Олон улсын эрүүл мэндийн баг өвөлжилтийн асуудлаар хуралдав
Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцох, үйл ажиллагаагаа уялдуулах, дэмжлэг авах зорилгоор Олон улсын эрүүл мэндийн багийн хурлыг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулав.
Хуралд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн хамтын ажиллагааны болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг 15 байгууллагын 43 төлөөлөгч оролцлоо.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өвөлжилт хүндрэхтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарт үүсч болох эрсдлүүд, бэлэн байдлыг хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, өнөөгийн байдал болон зарим хэрэгцээ шаардлагын талаар илтгэл танилцуулав. Тэрээр энэ жил өвөлжилт хүндэрч, зуд болох эрсдэл, томуу, төст өвчний дэгдэлт болон КОВИД-19 халдвар хүн амын дунд гарах давхар эрсдлүүд байгаа тул эдгээр эрсдэлийг нарийн сайтар тооцоолон бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудлуудыг нарийвчлан тодорхойлсон болохыг мэдээлэв.
Мөн НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра КОВИД-19 халдвартай тэмцэх болон өвөлжилтийн бэлэн байдлыг хангахад Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар нягт хамтран ажиллаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч үр дүнтэй ажиллаж байгааг онцолж, талархал илэрхийлэв.
Үүний дараагаар ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица “Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ДЭМБ-ын дэмжлэг” сэдэвт илтгэл, танилцуулга хийлээ. ДЭМБ-аас өвөлжилтийн бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлж 300,000 хүн тун улирлын томуугийн вакциныг нийлүүлж, үндэсний болон орон нутгийн хэмжээнд дархлаажуулалтыг цаг хугацаанд нь, үр дүнтэй явуулах бүхий л зардлыг санхүүжүүлж байгааг танилцуулав. Цаашид 886,000 ам.долларыг улирлын томуугийн дархлаажуулалтад зарцуулах болохыг мэдэгдлээ.
Хурлын явцад олон улсын байгууллагын төлөөлөгчид КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх чиглэлээр өөрсдийн байгууллагын хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хийхээр төлөвлөж байгаа ажлуудыг танилцуулж, харилцан ярилцаж санал солилцсоноор хурал өндөрлөв.
Эх сурвалж: ЭМЯ
|