“Ковид”-ийн үеийн боловсролын салбарын ДАМПУУРАЛ “Ковид”-ийн үеийн боловсролын салбарын ДАМПУУРАЛ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Ковид”-ийн үеийн боловсролын салбарын ДАМПУУРАЛ

2020 оны 9 сарын 11

Arslan.mn

Өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн хичээлийн шинэ жил эхлээд хоёр долоо хонолоо. 2020-2021 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 1435 цэцэрлэг, 834 ерөнхий боловсролын сургууль, 93 их дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна.  Цар тахал дэгдсэнтэй холбогдуулан сурагч, багш нар ангидаа маск зүүх, нэг ширээнд нэг сурагч хоорондоо 1.5 метрийн зайтай суухаас эхлээд гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар нэг өдөр дөрөвхөн цаг хичээллэнэ гэсэн хэд хэдэн өөрчлөлт сургалтын хөтөлбөрт орсон. Гэвч  өдөрт 6-7 цаг танхимаар авах ёстой боловсролыг гурван өдөр танхимаар ердөө дөрөвхөн цаг суралцаад хангалттай хэмжээнд авч чадах уу гэсэн асуудал гарч ирнэ. Ямартай ч хичээлийн үйл ажиллагаагааг эхлүүлсэн бол сэтгэл амарлаа гэсэн шиг Боловсрол шинжлэх ухааны яамныхан таг чиг болов. Хичээлийн агуулга, сургалтын чанар өмнөх жилүүдтэй харьцуулахад хангалттай хэмжээнд байж чадаж байгаа эсэхэд шалгалт хийх талаар ганц ч үг цухуйлгасангүй.  Харин багш нарыг маскаа зүүж, сурагчдын халууныг тогтмол шалгаж, бичиж тэмдэглэ гээд тэдний ачааллыг улам нэмэгдүүлэв. “Ковид”-ийн үед сурагчид хангалттай хэмжээний боловсрол, мэдлэгийг олж авч чадаж байгаа болов уу гэж санаа тавихын оронд Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлэх талаар хэсэг гишүүд санаачилга гарган нийгэм даяараа энэ асуудал руу анхаарлаа хандуулав. Тодруулбал, УИХ-ын зарим гишүүн ерөнхий боловсролын сургуулийн 10 хувийг Кэмбрижийн хөтөлбөртэй лаборатори сургууль болгох санал гаргасан. Мөн Боловсрол, шинжлэх Ухааны Сайд Л.Цэдэвсүрэн МҮОНРТ-ийн “Цаг үе” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Бид 2018 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанарт хөндлөнгийн үнэлгээг хийж эхэлсэн.

Бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинг үнэлэхэд бидний хүсэж байсан түвшинд хүрээгүй, дунджаас доогуур гарсан. Кембрижийн хэмээн нэрлэсэн олон улсын хөтөлбөрийг одоогоор Монгол Улсын 21 сургууль хэрэгжүүлдгийн  гурав нь улсын сургууль байна. Бид энэ гурван сургуулийг байгуулахын тулд багш нарыг сургах гэх мэтээр  хоёр жилийн хугацаанд бэлдсэн. Олон улсын хөтөлбөртэй сургуулиудын тоог үе шаттайгаар нэмэгдүүлнэ.  Учир нь бид ирээдүйд Монгол Улсынхаа үндэсний боловсролын чанарын тогтолцоог сайжруулж, дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх алсын зорилготой” гэж ярьсан юм.  Улсынхаа гурван сургуулийг Кембрижийн хөтөлбөртэй болгох гэж хоёр жил зүтгэчихээд сургуулиудын тоог үе шаттайгаар нэмэгдүүлнэ хэмээн ярих нь хөөрхийлөлтэй. Учир нь энэ жилийн тухайд 834 ЕБС манай улсад үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр хоёр жилд гурван сургууль гэж тооцоод эдгээр бүх сургуулийг Кембрижийн хөтөлбөртэй болгоно гэвэл 556 жил зарцуулагдана гэсэн үг. Ийм хэрэгжүүлэх боломжгүй олон улсын хөтөлбөр гэж алсын зүйл ярихын оронд өнөөдрийн боловсролын тогтолцоо, сурагчдын хичээлээр олж байгаа мэдлэг, чадварт нэн тэргүүнд анхаарлаа хандуулмаар байна.

