ШУУРХАЙ: СЕХ-оос Б.Хурц, С.Баярцогт, Ж.Баясгалан, Н.Номтойбаяр нарыг нэр дэвшүүлэхээс ТАТГАЛЗЖЭЭ
УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 23 нам, хоёр эвсэл Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдээ бүртгүүлсэн.
Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн, ялтай хугацаа дуусаагүй, татварын өртэй иргэдийг бүтгэхээс татгалзжээ.
Тодруулбал, СЕХ-ны хурал өчигдөр болж Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй буюу эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй зэрэг үндэслэлээр 150 гаруй иргэдийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Мөн эх сурвалжийн мэдээлснээр энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол гарна гэх мэдээлэлтэй байна.
Дээрх татгалзсан иргэдийн дотор авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон шалтгаанаар Үндэсний эвсэлээс Н.Номтойбаяр, АН-аас Б.Хурц, С.Баярцогт, Ялын хугацаа дуусаагүй шалтгаанаар Монголын хүний төлөө намын Х.Батялалт, татварын хугацаа хэтэрсэн өртэй гэх шалтгаанаар АН-аас Ж.Баясгалан нар багтсан байна.