Аймгуудад дижитал РЕНТГЕН АППАРАТ хүлээлгэн өглөө
Монгол улсад коронавирусын халдвар (Ковид-19)-ын цар тахлын үеийн болон сүрьеэ өвчний илрүүлэг, хүндрэлийг эрт оношлох, оношлогооны чадамжийг дээшлүүлэх, хавьтал болон өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амын дундах эрт илрүүлэг, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй чанартай, хүртээмжтэй хүргэхэд нэн шаардлагатай зөөврийн дижитал рентген аппаратыг Глобаль сангийн дэмжлэгтэйгээр 11 эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгөв. Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 2 жилийн хугацаанд 26 ширхэг зөөврийн дижитал рентген аппаратыг 21 аймаг, ХӨСҮТ, СХД, Налайх, Багануур дүүрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429, 461-р хорих ангиудад хүлээлгэн өгсөн байна.
Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сүрьеэгийн төслийн зохицуулагч Н.Цогзолмаа болон АШУҮИС, Арьс өвчин судлалын үндэсний төв, Архангай, Булган, Говьсүмбэр, Говь-Алтай амйгуудийн нэгдсэн эмнэлгийн рентген техникч нар оролцлоо. Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн байгууллагууддаа зөөврийн рентген аппаратаар үе шаттайгаар ханган нийлүүлснээр бид сүрьеэ өвчин, коронавируст халдвар (ковид -19)- ын цар тахлын болон бусад өвчний үеийн хүндрэлийг эрт илрүүлж, халдварын тархалтыг бууруулах, эмчилгээний үр дүн, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж, цаашид оношийн хожимдлыг бууруулах, үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээг ойртуулж, чирэгдэл, зардалыг бууруулах боломжтой болж байна.
Монгол улсад үүсээд байгаа энэхүү цар тахлын хүнд үед орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад орчин үеийн арга технологийг нэвтрүүлэн ажиллахад тодорхой дэмжлэг болж буй эдгээр зөөврийн рентгенүүдийг аймгуудад хүлээлгэн өгч байгаад нэн таатай байна.Цаашид бид орон нутагт үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарал хандуулан тодорхой шинэчлэл, өөрчлөлтүүдийг бодлогын түвшинд хийж ажиллах бөгөөд эмч, сувилагч эрүүл мэндийн ажилтан та бүхнийхээ нийгмийн асуудлыг ч онцгой анхаарч ажиллана гэдгээ хэлэхэд таатай байна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцлон тэмдэглэв.