Засгийн газар “Рио Тинто”-д алдаад байгаа 10 гаруй тэрбум доллараа авч чадах уу? Засгийн газар “Рио Тинто”-д алдаад байгаа 10 гаруй тэрбум доллараа авч чадах уу?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Засгийн газар “Рио Тинто”-д алдаад байгаа 10 гаруй тэрбум доллараа авч чадах уу?

2021 оны 4 сарын 06

Arslan.mn

Монгол Улсын гавьяат эдийн засагч, судлаач  Т.Балжиннямтай Оюу толгой  төслийн эргэн тойронд ярилцлаа.

-Таны бичсэн  “Оюу толгой аз уу ?, эз үү ?” номыг уншлаа. Чухам аль нь болохыг одоо  Лондоны Арбитрын шүүх  тогтоох болчихоод  байна уу даа?

-Арбитрын шүүх яаж  шийдэхийг би яаж мэдэх билээ. Аль болох тохиролцох зам сонгох нь зөв боловуу, эс тохиролцвоос арга буюу Арбирт очих байх. Монголын Засгийн газар Оюу толгой ордыг хамтран ашиглах талаар “Айвенхоу Майнз”-ийн охин компани, Хөрөнгө оруулагч гэх Айвенхоу Майнз Монголиа Инк компанитай гэрээ байгуулсныг бид бүгдээрээ мэднэ. Тэр компани Оюу толгой ордод  хайгуул хийж хүдэр дэх зэс, алт, мөнгө, молибдений нөөцийг  тооцож тогтоосон. Тэгэхээр бүх асуудал эндээс эхлэлтэй юм. Гэтэл Айвенхоу Майнз  Монголиа Инк компани Оюу толгой ордыг Монголын Засгийн газартай хамтран ашиглах төслийг хэрэгжүүлэх хөрөнгө санхүү, боловсон хүчин, техник технологийн чадамжгүй байсан нь энэ төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад тодорхой болсон. Монголын Засгийн газар бэл бэнчингүй, чадал муутайхан түншийг сонгож гэрээ байгуулсан байдаг. Энэ тухай би номондоо тодорхой бичсэн. Гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагааг Төрийн ордны   их танхимд гүн хүндэтгэлтэй зохион байгуулж, энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд, нэр нөлөө бүхий хүмүүс оролцож, 2009 оны аравдугаар сарын 6-нд гэрээнд гарын үсэг зурсныг монголчууд цэнхэр дэлгэцээр харцгаасан. Үүний өмнө манай төр, засаг бид ямар гээч гэрээнд гарын үсэг зурах гэж байна гэдгээ  тогтож харах ёстой байсан. Төр, засгийн эрх бүхий байгууллагууд, эрх мэдэлтнүүд нягталж харсан эсэхийг би мэдэхгүй. Ямар ч байсан гэрээг хүчин төгөлдөр болгож гарын үсэг зурцгаасан. Гэрээг байгуулахын өмнө Оюу толгой ордыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулж,  түүнд тусгагдсан үзүүлэлтүүдийн тооцооллын үндэслэлийг хянаж тохиролцон баталгаажуулсан байх ёстой юм. Гэрээнд оролцогч талууд энэ төслийг хэрэгжүүлснээр хөрөнгө оруулалтаа хэдэн жилд нөхөх, хэдий хэмжээний үр ашиг, өгөөжийг ямар хугацаанд хүртэх, байгаль-экологийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэрэг үндсэн асуудлыг нарийвчлан тодорхойлсон байх учиртай. Харамсалтай нь энэ нэн чухал асуудлыг шийдвэрлээгүй байхад Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчийн гэрээг Айвенхоу Майнз  Монголиа Инк компанитай байгуулсан байна. Өнөөдөр төр засаг, олон нийтийн анхаарлыг татаж буй асуудал үүнтэй холбоотой. Гэрээ байгуулахаас өмнө инженер, эдийн засагч, судлаачид, олон нийтийн зүгээс гэрээг сайн нягталж, алдаа мадаггүй байгуулах талаар өөрсдийн байр суурь, санал зөвлөмжүүдийг хэлж,  төр засагт хандаж байсан. Миний хувьд гэрээтэй холбогдуулан  өөрийн байр суурийг илэрхийлж,  2009 оны зургадугаар сард МҮОНРТ-ийн "ММ агентлаг"-ийн захирал Ц.Мөнхтөрд ярилцлага өгөхдөө санал, дүгнэлтээ хэлж байсан. Юу хэлсэн бэ гэвэл, гэрээг  өндөр түвшинд хийж болохгүй, гадаадын компанитай хамтран ашиглах гэж байгаа Оюу толгой орд бол Эрдэнэтийн овооны ордоос нөөц баялгаараа 4 дахин их, дэлхийн топ ордуудад эрэмбэлэгддэг гайхамшигтай том орд.  Оюу толгой төслийг хэрэгжүүлэх явцад ажил, асуудал ямар нэгэн байдлаар гацаж болзошгүйг бодолцож, Засгийн газар өндөр түвшинд  гэрээ байгуулж, гарын үсэг зурж болохгүй. Харин АМГТГ юм уу, Төрийн өмчийн хорооны түвшинд гэрээ байгуулахад болохгүй юм үгүй. Оюу толгой төслийг хэрэгжүүлэх явцад аливаа нэгэн асуудал гарахад, түүнийг эхлээд шат шатандаа авч үзнэ. Төрийн яамдын түвшинд хэлэлцэх зэргээр асуудлыг шийдвэрлэх боломжтойг ярьсан. Уг ярилцлагыг бүрэн эхээр нь номондоо оруулсан, уншигч олон түмэн шүүнэ бизээ.

-Гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийх явцад Монголын тал хайхрамжгүй хандсан гэж та хэлж байна уу?

-Хамтын ажиллагааны гэрээ байгуулахад баримталдаг зарчим, журам дүрэм, жишгийн дагуу үйл ажиллагаа яваагүй учраас  асуудал дагуулж байгаа хэрэг шүү дээ. Хамгийн ноцтой нь гэрээнүүдийг толгой эх компанитай бус аливаа ажил асуудал хариуцах чадамжгүй охин компанитай нь байгуулсан байдаг. Тухайн үед юу гэж ойлгож байсан бэ гэвэл, охин компанитай биш, оффшор компанитай бүр ч  биш,  Рио Тинто, Айвенхоу Майнзийн толгой компанитай нь  гэрээ байгуулах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Гэтэл гэрээг судлаад үзэхэд охин компанитай нь, хөрөнгө санхүүгийн ямар ч чадваргүй, мэргэжлийн бус шахам компанитай гэрээ байгуулсан байдаг. Хувь нийлүүлэгчдийн гэрээг бүр оффшор компаниудтай байгуулсан байгаа юм. Тухайлбал, Айвенхоу Оюу толгой гэдэг нэр гэрээн дээр л бичигдсэн байдгаас ямар хөрөнгө чинээтэй, хаанахын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь эргэлддэг, хэн болох нь өнөөг хүртэл ойлгомжгүй байна. Үүнтэй нэгэн адил Оюу толгой Нидерланд гэх нэр Хувь нийлүүлэгчийн гэрээнд тал болж тусгагдсан байх жишээтэй. Оюу толгой Нидерланд компани ямар бэл бэнчинтэй вэ гэхээр мөн л тодорхойгүй. Харин Монголын талаас төрийн өмчийн Эрдэнэс Монгол компани Хувь нийлүүлэгчийн гэрээний тал байхаар тохиролцсон байна. Иймэрхүү  байдлаар гэрээ байгуулсан байгаа юм.

-Оюу толгойн гэрээ луйварын  гэрээ гэдгийг тэр үед олон хүн хэлж анхааруулж  байхад гэрээ байгуулсан нь авлига авч өгөлцсөний нотолгоо юм даа?

-Тэрийг  сэтгүүлч та бүхэн, түүнийг шалгаж нотолж, тогтоодог газраас нь  төрийн өндөрлөгүүдээс  асуух нь зүйтэй байх.  Манай улс  төртэй, засагтай, хуультай орон. Иргэдийнхээ дуу хоолойг сонсож буйр суурьтай хандсан бол өнөөдрийн хэл ам дагуулсан олон асуудал яригдахгүй. Яригдсан ч цөөхөн зүйл байх байсан болов уу. Оюу толгой бол гайхамшигтай орд. Нөөц баялаг арвин, хэдийгээр ордыг ил болон далд аргаар ашиглах ч  ашиглалтын нөхцөл  хүнд биш. Ялангуяа ил аргаар ашиглах хэсэгт хүндрэлгүй. Далд уурхайд ашиглалтын үйл ажиллагаа 1300 метрийн гүн хүртэл таван түвшинд явагдана. Дэлхийн хаана ч байдаг далд уурхайн технологийн үйл ажиллагааны дагуу л Оюу толгой ордоос хүдэр олборлох болно. Хүдрийг блокоор олборлох арга бол Монголын хувьд шинэ болохоос  Чили, Африк зэрэг оронд түүнийг эзэмшээд зүгширүүлчихсэн арга технологи юм билээ. Өмнөх нийгмийн тогтолцооны үед манай уул уурхайн инженер техникчид, мэргэжлийн ажилчид гянтболд(вольфрам), хайлуур жоншны хэд хэдэн ордын ашиглалтыг 200-400 метрийн гүнд явуулж, өнөөгийн Оюу толгой ордоос хүдэр олборлох аргаас арай өөр аргаар хүдэр олборлож байсан юм. Оюу толгойн уурхайд гадаадын өндөр мэдлэг мэргэжил,туршлагатай  мэргэжилтүүд  манай хүмүүсийг далд уурхайн үйл ажиллагааны арга технологи, техникт сургаж,  дадлагажуулан одоо тэд ашиглалтын бүх үйл ажиллагаанд бие даан ажиллаж, Оюу толгой компанийн ажиллагсдын  90 гаруй хувь нь монголчууд, тэдний авьяаслаг, хөдөлмөрч сайхан чанарыг Оюу толгой компанийн удирдлагууд сайшаан магтаж байна.

-Оюу толгой дахь манайхны алдаа өөр юу байна вэ?

-Засгийн газрыг төлөөлж гурван сайд, нөгөө талаас Рио Тинто, Айвенхоу Майнз компанийн эрх мэдэл бүхий хүмүүс ёс төдий гарын үсэг зурсан байгаа юм. Ёс төдий гэдгийн учир нь “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” үүрэг хариуцлага хүлээх талаар нэг ч зүйл заалт гэрээнүүдэд байхгүй. Хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз Монголиа Инк”-ийн үйл ажиллагаанд хамааралтай  хүндрэлтэй ажил асуудал тохиолдоход түүнийг “Рио Тинто”, “Айвенхоу Майнз хариуцах талаар ямар ч зүйл заалт тусгагдаагүй. “Айвенхоу Майнз Монголиа Инк”-ийн хөрөнгө оруулалт гацвал түүнийг толгой компани хариуцна гэдгийг ХОГ болон Хувь нийлүүлэгчийн гэрээнд заах байв. Гэтэл Монголын тал  “....үүргээ биелүүлэхгүй, ямар нэгэн байдлаар ажил асуудлыг гацаавал бүх хариуцлагыг Монголын Засгийн газар хариуцна” гэсэн зүйл заалтыг гэрээнүүдэд тусгасан байгаа юм. Үүнээс харахад хөрөнгө оруулагчийн үүрэг хариуцлагатай холбогдсон нэн чухал асуудалд манай тал хайхрамжгүй хандсан байна. Мөн гэрээний хэрэгжилтийн  явцад Монголын тал хяналтаа орхигдуулсан. Засгийн газар, хариуцсан яам, холбогдох газрууд анх Оюу толгой төслийн ажил эхлэх цаг мөчөөс л бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлд  өдөр тутам  хяналт тавих  ёстой байсан. “Рио Тинто”  бол төслийн гүйцэтгэгч оператор компани юм. Хэрэв хяналттай байсан бол алдаа мадаг гарахгүй шүү дээ. Оюу толгой төслийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаагүй учраас өнөөдөр үнэн, худал нь мэдэгдэхгүй 4.4 тэрбум ам.долларт багтаан иж бүрэн барьж байгуулах төслийн бүх обьектын хөрөнгө оруулалт 15 тэрбумд хүрч, ТЭЗҮ-д тооцсноос 10 гаруй тэрбумаар хэтэрчихсэн тухай  Оюу толгой төсөлтэй холбогдсон маргаантай асуудлын талаар Рио Тинто компанитай хэлэлцээ хийх  Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар сайд ярьж байна билээ. Мөн Засгийн газрын ХЭГ-ын орлогч дарга Б.Солонго далд уурхайн анхны хөрөнгө оруулалт 5 гаруй тэрбум ам.доллар 30 хувь хэтэрсэн гэж бодит байдлаас зөрүүтэй буруу мэдээлэл хийж байсан. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2010 оны ТЭЗҮ-д тусгагдсан далд уурхайн анхны хөрөнгө оруулалт 7 тэрбум гаруй ам.долларт хүрч 5.7 дахин хэтэрсэн байх жишээтэй. Энэ нь Рио Тинтогийн талд олз болсон тэдэнд ашигтай нөхцөл бүрдэж байгаа юм. Ер нь манай үе үеийн Засгийн газар иймэрхүү байдлаар их бага алдаа гаргаж, Рио Тинто овжин ашиглаад зуршил болчихсон билээ. Ийм л байдлаар тэд манай талын алдаан дээр дөрөөлж, үнэн худал нь үл ойлгогддог олон тэрбумын хөрөнгө оруулалтын хэтрэлт гэгчийг зориуд гаргаж ирсэн байдаг. Уг нь туурга тусгаар бүрэн эрхтэй Монгол Улс хөрөнгө оруулалтын хэтрэлт гэх энэ будилаан, маргааныг Оюу толгой компанийн санхүү, бүртгэл тооцооны баримтад тулгуурлан аль эрт цэгцэлж цэг тавих бүрэн боломжтой байсан юм. Энд хүний оюун ухаанаас давсан тайлагдашгүй нууц огтхон ч байхгүй. Энэ бол өдөр тутам хийж байдаг санхүү, бүртгэл тооцооны ердийн л үйл ажиллагаа юм. Ямар сансар хорвоо, од эрхсийг судлах гэж байгаа биш шүүдээ.   

