Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдлоо
Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг Концессын тухай хуулийн дагуу гэрээний хэлцэл хийх шийдвэр гаргасан.
Ингээд 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр “Макс рөүд” ХХК-тай концессын гэрээ байгуулан Ерөнхий сайд орон нутагт ажиллах үеэрээ зам барилгын ажлыг эхлүүлж байв.
Харин бүтээн байгуулалтын ажил дуусаж, Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам өнөөдөр ашиглалтад орлоо. Ингэснээр Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож байна.2008 оноос хойш таван удаа шав тавьж эхлүүлж байсан ч бүтэлгүйтдэг байсан Говь-Алтай-Баянхонгорын авто замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр 11 сарын турш тасралтгүй ажиллаж бэлэн болгожээ.
Хатуу хучилттай шинэ зам нь жилдээ зорчдог 400 мянга гаруй зорчигчдын болон ачаа тээврийн цагийг 2-2.5 дахин, бензин шатахууныг 30-40 хувь хэмнэх юм.
Барилгын ажлын зөвлөхөөр “Аварга зам” ХХК ажиллажээ.