Давс уу, Чихэр үү?! Давс уу, Чихэр үү?!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Давс уу, Чихэр үү?!

2021 оны 2 сарын 01

Arslan.mn

Одоо тэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болов. Хэн дуртай нь Монгол төрийн ийм өндөр дээд албан тушаалд очдоггүй. Тэр утгаараа нэр хүнд, хувь тавилан юм. Нөгөө талаас Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдаар томилогдсон цаг үе их адармаатай. Дэлхийг COVID19 цар тахал хэрчихсэн. Монгол ч өртчихсөн. Эдийн засаг гадна, дотногүй дордчихсон. Монголын хамгийн том үүц Оюутолгойн гэрээ, түүнээс улбаатай асуудал ойлгомжгүй байдалд хүрчихсэн.

Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнийн үүрсэн ачаа нь энэ.

Тэр Ерөнхий сайдын хувьд энэ бүгдийг даагаад, даваад явж чадах уу. Гэхдээ одоо ийм зүйл ярих хэрэггүй болсон. Нэгэнт өнгөрсөн. Намын дарга нь шийдсэн. Нам нь дэмжсэн. Ерөнхийлөгч  ч дэмжиж байгаагаа илэрхийлнэ лээ. Тэгэхээр энэ ачаагаа үүрээд цаашаа яаж явах вэ гэдэг сонин байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ засгаа бүрдүүлж аваад чуулган дээр хэлсэн үгийг олон нийт анхааралтай ажиглав. Тэр юу хэлчихсэн бэ?

Засгийн газрынхаа хэрхэн ажиллах “зураг”-ийг танилцуулахдаа тэрээр “...Давс мэт шорвог шийдвэр гаргана” гэж хэд хэд хэллээ. Энэ “шорвог” шийдвэрүүдээ COVID19 цар тахлыг давах, эдийн засгийг сэргээх, дундаж давхаргыг дэмжих, шударга ёсны төлөө тэмцэхэд гаргах юм байна. 

Хамгийн эхэнд COVID19 цар тахлыг энэ Засгийн газар ажиллаж эхэлснийхээ 100 хоногт багтааж дарж авна. Вакцинжуулалтыг энэ хугацаанд иргэдэд хийж дуусгана гэжээ.

Мөн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц арга хэмжээг Засгийн газар  цар тахлыг даван туулах төлөвлөгөөндөө тусгаж, үе шаттай шуурхай хэрэгжүүлэх гэнэ. Гэхдээ үүнийг хийхэд хамтран ажиллахыг нийт иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа. Бодвол таалж хүлээж авахад хэцүү шийдвэр гаргах бололтой. Тэрхүү давс шиг шорвог шийдвэрийг дэмжээрэй гэсэн үг.

Эдийн засгийг сэргээхэд уул уурхай руу чиглэсэн том өөрчлөлтүүд, өөрийнх нь үгээр давс шиг шорвог шийдвэрүүд төлөвлөгдсөн бололтой.

Оюутолгойн гэрээг эрс сайжруулна гэдгээ УИХ-ын чуулганы индрээс амлалаа. Мөн нүүрсээ угааж, зэсээ хайлуулж, газрын тос, төмрийн хүдрээ боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулахад анхаарна гэж Ерөнхий сайд хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн орд газар, бусад нүүрсний томоохон ордуудын өөрөөр “ашиглах” шийдвэрүүд гарах бололтой. Бас уул уурхайн зарим орд, бүтээгдэхүүнийг бүс нутгаар нь зааглаж, олборлолтыг зогсоон, нөөцлөх шийдвэрийг ч гаргаж магадгүй гэнэ. Товчхондоо, уул уурхайн стратегийн орд газруудын шууд өгөөжийг сайжруулах зорилготой томоохон өөрчлөлтүүд хийгдэх юм байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн онцгой анхаарал тавьдаг Тавантолгой-Гашуун­сухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгахаар төлөвлөжээ.

Бас Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусгаж, V цахилгааны станцын ажлыг эхлүүлэх гэнэ. Хөрөнгийн бирж, ТӨҮГ-ын засаглалыг өөрчилнө. Агаарын тээврийн салбарыг либералчилж, энэ хүрээнд МИАТ-ийг хувьчлах ээлжит зорилтыг дэвшүүлсэн байна. Ерөнхий сайд бүр ингэж хэлж гарч ирдэг. Гэхдээ хэн нь хийж чадаагүй. Бас дундаж давхаргыг орон сууц, худалдан авах чадвар, боловсрол, эрүүл мэнд зэрэг талуудаар дэмжихээр төлөвлөсөн байна. 

Авлигын эсрэг хуулийн өөрчлөлтөөр АТГ-ын удирдлагуудыг Ерөнхий сайд санал болгодог болчихсон. Энэ эрх мэдлийн хүрээнд “...Хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй хараат бус шударга шүүхийн тогтолцоо бүрдүүлнэ. ...Төрийг албан бусаар удирдахыг хүсдэг бүлэглэлийн нөхдүүдтэй хатуу тэмцэх болно. Тэдний шүүхэд болон хууль хяналтын байгууллагад байршуулсан  төлөөлөгч нарыг цэвэрлэнэ. ...Цаашид төрийн дээр төр шиг байдаг албан бус бүлэглэл дахин үүсэх, улс төрийн зорилгоор хууль хяналтын байгууллагыг ашигладаг байдлыг бүрэн таслан зогсоохын тулд сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн цогц реформыг улс төрийн намуудтай зөвшилцөж хийнэ” гэв. Тэгэхээр эхлээд шүүх, дараа нь прокурорын байгууллага дахь “хонгил”-ын гэх нөхдүүд энэ овоо хараанд байна гэсэн үг.

Шинэхэн Ерөнхий сайдын анхны “үг” нь энэ. Өөрөө “...Давс мэт шорвог шийдвэр гарна шүү” гэж анхааруулж байна. Мэдээж, давс шорвог ч хоолыг амталдаг үүрэгтэй. Чихэр амттай ч хор болдог гэмтэй.

Ерөнхий сайдын хэлсэн үгнээс харвал ирэх өдөр, сар, жилүүдэд гаргах шийдвэрүүд нь жирийн иргэдэд лав давс мэт шорвог байхааргүй юм байна. Үүнийг ярвайж  “амтлах” зорилтот хэсэг байгаа бололтой. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уул уурхайгаас ашиг олдог, бас төр, шүүх хуулийн байгууллагын дээр сандайлсан улс төр, хууль хяналт, бизнесийн бүлэглэлүүд, тэдгээрт хамаардаг хүмүүст давс мэт гашуун шорвог шийдвэрийг гаргахаар бодож буй ажээ. Харин эдийн засгийг сэргээхэд, авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтоохоор эдгээр шийдвэрийг гаргавал олон нийтийн хувьд чихэр амтагдах юм байна.

Ер нь бол үйл явдал гэнэт өрнөж, Л.Оюун-Эрдэнэ маш богино хугацаанд Ерөнхий сайд болсон. Гэтэл түүний халааснаас ийм бэлэн “төлөвлөгөө” гарч ирлээ. “Алсын хараа-2050”-ыг хийсэн Л.Оюун-Эрдэнээс энэ зэргийн төлөвлөгөө гарах ёстой гэх хүмүүс олон байх юм.

Ямартай ч тэр үүгээрээ маш том амлалтыг ард түмэнд өгчээ. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн энэ дөрвөн зорилт нь түүнийг Ерөнхий сайд байх хугацаанд байнга нэхэгдэх амлалт нь болж байна.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623220
0 эможи

keyboard_arrow_up