-Оюу толгой төслийг 4.4 тэрбум ам.доллараар хэрэгжүүлэх ёстой атал одоо төслийн хөрөнгө оруулалт 10 гаруй тэрбумаар хэтэрч 15 тэрбум болсон гэж байгааг та юу гэж бодож байна?

-Мэдээж Оюу толгой орд ашиглах ТЭЗҮ-ийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Америк, Австрали, Канад улсын уул уурхайн төсөл боловсруулдаг нэр хүндтэй, туршлагатай компаниуд боловсруулсныг Монголын Засгийн газар түүнд шүүлт хийж, баталгаажуулан албан ёсоор хүлээн авсан нь тодорхой юм.

Энэ ТЭЗҮ-д тусгагдсан ил болон далд уурхай, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, хаягдал хадгалах байгууламж, газрын дээрх, доорхи дэд бүтэц зэрэг обьектыг барьж байгуулан Оюу толгой төслийг бүрэн хэрэгжүүлэхэд 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг тооцож тогтоосон байна. Үүнээс гадна төсөл хэрэгжүүлэх явцад гарч болзошгүй зардал, мөнгөний ханшны өөрчлөлтөд нэг тэрбум гаруй ам.долларын нөөцийг ТЭЗҮ-д тооцож оруулсан байдаг.  Ашигт малтмалын орд ашиглах ТЭЗҮ боловсруулдаг уул уурхайн төслийн мэргэжлийн компаниуд Оюу толгой төслийн ТЭЗҮ-д хөрөнгө оруулалт, үр ашгийн тооцоог 1.9-6.5 дахин алдаатай тооцсон гэхэд эрүүл саруул ухаантай хэнбугай ч үнэмшихгүй. Орчин үеийн дээд зэргийн нарийвчлалтай программаар байж болох бүх хувилбараар Оюу толгой төслийн 2010 оны ТЭЗҮ-ийн бүх тооцооллыг шинжлэн судалж үзлээ гэхэд хэд дахин алдаатай тооцсон байна гэж нотлохгүй нь ойлгомжтой. Гэтэл өнөөдөр Оюу толгой төсөл бүрэн хэрэгжиж дуусаагүй байхад хөрөнгө оруулалт 10 гаруй тэрбум ам.доллараар хэтэрчээ гэсэн асуудал бол маш ноцтой зүйл бөгөөд олон тэрбум ам.долларын асуудлын учир шалтгаан, үндэслэл, тооцоог хөдөлбөргүй баримтаар нотлох ёстой. Ингэж байж уг асуудал хардлага сэрдлэггүй зөв зүйтэй шийдвэрлэгдэнэ. Ингэхгүй бол үндэслэлгүй худал тооцоогоор Монголын төр, засгийг хуурч мэхэлсэн үү гэдэг асуудал хүртэл яригдана шүү дээ.

