Т.Мөнхсайхан: Өндөр настны эрүүл мэндийг дэмжих чиглэлд үндэсний хэмжээний бодлого хэрэгжүүлэх шаардлагатай
Эрүүл мэндийн яамнаас лавлагаа шатлалын болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу есдүгээр сарын 22-ны хамтарсан уулзалтаар “ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР 2021-2024”-ийг ГҮТ-ийн Ерөнхий захирал Р.Хишигжаргал танилцууллаа.
Үндэсний статистикийн хорооноос 2019 онд хийсэн судалгаагаар Монгол хүний дундаж наслалт 70.1 байна. 2030 он гэхэд энэ тоо 74.5, 2045 онд 81.4-д хүрч, хүн амын 13.4% буюу 671 мянга гаруй иргэн ахмад настны ангилалд орох судалгаа гарчээ. Тиймээс геронтологийн чиглэлийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага зүй ёсоор тулгарч байна. Одоогоор манай улсын хэмжээнд 60 ба түүнээс дээш настай 5000 хүн тутамд нэг настны эмч ногдож байна. Аймаг, дүүргийн ЭМТ-ийн 30 хувьд л настны кабинет ажиллаж байгаа нь хангалттай үзүүлэлт биш юм. Тиймээс геронтологи, гериатрын мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөх, энэ чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх, настан судлал, настны сувилахуйн чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн сургалтыг тогтмол хийх тогтолцоог бүрдүүлэх нь зайлшгүй шаарлагатай байна. Цаашилбал настны эрүүл мэндийн цогц (бие махбод, сэтгэц, нийгмийн) үнэлгээг хийж, тусламж үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлж, хянах, эргэх холбоог бий болгох хэрэгтэй. Ингэснээр настны дотоод чадамж, чадвар, амьралын чанарыг дээшлүүлж, эрүүл урт наслуулах үндэс болох юм. Геронтологийн үндэсний Төвийн шинэ барилгын шав 2011 онд тавигдсан боловч өдий хүртэл баригдаагүй. Байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ өндөр, үндэсний лавлагаа түвшинд хэрэгждэг хэдий ч хүний нөөц, орон тоо цөөн. Хүн амын хэрэгцээнд нийцүүлэн тусламж үйлчилгээний төрөл зүйлийг нэмэх шаардлагатай боловч байрны асуудлаас шалтгаалан боломжгүй байгаа зэрэг тулгамдсан асуудлууд байгааг ГҮТ-ийн Ерөнхий захирал Р.Хишигжаргал танилцуулгадаа дурдсан юм.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн: “Геронтологийн үндэсний төв” байгуулагдаад 43 жил болж байгаа. Гэвч одоогоор үйл ажиллагааны цар хүрээ маш хязгаарлагдмал байна. Үндэсний төвийн хэмжээнд ажиллана гэвэл менежментийн хувьд, үйл ажиллагааны хувьд өргөн далайцтай харж, салбар бодлогоор дэмжих шаардлагатай гэсэн юм.
Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Манай улсад одоогоор 227 мянга гаруй өндөр настан байна. Тэдний өвчлөл ямар хэмжээнд байна, эмчилгээнд хэдий хэмжээний мөнгө зарцуулж байна гэдэг дээр бид тоон судалгаа хийх хэрэгтэй. Настнуудыг өвчлөлөөс урьдчилан сэргийлж, хэрхэн яаж эрүүл наслуулах вэ гэдэг дээр нэлээд анхаарлаа хандуулах шаардлагатай. “Геронтологийн үндэсний төв”-ийн шинэ барилгыг барьснаар настнуудын эрүүл мэндийн асуудал шийдэгдчихгүй. Хамгийн гол нь “Геронтологийн үндэсний төв” маань, өндөр настнуудыг хэрхэн яаж зөв амьдралын хэв маягт сургаж, эрүүл урт наслах амьдралын зөв дадлыг хэвшүүлэх вэ гэдэг талаар улсын хэмжээнд, өргөн далайцтай ажиллах хэрэгтэй. Үүнийг бодлогоор дэмжиж, санхүүжилтийн тогтолцоог ЭМД-тай уялдуулж, нэмэгдүүлэх шаардлагатай байна. Урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал үүнд зарцуулах мөнгө нь өвчилсний дараа эмчилгээ, сувилгаанд шаардагдах зардлаас хэд дахин бага гарна гэдгийг онцолсон юм.
Эх сурвалж: ЭМЯ
|