ДЭМБ-ын гишүүн орнуудын сайд нарын уулзалтад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан оролцож, илтгэл тавилаа
ЭМЯ, ДЭМБ, НҮБХАС болон Казакстан улсын Эрүүл мэндийн яам хамтран “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ: Үзэл баримтлалыг үйл хэрэг болгох нь” арга хэмжээ цахимаар зохион байгуулагдлаа. Арга хэмжээний үеэр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үйл ажиллагааны хүрээ” батлагдсаныг албан ёсоор танилцуулав.
Мөн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед болон цаашид ЭМАШТҮ-г сайжруулах талаарх улс орнуудын туршлага, ололт амжилт, тулгамдсан асуудлуудын талаар ярилцлаа. Энэхүү арга хэмжээний үеэр ДЭМБ-ын гишүүн орнуудын сайд нарын уулзалтад Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан оролцож, “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний тогтолцооны шинэчлэл” сэдвээр илтгэл тавив.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан илтгэлдээ “Монгол Улсын Засгийн газар хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд суурилсан тэгш байдал, хариуцлагатай байдлыг хангасан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ (ЭМАШТҮ)-ний хүчирхэг тогтолцоотой болохоор зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд ЭМАШТҮ-ний түвшинд явуулын тусламж үйлчилгээ, мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх, ЭМАШТҮ-ний санхүүжилтийн шинэчлэл хийх, түүнчлэн Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар онцлон тэмдэглэлээ.
Эх сурвалж: ЭМЯ
|