Эсвэл хөрөнгө оруулалтын тэр  хэтрэлт гэх үнэн худал нь үл мэдэгдэх дэгсдүүлсэн тоо баримт нь нягтлан бодогчид, санхүүгийн мэргэжилтнүүдийн үздэгээр дансны арга хэрэглэн залилан хийсэн байх ийм л хоёр зам, хувилбар байж таарна. Тэгэхээр хөрөнгө оруулалт арав гаруй тэрбумаар хэтэрсэн нь үнэн үү, худал уу гэдгийг Монголын тал, Засгийн газар, холбогдох мэргэжлийн болон хяналтын байгууллага хянаж шалгах ёстой.

Гэтэл Оюу толгой төслийн зөвхөн далд уурхайн хөрөнгө оруулалтын хэтрэлтийг Оюу толгой компанийн ТУЗ-ийн сонгосон аудитын компаниар шалгуулахаар шийдвэрлэсэн нь маш их эргэлзээтэй. Оюу толгой компанийн үнэн худал нь мэдэгдэхгүй, бүх обьек(ил болон далд уурхай, баяжуулах үйлдвэр, хаягдал хадгалах байгууламж, дэд бүтэц зэрэг)-ын  төслийн хөрөнгө оруулалтыг хэтрүүлчихээд түүнийг өөрсдийн сонгосон компаниар хянуулах нь хэр зэрэг оновчтой, үнэмшилтэй байгааг манай эрх бүхий байгууллага эрхбиш анхааралдаа авсан байх гэж итгэж байна. Өнөөдөр эрх зүйн чадамжтай гурван бичиг баримт байна. Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2010 оны гуравдугаар сарын 25-нд Монголын тал албан ёсоор хүлээж авсан ТЭЗҮ юм. Энэ гурван баримт бичгийн хүрээнд бүх асуудал яригдах учиртай. Энэ баримт бичгийн хүрээнд үйл ажиллагаа явах ёстой атал яагаад тэдгээрийн хил хязгаарыг давж гишгэсэн юм. Үүнийгээ хөрөнгө оруулагчтай, төслийн гүйцэтгэгч оператор компанитай хэлэлцэж учрыг олох ёстой. Дараа нь үнэхээр Оюу толгойн  гэрээ Монгол Улс, Монголын ард түмэнд хор хохиролтой, нэг талын эрх ашиг давамгайлсан байгаа бол хоёр тал ярилцаад зөв голдиролд нь оруулах нь зүйтэй. Аливаа бизнес харилцан ашигтай байх зарчимтай бичигдээгүй хуультай. Олон улсад  хүлээн зөвшөөрөгдсөн энэ зарчмаас хальж болохгүй. Оюу толгойн төслийг хэрэгжүүлээд арваад жил болоход Монгол Улс, Монголын ард түмэн ямар ашиг хүртэв, хохирсон бол ямар хохирол учрав. Энэ талаар тодорхой зүйл одоогоор байхгүй. Өнөөдөр ил уурхай, баяжуулах үйлдвэр ажиллаад зэсийн баяжмал экспортлож, зэс, алт, мөнгөний орлогыг Оюу толгой, Рио Тинто компани хүртэж байна. Оюу толгой компани өнөөдөр орлогын албан татвар ч  төлөхгүй байгаа шүү дээ. Хэдэн зуун сая, зарим үед тэрбум орчим ам.долларын борлуулалт хийсэн атлаа алдагдалтай ажиллаж байна гэдэг. Алдагдалтай байсан юм бол яах гэж энэ төслийг хэрэгжүүлж байгаа юм гэдэгт хариулт өгөх ёстой. Байгалиас заяасан өндөр үр ашигтай  ийм ордыг  ашиглаж эхлээд л алдагдалтай ажиллана гэж байх ёсгүй. Эхний олон арван жилд ашигтай ажиллахаар ТЭЗҮ-д тооцсон байна. Иймээс  Оюу толгой компанийн алдагдлын учрыг олох ёстой. Сангийн яам, Уул уурхайн яам, татварын байгууллага энэ асуудлыг нягталж, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй юм. Баялгаа ашиглуулаад ашиг хүртэж чадахгүй юм бол орд газраа яах гэж эргэлтэд оруулсан юм бэ, тийм биз. Оюу толгой орд Эрдэнэтийн овооны ордоос хүдрийнхээ нөөцөөр дөрөв дахин их, хүдэрт байгаа металлынхаа хэмжээгээр 5-6 дахин илүү шүү дээ. Гэтэл өнөөдөр Эрдэнэт үйлдвэр монголчуудад юу өгч байна вэ, 2019 онд 970 орчим тэрбум төгрөг, 2020 оны урьдчилсан мэдээгээр бараг нэг их наядтай тэнцэх татвар, төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлсэн мэдээ байна.

