ЗТХ-ийн сайд Д.Халтар төрийн ажлыг “Баянзам” ТББ-д “дээрэмдэж” өгсний цаана авлигын хэрэг нуугдаж байна уу ЗТХ-ийн сайд Д.Халтар төрийн ажлыг “Баянзам” ТББ-д “дээрэмдэж” өгсний цаана авлигын хэрэг нуугдаж байна уу
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЗТХ-ийн сайд Д.Халтар төрийн ажлыг “Баянзам” ТББ-д “дээрэмдэж” өгсний цаана авлигын хэрэг нуугдаж байна уу

2021 оны 5 сарын 13

Arslan.mn

У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын Засгийн газрын сайдууд мөнгө төгрөгтэй холбоотой асуудлаас хол байж ирсэн. Энэ талаарх хэл ам ч гарахгүй, нам жим байсан.  Иргэд “Энэ муу хэдэн сайд ажлаа сайн хийж чадахгүй ч гэсэн идэж уух нь харин гайгүй юм шиг байгаа юм. Тэгж мөнгө шамшигдуулсан. Тэр найз, ах дүү, хамаатан садандаа давуу эрх олгосон гээд муу юм дуулдахгүй юм” гээд ам сайтай байлаа. Тэгсэн эхнээсээ зэс нь цухуйж, АТГ-ын үүд хаалгыг онголзуулж, мөрдөн байцаагчийн өрөөний үүдийг сахих үйлдлүүд ар араасаа цувраад эхэллээ. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод 100 гаруй хонож байна. Өнөөдөр хэдэн сэтгүүлч цуглуулж байгаад хийсэн ажлаа танилцуулах юм гэсэн. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр Зам тээврийн  хөгжлийн сайд Д.Халтар эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй ноцтой баримт гараад ирлээ. Д.Халтар сайд төрийн байгууллагын хийдэг ажлыг нэгэн төрийн бус байгууллагад боловсон аргаар "дээрэмдэж" өгөөд, шуудай шуудайгаар нь ашиг олох боломжтой үүд хаалгыг нь цэлийтэл нээгээд өгчээ. Магад манай сайт дээр гарсан нийтлэлийн мөрөөр хууль хяналтын байгууллага Зам тээврийн хөгжлийн сайд Д.Халтарын гаргасан үйлдэл, хийсэн гэрээг  хууль зөрчсөн эсэхийг шалгаж эхлэх биз ээ.

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БА  Д.ХАЛТАР САЙДЫН АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН АЖЛЫГ БУЛААСАН НЬ

           Зам тээврийн хөгжлийн сайд  Д.Халтар өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдөр “Баянзам тээвэрчдийн холбоо” ТББ-ийн төлөөлөн удирдах  зөвлөлийн дарга Д.Баярхүүтэй  хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс таван толгой”, орон нутгийн “Таван толгой”, “Энержи ресурс”,  Таван толгойн орд газраас Говьсүмбэр аймгийн  Чойр 25 дугаар зөрлөг буюу олон овоот чиглэл зам хүртэл 407 километр улсын чанартай авто замаар  хариуцлагатай, жишиг тээвэр хийхэд зохион байгуулах, хяналт тавих үндсэн зорилготойгоор дээрх гэрээ хийгджээ. Уг гэрээ бүхэлдээ “Баянзам тээвэрчдийн холбоо”  ТББ нь Авто тээврийн үндэсний төвийн хийдэг, чиг үүргийн бүх ажлыг хариуцан хийхээр гэрээнд тусгагджээ.

         Уншигч та бод доо, төрийн бус байгууллага тээврийн компаниудад  улсын чанартай замаар нүүрс тээвэрлэхийг зөвшөөрч эрх олгоно. Бүр тээврийн компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, 407 километр замаар хэний компанийн том оврын автомашин явах, явахгүйг тэд шийднэ гээд. Нөгөө үе үеийн АТҮТ-ийн дарга нар авлига авч, шоронд ороод байдаг зөвшөөрөл буюу QR кодыг олгоно гэсэн үг. Энэхүү зөвшөөрлийг авахын тулд цаанаа хятад эзэнтэй мөртлөө наанаа манай улсын нэр дээр байдаг тээврийн хэрэгслээ явуулахын тулд хэдэн зуун сая төгрөгийн авлига яригддаг зөвшөөрлийг зүгээр нэг захын ТББ өгөх болж байгаа юм. 

         Тэд жолооч нартай гэрээ байгуулна. Дүрэм зөрчсөн жолооч нарын эрхийг шууд хурааж аваад тэр замаар дахин зорчуулахгүй байх боломжтой. Үүний дараа  Говьсүмэр аймгийн Сүмбэр сум, Дундговь аймгийн Баянжаргалан, Өлзийт, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд дөрвөн хяналтын пост байгуулах юм байна. Дээрх дөрвөн постоор  дамжуулан машин бүрээс зам ашигласны төлбөр гэгчийг дур зоргоороо авах боломж нээгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, улсын чанартай 407 километр замаар нүүрс болон бусад төрлийн баяжмал тээвэрлэх зөвшөөрөл буюу QR кодоор дамжуулаж, авлига ил цагаан авах боломж нээгдэж байгаа юм. Үүний дараа зам ашигласаны төлбөр мөнгө машин бүрээс хураана гэсэн үг. Мэдээж жилдээ хэдэн тэрбум төгрөгийн ашигтай ажиллах асуудал үүний ард яригдаж байна гэсэн үг.

Уншигч та бод доо, төрийн бус байгууллага тээврийн компаниудад улсын чанартай замаар нүүрс тээвэрлэхийг зөвшөөрч эрх олгоно. Бүр тээврийн компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, 407 километр замаар хэний компанийн том оврын автомашин явах, явахгүйг тэд шийднэ гээд.

“БАЯНЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО” ТББ ЗАМ ЗАСЧ, МАЛЧДЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ, БАС НУТГИЙН ИРГЭДЭД АЖИЛ ОЛГОНО

          

  Зам тээврийн хөгжлийн сайд  Д.Халтарыг мэргэжлийн сайд гэж хүмүүс үнэлдэг. Гэтэл “Баянзам тээвэрчдийн холбоо” ТББ-ыг улсын чанартай 407 километр замыг арчилж, тордох, хашилт хаалт хийх ажлыг хариуцуулаад өгчихжээ. Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй компани, төрийн байгууллага хийдэг ажлыг ТББ хийх юм гэнэ. Бүр замын тэмдэг, тэмдэглэгээг хүртэл хийхээр гэрээнд тусгагджээ. Мэдээж ТББ өөрсдийнхөө мөнгөөр улсын чанартай замыг засаад суухгүй нь тодорхой. Улсын төсөв, компаниудын машинаас авсан хураамжны мөнгөөрөө засах биз ээ. Бүр нүүрс тээвэр хийж байгаа замын ойр орчимд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг ч тэд хийх гэнэ. Мэдээж нөлөөллийн бүсэд байгаа гэж мөнгө төгрөг  өгөх юм байх. Үүний дараа говь нутагт худаг ус гаргах ажлыг ч хийнэ гээд төсөлдөө тусгажээ. Өөр нэг асуудал нь нутгийн иргэдийг ажилд сонгон шалгаруулж авч, нутаг орон нутагт ажлын байр бий болгохоор хамтран тохиролцжээ. Мөн явуулын засвар үйлчилгээ, шатахуунаар хангах,  машины засвар, цайны газар, зочид буудал зэргийг ч хийж,  энэ төрлийн үйлчилгээгээр хангах юм байх.

Бүр нүүрс тээвэр хийж байгаа замын ойр орчимд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг ч тэд хийх гэнэ.

Д.ХАЛТАР САЙД ХЭЛ АМНААС АЙХДАА ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЮМ БИШ БИЗ

Arslan.mnД.Халтар сайд  “Баянзам тээвэрчдийн холбоо”  ТББ-д яагаад хайр зарлах болов. Бүр мэргэжлийн төрийн байгууллагын дээгүүр алхуулж, дээрх ТББ давуу эрх олгох болсон шалтгаан юу байв. Хууль хяналтын байгууллага энэхүү асуудлыг шалгана гэдгийг тооцоолж үзэлгүйгээр шууд дэмжиж ажиллах болсон нь ямар учиртай вэ гээд олон хариулт нэхсэн асуулт урган гарч ирэх ажээ. Тэгвэл “Баянзам тээвэрчдийн холбоо” ТББ нь байсхийгээд л хэвлэлийн хурал зарлаж, нүүрс тээврийн жолооч нарын эрхийг хамгаалах тал дээр дуугарч байдаг юм байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн хоёрдугаар сард “Д.Халтар сайдын мунхаг шийдвэр нүүрсний экспортыг гацаанд оруулчихлаа” гээд л сүр дуулиантайгаар хэвлэлийн хурал зарлаж байжээ. "Баянзам тээвэрчдийн холбоо" ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү "Улс орон даяар цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж улсын эдийн засаг үндсэндээ царцаж, олон улсын шугамаар ирж буй зээл, тусламжийг эс тооцвол уул уурхайн экспорт дээр эцсийн найдлага тавин тэссээр буй. Зам тээврийн сайдын үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэрээс үүдэн нүүрсний экспортын шинэ гарц зогсоод байна. Зам тээврийн сайдын бичиг яагаад хууль зөрчсөн вэ гэхээр 2019 онд А/82 дугаартай тушаал гарч уг тушаалаад Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай авто замыг хатуу хучилттай авто зам тавих хүртэл нүүрс тээвэрлэлт хийхийг хориглосон. Нэр бүхий компаниуд энэ тушаалыг шүүхэд өгч уг маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг баримталж зам хааж байгаа нь хууль зөрчиж байна. Ерөнхий сайдаа, Сангийн сайдаа та нар индэр дээрээс гоё гоё юм ярьж эдийн засгаа сайжруулна, экспортын тээвэрлэлтээ нэмэгдүүлнэ, бизнесээ дэмжинэ гэж байх хооронд Зам тээврийн сайд чинь Засгийн газрын, Ерөнхий сайдын цаашлаад улс орны эдийн засгийн эсрэг шийдвэр гаргалаа” гэж байв.

         Өөрөөр хэлбэл, тус ТББ Д.Халтар сайдын талаар таагүй хэвлэлийн хурал удаа дараа хийж байжээ. Гэтэл сар гаруй хугацаа өнгөрсний дараа тэдэнд ийнхүү төрийн байгууллагаас илүү эрх мэдэл өгсөн байх ажээ. Нэг талаар Д.Халтар сайдын зөөлөн суудалд үлдэхийн тулд буюу хэл амнаас айхдаа ТББ-д хууль зөрчөөд, давуу эрх олгочихсон ч байж мэдэх юм.

Магад манай сайт дээр гарсан нийтлэлийн мөрөөр хууль хяналтын байгууллага Зам тээврийн хөгжлийн сайд Д.Халтарын гаргасан үйлдэл, хийсэн гэрээг  хууль зөрчсөн эсэхийг шалгаж эхлэх биз ээ.

Эх сурвалж: Эргэлт.мн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626877
0 эможи

keyboard_arrow_up