байр, эмнэлгийн тоог нарийвчлан гаргаж, харьяалах хэсгийн хороод эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

Санал авах байранд амны хаалтаа зүүж, иргэний баримт бичгээ авч очиход дархлаажуулалтын гэрчилгээ зэрэг нэмэлт баримт бичиг шаардахгүй юм байна.

Харин коронавируст халдварын улмаас эмчлүүлэгчид болон тусгаарлагдсан иргэд, дайчлагдан ажиллаж буй алба хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд, бусад этгээдийг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 09:00-20:00 цагт орон даяар зохион байгуулна. Тусгаарлагдсан сонгогч энэ сарын 5-ны дотор өөрийн харьяа хэсгийн хороонд хүсэлтээ гаргасан. Гэрийн тусгаарлалтад 4300-гаад хүн байгаа аж.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН СОНГОХ ЭРХИЙГ ХАНГАХАД АНХААРЧ АЖИЛЛАНА

Сонгуулийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт, ажиглалт хийх, сонгогчдын сонгох эрхийг хангах, сонгогчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцож хамтран ажиллаж байна. Энэ дагуу ээлжит сонгуулийн үеэр сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, хариуцлагатай сонгогч бэлтгэх, сонгогчдын тэгш оролцоог хангах, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах, сонгох эрхээ эдлэхэд анхаарч байгаа юм. Санал авах байрны орчны хүртээмжийг сайжруулах, бүх нийтийн тэгш оролцоог хангах үүднээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангахад онцгойлон анхаарч байна.

ХИЛИЙН ЧАНАДААС 5618 СОНГОГЧ САНАЛАА ӨГӨВ

Гадаад улсад байгаа иргэдийн саналыг тавдугаар сарын 30-31-нд авч дууссан.  Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор байгуулагдсан Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс болон Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа 44 дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулагдсан салбар комисс хариуцав. Энэ удаагийн сонгуулиар гадаад улсад саналаа өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон 7394 сонгогчийн 76 хувь буюу 5618 сонгогч санал өгчээ. Энэ нь 2017 оныхтой харьцуулахад өссөн үзүүлэлт юм.

Энэ удаагийн сонгуульд Сөүл 753, Токио 719, Канберра 532, Вашингтонд 467 иргэн санал өгчээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн Ерөнхий хороо гадаад улсад байгаа сонгогчдын санал тоолох ажиллагааг хийх бөгөөд санал авах өдөр буюу зургадугаар сарын 09-ний 22:00 цагт ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулах юм.

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627616
0 эможи

keyboard_arrow_up