ЗУРГААН САРЫН СУРГАЛТЫГ НЭГ САРТ БАГТААН НӨХНӨ

Сургуулиуд хаагдсанаас хойш 75 хоног телевизээр үзсэн хичээлээ багцлаад ганцхан сарын хугацаанд давтаж орж, сурагчдын мэдлэгийг бататгана хэмээн Боловсрол шинжлэх ухааны яам мэдэгдэв. Гэтэл Боловсролын байгууллагуудын хамтарсан судалгаагаар сурагчдын 46 хувь нь теле хичээлээ  тогтмол үзсэн гэсэн дүн гарчээ. Нийт сурагчдын 54 хувь нь теле хичээлээ үзээгүй байхад ганцхан сар бататгал хичээл орохоор өнгөрсөн хагас жил орчмын хугацаанд мэдэж авах ёстой байсан мэдлэг, чадвар, сургалтыг тэд хаанаас олж авах вэ. Хэн мэдлэг, боловсролтой нь нийгэмд  байр сууриа хурдан олж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаг өнөөгийн цаг үед Монголын сурагчид бараг жил орчмын сургалтыг авч чадалгүй, хоосон үлдэв.

Теле хичээлийн хүртээмж, үр дүн сайн байгаа гэж салбар яамнаас мэдэгдсэн боловч хичээл заалгасан сурагчдаас хичээлийн хүртээмжийн талаар авсан тодорхой судалгаа үгүй. Юу ч хийгээгүй атлаа хийсэн, бүтээсэн хүн болж харагдах гэсэн эрх баригчдын хэнээрхлээс болж хэдэн мянган хүүхэд хангалттай хэмжээний боловсрол хүртэж чадахгүй хохирч байна.

“Онцгой дэглэмийн журам эцэг эхчүүдийг бухимдуулж байна” нийтлэлдээ дурьдсанлан “Ковид”-ийн журамнаас болж хувийн болон улсын сургуулийн сурагчдын сургалтад асар их ялгаа гарлаа. Тодруулбал, улсын сургуулийн хүүхдүүд гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар ердөө дөрөвхөн цаг хичээллэх бол хувийн сургуулийн хүүхдүүд таван өдөр танхимаар 6-7 цаг хичээллэж байна. Учир нь хувийн сургуулиуд угаас нэг ангид 20-25 хүүхэд суралцдаг, анги танхим хүрэлцээтэй. Харин улсын сургуулиуд гурван ээлжээр нэг ангид 40-50 хүүхэд чихцэлдэн суралцдаг дүр зурагтайгаар олон жилийг ардаа үдсэн. Цар тахал боловсролын салбарын энэ  гажуудлыг улам тодотгож сургалтын чанар, хичээлийн агуулга салбар яамны хүрээнд ч яригдахаа болиод хөсөр хаягдлаа. Хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхээсээ өмнө ч энэ талаар хэн ч юу ч  яриагүй.

Зөвхөн маск зүүх, хоорондын зай баримтлах, гар ариутгах гэсэн аар саархан зүйл ярьсаар хичээлийн шинэ жил эхэлсэн. Сургалтын үйл ажиллагаа эхлээд долоо хоноод сургууль, цэцэрлэгүүдийг энэ сарын 21-нээс хэвийн горимд шилжүүлж буйгаа зарлав. Үүнээс өмнө БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн “Хичээлийг гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар үзэх шийдвэрийг бид гэнэт гаргаагүй. Долдугаар сарын 16-наас хойш дэлхийн улс орнуудын туршлагыг судалж, УОК-т хоёр удаа танилцуулсан” гэж ярьсан юм. Гэвч олон сар бусад улсын туршлагыг судалж гаргасан шийдвэрээ хоёр долоо  хоноод цуцалчихсан нь ямар учиртай вэ. Хаа байсан алс холын Кембрижийн хөтөлбөр мөрөөдөж суухын оронд салбарын яамд цар тахлын үед  зургаан сарын турш бүрэн дүүрэн олж авч чадаагүй сурагчдын мэдлэгийг хэрхэн нөхөн олгох гэсэн асуудлаас ажлаа эхэлмээр байна.

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619765
0 эможи

zochin
2020-09-13 18:09
Buten jil hkicheel orsongyi ylangya IKH DEED surguuliin bagsh nar chini mundag doktoruud zaadag , tuuniigee sain oilguuldaggyi bol mash khund shuu dee Odoo IKH DEED surguuliin bagsh nar mash ikh khicheel zutgel, erdem chadlaa gargaj oyutnuudda khandaarai , zarim bagsh asuukh buu hkel shiruun kharaad ybchikhdag mash ikh khotsorloo arilgaj bugdiig ni oyutnuudadf oilguulj gyiotseekh l shaardlagatai
Зочин
2020-09-11 15:30
Эцэг, эх
2020-09-11 13:22
9дүгээр сарын 1-нээс 3 өдөр танхимийн сургалт явуулахын зэрэгцээ ТВ сургалт тявуулж байна. Харин Боловсрол суьгаар 7 дугаар ангийн хичээл 3 өдөр дараалан нэг янзын хичээл орж байгаад харамсаж байна. Ядахдаа 2 удаа давтаад шинэ хичээл оруулмаар байна. Хүүхдүүд залхаж байна шүү. Энд анхаарал тавьдагн газар хяналтын алба хаачсан бэ.
Зочин
2020-09-11 12:32
keyboard_arrow_up