Оюун-Эрдэнэ няцвал 30 жилийн намаг балчигтаа буцаад живнэ Оюун-Эрдэнэ няцвал 30 жилийн намаг балчигтаа буцаад живнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Оюун-Эрдэнэ няцвал 30 жилийн намаг балчигтаа буцаад живнэ

2022 оны 4 сарын 15

Arslan.mn

Оюун-Эрдэнэд дургүй хүмүүсийн тоо толгой өссөн байна. Их хурал дахь Ардын намын бүлгийн энэ долоо хоногийн хурлаар энэ тодорхой болжээ. Намынх нь олон гишүүн түүнийг шүүмжилсэн гэнэ. Ийм агуулгатай мэдээлэл ойрын үед түлхүү тарж байна.

Ардын намын бүлгийн хурал үнэхээр ч ширүүхэн уур амьсгалтай болжээ. Ер нь зөвхөн бүлгийн хурал гэлтгүй энд тэнд болж буй гишүүдийн оролцоотой хурал хуй нэг тиймэрхүү уур амьсгалтай болоод байгаа гэж дуулдах болсон. Ардын намын цагаан байр, Төрийн ордны хоёр, гуравдугаар давхраар зарим гишүүн оффислоод байгаа сураг бий.

Учир нь цагаан сараас хойш сүр дуулиан болсон Хөгжлийн банкны хэргийн мөрдөн шалгах ажиллагаа ид дундаа орсон. Шалгах явцад найдваргүй зээлүүдийн араас Их хурлын нэр бүхий гишүүд гарч ирээд байгаа аж. Авлигынхан, Эрүүгийн цагдаагийнхан нийлсэн мөрдөн шалгах ажлын хэсгээс хэд хэдэн гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагатай гэсэн хүсэлтийг нэлээд хэд хоногийн өмнө прокурорт өгчээ. Ерөнхий прокурор энэ дагуу Их хуралд санал явуулахаар бэлдсэн байна. Түдгэлзэх гишүүдийн нэр эхнээсээ ил болоод байгаа юм. Эхнээсээ яллагдагчаар татагдаж, тэр мэдээлэл нь хэвлэлүүдээр гараад эхэлсэн байна лээ.

Чухам, тэд л Төрийн ордны гурав дөрвөн давхарт амьдрах шахаж байгаа юм байна.

Ерөнхий сайд, Ардын намын дарга Оюун-Эрдэнийн тухайд Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүдийг хамгаалахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэр ч байтугай, уг хэрэгт холбогдсон нэр бүхий гишүүдийг дуудаж, өөрсдийн саналаар бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулахыг санал болгосон байна. Гэвч тэгдэг тэнэг хаа байхав дээ. Харин Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүд “...Оюун-Эрдэнэ бол туслахгүй, хамгаалахгүй юм байна” гээд бат нот ойлгожээ.

Тийм учраас тэдгээр гишүүн сүүлийн хэд хоногт Ерөнхийлөгч Хүрэлсүх рүү гүйлдэж, гуйж түүгээд амраахаа больсон байна. Ерөнхийлөгчөөс аврал эрж, уйлаан майлаан болсон гишүүд Төрийн ордны гурван давхраар гүйлдээд хэд хонож буй аж. Хариуд нь Ерөнхийлөгч юу гэснийг бүү мэд.

Оюун-Эрдэнэ Хөгжлийн банктай холбоотой хэрэг дээр ийм хатуу байр суурьтай байгаа нь учиртай. Тэрбээр зургаан жилийн өмнө Их хурлын гишүүн болсноосоо хойш МАНАН гэх хэсэг бүлэг хүнтэй үзэж байна. Тэднээс нь Хөгжлийн банкны зээлтэй холбогджээ. Хорь гаруй хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгосон. Хоёр хоногийн өмнө Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг мөн цуцлав. Энэ асуудлууд “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудалтай хамт шүүхээр шийдэгдэхээр болж байгаа гэнэ. Энэ бүхнээс, Оюун-Эрдэнэ Эрдэнэбилэг рүү ноцоод байгаа байдал харагдана. Баттай эх сурвалжийн мэдээллээр “...Эрдэнэбилэг гэдэг бол Баттулга буюу Эрдэнэбилэгийн араас Баттулга гарч ирдэг” гэх болжээ. Энэ удахгүй батлагдаж, томоохон дуулиан дэгдэх бололтой.

Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны хэргийг цэгцэлчихээд “...Тавантолгойн нүүрснээс мөнгө завшиж, далд эдийн засаг үүсгэдэг бүлэглэлийг илрүүлнэ” гэж мэдэгдсэн. Их хурлын нэр бүхий гишүүд холбоотой гэсэн. Эхнээс нь нэрлэсэн. Адьяасүрэн гэх мэт гээд ярьсан. Гэвч Адьяасүрэн гишүүний хэрэг цайрчихжээ. Нөгөө өмгөөлөгч Баасанцогттой холбогдож, бас авлигын хэргээр шийтгүүлсэн Нямдорж Нийслэлийн прокурор байхдаа Адьяасүрэнгийн хэргийг хүчингүй болгосон байна. 2021 оны хоёрдугаар сарын 9-нд Нямдорж прокурор Адьяасүрэн гишүүнд хариу мэдэгдэх хуудас илгээж энэ талаар мэдэгдсэн байна. Түүнд нь “...Адьяасүрэн таныг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Гашуунсухайт-Хятад Ганц модны боомтын чиглэлд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх С зөвшөөрлийг бичиг гаргуулж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Авто тээврийн төвийн Хэлтсийн дарга Доржпаламд хахууль өгөхөөр амлаж, 2020 оны гуравдугаар сарын 19-нд “Баянговь транс” ХХК-ийн 85, “Сан тээвэр групп” ХХК-ийн 190, “Топ транспорт” ХХК-ийн 30, “Тэнгри транс групп” ХХК-ийн 172, “Ульгансар транс” ХХК-ийн 203, нийт 280 машинд С зөвшөөрөл олгож шийдвэрлэсний хариуд түүний хүргэн Габитаар дамжуулж, 100 мянган ам.долларын харууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж 2020 оны тавдугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын прокурор Пүрэвдагва яллагдагчаар татсан.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй явагдах, хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим зөрчигдсөн байх тул танаас гаргасан гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ” гэсэн байна.

