ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 3-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өс хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс уг анхдагч хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл нь 5 бүлэг, 22 зүйлтэй бөгөөд нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг тус тус боловсруулжээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтын тоог нэмэгдүүллээ
“Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолд нэмэлт орууллаа. Ингэснээр Алтанбулаг, Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги боомтоор эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эдийг татан авах боломжийг нэмэгдүүллээ.
Манай улс эм, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын үйлдвэрлэлийн түүхий эд, туслах материалыг БНХАУ, ОХУ, БНСУ, БНЭУ-аас импортолдог. БНХАУ-ын Эрээн боомт түр хугацаагаар хаагдсантай холбоотой 2021 оны аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Эрээн боомтод ханган нийлүүлэх 17 байгууллагын 37 ачаа, Тяньжин боомтод 14 байгууллагын 21 ачаа саатаад байна.
Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцтай холбоотойгоор дараах ажил, арга хэмжээг зохион байгуулна
Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцид үзүүлэх нөлөөллийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийсэн байна. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангах зорилгоор механикжсан агуулахыг нийслэлийн өмчид шилжүүлэн авч, удирдлага, менежментийг хариуцан ажиллах:
Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор 11,12 дугаар сард махны өргөтгөсөн худалдааг хүртээмжтэйгээр 30-аас доошгүй байршилд зохион байгуулах, шуудан хүргэлтийн үйлчилгээг ашиглан айл өрхөд өвлийн идшээ татан авах нөхцөлийг бүрдүүлэх:
Хүн амын хаврын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, худалдан борлуулах ажлыг зохион байгуулах:
Хөдөө аж ахуйн корпораци байгуулах, уг байгууллагаар дамжуулан хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц, улаан буудайн нөөц бүрдүүлэх замаар үнийн тогтвортой байдлыг хангах, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх
Эрчим хүчний үнэ тарифыг 2022 оны зургадугаар сарын 01 хүртэл нэмэгдүүлэхгүй байх,
Хүнсний бүтээгдэхүүн, хүнсний сав баглаа боодол, бусад нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг Гашуунсухайт, Ханги, Бичигт боомтоор нэвтрүүлэн, импортлоход аймгийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторийг хилийн боомтуудад татан ажиллуулж, шуурхай арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Мөн импортоор оруулж ирэх хүнсний зориулалттай ачааны хагас болон битүү вагоныг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар хуулийн төсөл боловсруулан шийдвэрлүүлэхийг Сангийн сайд болон ЗТХ-ийн сайд нарт үүрэг болголоо.
“Сүхбаатар” хөлөг онгоцыг музей болгоно
Хөвсгөл нуураас татан гаргасан “Сүхбаатар” хөлөг онгоцны хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, цаашид аялал жуулчлал, музей болгож ашиглах талаар саналаа танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Хөвсгөл аймгийн Засаг даргад, тус хөлөг онгоцыг татан гаргахад оролцсон алба хаагчдыг урамшуулах асуудлыг шийдвэрлэхийг Батлан хамгаалахын сайдад даалгав.
Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг энэ оны аравдугаар сарын 01-нээс зохион байгуулж байна. Тус ажиллагаанд ОБЕГ, ЗХЖШ, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар зэрэг байгууллагын 120 гаруй алба хаагч оролцож байна.
Товч мэдээ
· Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн баталлаа.
· Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо 2021 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдах Эдийн засаг, худалдааны Монгол Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрлөө.
· “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталлаа.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар