Засгийн хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД Засгийн хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Засгийн хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД

2022 оны 4 сарын 06

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 6-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.

Батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу Шинэ Зуунмод хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, эх үүсвэрийн зураг төслийг боловсруулах болон барьж байгуулахад шаардагдах зардлыг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, хөгжлийн жилийн төлөвлөгөө, аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улс, орон нутгийн жил бүрийн төсөвт тусгах, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар шийдвэрлэж ажиллахыг холбогдох сайд, дарга нарт даалгалаа.

Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь хүн амын нутагшилт суурьшлын тогтолцоонд тулгуурлан хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох, нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, хүн амын аюулгүй, амгалан тайван, дэд бүтцийн хүртээмжтэй орчинд амьдрах нөхцөлийг хангахад чиглэсэн хот байгуулалтын бодлогыг тодорхойлжээ.

Шинэ Зуунмод хот байгуулагдсанаар тус хотын дотоодын нийт бүтээгдэхүүн 2040 он гэхэд 24 их наяд төгрөг буюу 8.5 тэрбум ам.долларт хүрч Улаанбаатар хот, Хөшигийн хөндийн бүс орчим ажлын байр, орлого бүрдүүлэгч сектор болно. Шинэ хотын эдийн засгийн 0.5% нь хөдөө аж ахуйгаас, 13.2% нь үйлдвэрлэлээс, 86.4% нь үйлчилгээний салбараас бүрдэх юм байна.

Төв аймгийн Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод хотыг шинээр төлөвлөж байгуулснаар:

  • Шинэ хотжилт бүхий бүс нутгийн нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих
  • Нийслэл Улаанбаатар хотын хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээний хэт төвлөрлийг сааруулах, ажлын байрыг орон нутагт бий болгох;
  • Төрийн  үйлчилгээг тэгш хүртээмжтэй хангах, шинэ боловсон хүчин, туршлагыг түгээх, төрийн албаны үйл ажиллагааг орон нутагт өргөжүүлэх;
  • Шинэ хот, бүс нутагт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж  эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг бүрдүүлэн, шинжлэх ухаан, технологи, инновацийн үйлдвэрлэл, аялал жуулчлал,  худалдаа,  үйлчилгээг хөгжүүлэх;
  • Үндэсний соёл, иргэншлийн өв уламжлалыг хадгалсан дэлхийн жишигт нийцсэн эрүүл, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан ногоон, ухаалаг хот байгуулна гэж үзэж байна

“Эрдэнэт медикал” төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгуулав
 
Хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Эрдэнэт медикал” төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгууллаа.
Эмнэлгийн дүрмийг баталж, зохих тусгай зөвшөөрөл олгох, эрүүл мэндийн даатгалын сантай холбогдсон асуудлыг шийдвэрлэж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгов.
Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоол гарч энэ оны хоёрдугаар сард “Эрдэнэт медикал” эмнэлгийг “Медипас” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т буцаан авахыг даалгасан юм. “Мепидас” эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасалдуулахгүй хэвийн явуулах, хөрөнгийг буцаан хүлээн авах, эдийн засгийн тооцоо, судалгаа хийх зэрэг ажил хийгдэж байна.

Тус эмнэлэг нь төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн тусгай зөвшөөрөлтэй бөгөөд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг Эрдэнэт үйлдвэрийн ажилтан нарт болон Орхон аймаг, бүс нутгийн иргэдэд үзүүлж байна.

Нийслэлийн 468 дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна

Цар тахлын улмаас 2022 оны нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан үнийн өсөлтийг бууруулах зорилгоор бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махны нэг кг тутамд 900-1100 төгрөгийн дэмжлэгийг батлагдсан төсөвтөө багтаан олгохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад үүрэг болголоо.

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан үхрийн ястай мах 8900 төг/кг, хонины ястай мах 8300 төг/кг, ямааны ястай мах 7100 төг/кг үнээр есөн дүүргийн 468 дэлгүүрээр худалдаалж байна.             

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа. Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн давуу эрхийн хувьцааны бүртгэлийг баталгаажуулах арга хэмжээ авахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болголоо.  

Шинэчлэн баталсан дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилуулах арга хэмжээг энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид даалгалаа.
Үндэсний статистикийн хорооны “Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо”-нд Монгол Улсын хүн амын тоо 2045 он гэхэд таван сая хүрэх нарийвчилсан тооцоо гаргажээ.
Иймд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааны тоо хэмжээг хоёр саяар нэмэгдүүлж, давуу эрхийн хувьцааг таван сая болгон Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлэх, бүртгэлийг баталгаажуулна. Ингэснээр байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээх боломж бүрдэнэ.
 Товч мэдээ

  • “Хөтөлийн цемент шохой” компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлах заалтыг хүчингүй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • “Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа”-г “Хилийн боомтын  захиргаа” болгон өөрчилж, Сангийн яамны харьяанд байгууллаа.  
  • Засгийн газрын 2022 оны зээллэгийн төлөвлөгөөг баталж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль болон Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн хэрэгжүүлж ажиллахыг Сангийн сайдад даалгалаа.
  • Монгол Улсын Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийн үйл ажиллагааг өргөтгөн шинэчилж, төрийн эргэх холбоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албанд шилжүүлсэн юм. Тус төвийн үйл ажиллагааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.“11 11” төв нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж иргэдээс дуудлага болон цахимаар ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлэх, шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
635808
2 эможи

Рагчаа
2022-04-08 00:34
Нөөцийн мах гэж дээ цул яс өөх ингэж болохгүй биз дээ
keyboard_arrow_up