Оюу толгой компани өнгөрсөн арав орчим жилд ил уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанаас 10.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, Монгол Улсын төсөвт 1.8 тэрбум ам.долларын орлого оруулсан гэх, жилд дунджаар 180-200 орчим сая ам.доллар оруулсныг Эрдэнэт үйлдвэртэй харьцуулахад тун бага байгаа юм.

Оюу толгой компанийн өнгөрсөн хугацааны олон тэрбумын борлуулалтын орлогоос Рио Тинто компанид, түүнээс авсан хүнд нөхцөлтэй зээлийн өрийг  төлж байгаагийн зэрэгцээ борлуулалтын орлогын тодорхой хэсгийг далд уурхайн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд зориулсан байна.

-Оюу толгойтой холбоотой бүх мэдээлэл нууцлагдмал. УИХ-ын ажлын хэсэгт хүртэл баримт материалуудаа үзүүлдэггүй гэлцэх юм?

-Оюу толгой компани олон нийтээс нуух юм байхгүй. Энэ компани бол Монголын нутаг дэвсгэрт, Монголын хуулийн дагуу байгуулагдсан аж ахуй нэгж шүү дээ. Тэнд төрийн нууц гэж юу байх юм. Бүх юм нь шилэн байх ёстой. Оюу толгой ордтой холбогдсон бүх зүйл тодорхой, хэдэн тонн баяжмал экспортлох, хэдий хэмжээний орлого олох вэ гэдэг бүгд тодорхой байгаа. Компани манай улсын хууль тогтоомжийн дагуу санхүүгийн тайланг үнэн зөв тогтмол гаргаж, тэр нь олон нийтэд нээлттэй байх ёстой. Нуух тусам хардлага төрнө. Рио Тинто компанийн талаар олон улсын хэвлэл мэдээлэлд татвараас зугтдаг гэхчилэн Оюу толгой компанийн маргаантай асуудлуудтай төсөөтэй  зүйлүүд гарч л байдаг юм билээ. Одоо Хөрөнгө оруулалтын гэрээний 2.27 дугаар зүйл, Хувь нийлүүлэгчдийн гэрээний 17 буюу 18 дугаар зүйлд Оюу толгой төслийг хэрэгжүүлэхэд оролцож, Монгол Улсын нутаг дэвсгэрт орлого олсон гадаадын компанид ногдуулах орлогын албан татварыг Засгийн газар хариуцахаар заасны дагуу энэ маргаантай асуудал Лондоны Арбитрын шүүхийн түвшинд яригдаж байна.

-Та “Дубайн гэрээ”-ний ажлын хэсэгт  ажилласан. Өнөөдөр Дубайн гэрээг хүчингүй болгож, Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах ёстой гэсэн шаардлагыг олон нийтээс  тавих болсон. Зарим нь  Арбитраар шийдүүлэх, цаашид гэрээгээ сайжруулаад явах нь зүйтэй гэлцдэг. Таныхаар аль нь зөв юм бэ?

-Би уул уурхайн яамны хариуцлагатай хүмүүст, тодруулбал Уул уурхайн яамны бодлого, зохицуулалтын газрын дарга асан Отгочулууд  далд уурхайн ТЭЗҮ гэгчийг манайх хүлээж авах ёсгүй юм шүү  гэхэд, “Үнэхээр тийм. Бид үүнийг хүлээж авах ёсгүй юм” гэж санал нэгдэж байсан. Гэтэл өнөөдөр тэр нөхөр Рио Тинтогийн талыг баримтлан телевизээр ярьж л байгаа харагддаг. Монголын талаас эрх мэдэл бүхий ажил алба хашиж байсан, одоо хашиж байгаа хүмүүсийн холбиромтхой энэ байдлыг нөгөө тал овжин ашиглаж байна. Монголын төр, засгийн байгууллагуудын алдаан дээр дөрөөлөн  барьцаа  улам ахиулж байна. Монголын эрх бүхий байгууллагад алба хашиж байгаа шийдвэр гаргах төвшиний хүмүүс  энэ асуудалд хянамгай хандах учиртай.

Дубайн гэрээг байгуулах ямар ч шаардлагагүй бөгөөд далд уурхайн гэх ТЭЗҮ-ийг хүлээж авахгүй буцаачих ёстой байсан юм. Би далд уурхайн гэх ТЭЗҮ-ийг Монголын тал хүлээж авах үндэслэлгүй талаар тухайн үед байр сууриа тодорхой илэрхийлж байсан боловч бусад нөхөд дэмжээгүй. Тэгсэн бол өнөөдөр Ерөнхий сайд  эвгүй байдалд орж   нэр хүнд нь унахгүй  байлаа. Удирдах албан тушаалтан, шийдвэр гаргагчдын   нүд чих болсон мэргэжлийн хүмүүс, геологичид, уул уурхайн инженэр, эдийн засагчдын ТЭЗҮ-д шүүлт хийсэн дүгнэлт бол удирдлагаас шийдвэр гаргах үндэс болж байх ёстой. Манайд  ийм арга барил, зарчим дутагдалтай байгаагаас асуудал үүсэж, алдаа гаргаад байна.

Өнөөдөр “Дубайн гэрээ”-г цуцлая гэсэн төр, засгийн шийдвэртэй миний хувьд санал нэг байгаа. Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээг судлаад үзэхэд Монгол Улсад хохиролтой,  дарамт болсон зүйл заалтууд олонтой. Тэр бүх заалтыг хоёр талд харилцан ашигтай байх нөхцөлөөр засаж залруулах ёстой. “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-д ашигтай нөхцөлөөр гэрээнүүд байгуулсан байгаа юм. Хоёр талд харилцан ашигтай нөхцөлөөр гэрээгээ засаж залруулах нь гарцаагүй болно. Хэрэв хөрөнгө оруулагч гэрээнүүдийн өөртөө ашигтай бүх заалтыг өөрчлөхгүй хэвээр нь байлгах зарчим баримтлахад хүрвэл гэрээнүүдийг цуцлахаас аргагүйд хүрнэ. Хаана ямар алдаа мадаг байгааг “Оюутолгой аз уу, эз үү” номдоо дурдсан болно. Манай төр, засагт өндөр боловсролтой,  мэдлэгтэй, туршлагатай, шударга хүн олон байгаа, Тэд Оюу толгой төслийн хэрэгжилтийн талаар гүн гүнзгий судалж, дүгнэлт гаргаж, алдаа мадгийг засаж залруулах арга зам, тактикаа аль хэдийнэ тодорхойлсон гэж бодож байна.

Оюу толгой төслийн хэрэгжилттэй холбоотой хуримтлагдсан маргаантай асуудлыг Хөрөнгө оруулагч болон төсөл хэрэгжүүлэгч Рио Тинто компанитай хэлэлцээ хийх Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд ахалж, түүний бүрэлдэхүүнд хэд хэдэн сайд байгаа мэдээ байна. Мөн УИХ-ын зарим гишүүд энэ маргаантай асуудлыг хэлэлцэх яриа хэлэлцээнд оролцох тухай сайд Х.Нямбаатар УИХ-ын хуралдааны үед мэдэгдэж байсан. Эндээс харахад Оюу толгой төслийг хэрэгжүүлэх явцад талуудын хооронд хөрөнгө оруулалтын хэтрэлт гэх зэрэг үүссэн маргаантай асуудлын талаарх энэ удаагийн хэлэлцээг манай төр засаг хөрөнгө оруулагч болон төсөл хэрэгжүүлэгч Рио Тинто компанитай өндөр төвшинд хийж, тэдэнд их хүндэтгэл үзүүлэх нь гэж ойлгогдож байна. Монголын талын Ажлын хэсгийн энэ хүчтэй бүрэлдэхүүнтэй нөгөө талаас чухам ямар зиндаа, эрх мэдэлтэй төлөөлөл хэлэлцээ хийх бол гэдэг талаар олон нийт, хэвлэл мэдээллийнхэн ихээхэн анхаарч, сонирхож байх шиг бололтой.  

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625167
0 эможи

Номин
2021-04-06 13:13
Отгочулуу гэгч авигач урвагчийг яагаад ТВ -ээр яриулаад байдаг им бэ ??? Тэр ТВ ИХ Л $ авдаг юм байхдаа !!!
keyboard_arrow_up