Түүнчлэн Оюун-Эрдэнэ “...Их сонин. Энэ хэргийн араас манай нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ” гэсэн нь анхаарал татаад байгаа юм. Хэн хэн байгаа вэ гэх яриа тасрахгүй л байна. Оюун-Эрдэнэ ярихдаа, энэ асуудал Тавантолгойн нүүрсний тээвэртэй холбоотой. Төмөр замыг гацааж байгаад тээвэрлэх замд буюу нүүрсний аман дээрээс хямд аваад, Хятадад аваачиж өндөр үнээр зарах маягаар мөнгө завшдаг байсныг хэлсэн. Тэрбээр цагаан сарын үеэр Хятадад айлчилж Ерөнхий сайд Ли Көчянтай Гашуунсухайт, бусад боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслээд ирсэн. Ирээд Зүүнбаян Хангийн чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлсэн. Ирэх намраас Гашуунсухайтын холболт яригдана гэж байна.

Маш ноцтой нь энэ хэргийг нэг тийш болгож чадвал дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдэнэ гэж тэр мэдэгдлээ.

Оюун-Эрдэнийн сүүлд эхэлсэн томоохон ажлууд нь энэ.

Ер нь бол Оюун-Эрдэнийг гишүүн болж, улмаар ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайд болсноос хойш бий болоод 30 шахам жил болсон олон тогтолцоо задарч байна. Гол нь тэдгээр тогтолцоог жирийн иргэд мэддэггүй.

МАНАН гээд л байдаг. Хонгил гээд л ярьдаг. Бүгд байсан. Одоо ч нурж алга болоогүй.

МАНАН-гийн гол төлөөлөгчид улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар л байна. Хонгилын шүүгч, прокурорууд ч албан тушаалдаа байсаар байна.

Товчхондоо, энэ Хөгжлийн банк, Тавантолгойн нүүрснээс мөнгө завшдаг, эдгээрийн араас задрах тусгай сангуудыг тоносон хэрэг зэргээр МАНАН замхарч, хонгил нурна.

Нөгөө талаас Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын Ерөнхий сайд болохдоо “...Засгийн гаүрын хэрэгжүүлэх дөрвөн зорилт” хэмээн танилцуулж байлаа.  Ковидыг богино хугацаанд давах, эдийн засгаа сэргээх, дундаж давхаргыг дэмжих, шударга ёс, цахим засаглал гэсэн чиглэлүүдээр зорилт тавьсан. Энэ нь одоо зургаан чиглэлээр Шинэ сэргэлтийн бодлого болж, хэрэгжиж эхлээд байгаа юм.

Гэхдээ ковидын тархалт, Орос Украины хямралт байдал нь Монголын эдийн засагт таагүй нөлөө үзүүлэх болсон. Энэ байдал цаашдаа ч үргэлжлэх бөгөөд хүндэрч болзошгүй гэдгийг бусад улс орнууд, олон улсын тоймчид, эдийн засагчид нэг дуугаар хэлж байна.

Гэвч Монгол Улс цаашид улс төр, эдийн засгийн эрүүл хөрстэй амьдаръя гэвэл Оюун-Эрдэнийн эхлүүслэн ажлуудыг дуусгах нь чухал. Хөгжлийн банкны хэргийг ЖДҮ шиг  сэтэрлэхгүйн тулд шударгаар шийдэх ёстой. Нам нь, лидерүүд нь хамгаалах учиргүй. Тавантолгойн нүүрс тээвэр, төмөр замын гацааг арилгаж, дотоодын нийт бүтээгдэхүүнээ хоёр дахин тэлэх нь Монгол Улсын эрх ашиг юм. Тиймээс энэ бүхний ар дахь улс төрийн лидерүүдийг ил болгож, үйл ажиллагааг нь таслан зогсоох ёстой. Харин сүүлийн үеийн улс төрийн дайралтууд байндаа тусч, Оюун-Эрдэнэ няцвал  бүгдээрээ 30 жилийн намаг балчигтаа буцаад живнэ.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
636103
3 эможи

Zochin
2022-04-15 10:39
ЕР НЬ С ЗӨВШӨӨРӨЛ ГЭДЭГ ЮМЫГ БҮҮР БАЙХГҮЙ БОЛГО ЭНЭ ЗӨВШӨӨРӨЛ НЭРИЙН ДООР МАШ ИХ АВИЛГАЛ НУУГДДАГ
keyboard_arrow_up