СЕХ: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг бүртгэхээс татгалзжээ
Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 19 нам, хоёр эвслээс сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, бие даан нэр дэвшүүлэгч 46, нийт 1,416 хүний баримт бичгийг ирүүлсэн.
Баримт бичгийг нягтлан шалгах хуулийн хугацаанд 17 нэр дэвшигч нэр дэвшихээс татгалзах хүсэлт гаргасныг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч холбогдох баримт бичгийг буцаав.
СЕХ-ны хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвслээс нэр дэвшүүлсэн 1,206, бие даан нэрээ дэвшүүлсэн 39, нийт 1,245 хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор тогтоолоо.
Харин нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Тодруулбал
- татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй 76
- хуульд заасан баримт бичиг дутуу 63
- шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ял эдэлж байгаа тав
- нэр дэвшүүлсэн нам, эвслээсээ өөр намын гишүүн дөрөв
- сонгуулийн тойргоос 801-ээс доошгүй сонгогчдын гарын үсэг зуруулах шаардлага хангаагүй дөрөв
- төрийн жинхэнэ албан хаагч хуулийн хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй нэг
- авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон нэг нэр дэвшигчийг тус тус бүртгэхээс татгалзав.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу 2024 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн дотор бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгаж, дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг СЕХ-нд ирүүлэх боломжтой юм. Тиймээс хуульд заасан хугацаанд нэр дэвшигчид холбогдох лавлагаа авах боломжоор ханган нийтээр тэмдэглэх баяр болон амралтын өдөр ажиллах хүсэлтийг СЕХ-ноос холбогдох байгууллагуудад хүргүүлэв.