Зэвсэгт хүчин дэх дарамт Г.Сайханбаяр сайдыг санамж бичиг үзэглэхэд хүргэв үү Зэвсэгт хүчин дэх дарамт Г.Сайханбаяр сайдыг санамж бичиг үзэглэхэд хүргэв үү
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Зэвсэгт хүчин дэх дарамт Г.Сайханбаяр сайдыг санамж бичиг үзэглэхэд хүргэв үү

2022 оны 6 сарын 07

Arslan.mn

Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт бугшсан яргалал, дарангуйлал арилах биш арга хэлбэрээ өөрчлөөд улам өргөжиж байгаа. Гэтэл салбарын удирдлагууд алдаагаа засч залруулж сайжруулахын оронд үл ойшоосон байдалтай хэдэн оныг үдэж буйг үндэсний хэмжээний судалгаанууд ил болгосоор байна. Цэргийн анги байгууллагуудад хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг судалж 2016 онд ХЭҮК парламентад илтгэл өргөн барьж байв. Үүнээс хойш зургаан жил өнгөрсөн ч энэ салбар бахь байдгаараа. Харин ч хүний эрхийн зөрчил улам гаарчээ.

Өнөөдөр Засгийн газрын танхимд батлан хамгаалах салбарыг  удирдаж байгаа бригадын генерал Г.Сайханбаярын үед ч амь бөхтэй оршсоор буйг онцлох нь зүйтэй. Энэ талаар ХЭҮК-оос УИХ-д өргөн барьсан 21 дүгээр илтгэлийн мөрөөр “Зууны мэдээ” сонин “Таван цэрэг тутмын нэг нь дэглүүлж байна”, “ХЭҮК: Цэргүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна”, “Цэргийн албаны дэглэлт буюу офицер, алба хаагчдын ярьсан бодит кейсүүд” зэрэг нийтлэл сурвалжлагаар хөндсөн билээ. Нэг ёсондоо Монгол Улс хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэм бүтээснээ тунхагладаг ч энх цагт эр цэргүүдээ алдсаар байгаа. Гэтэл сайд дарга нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Цэргүүдийг цэцэрлэгийн хүүхэд шиг л байлгаж байна” хэмээн ярьдаг. Ачир дээрээ цэргийн албаны дэглэлт бие махбодь, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийллийн хэлбэрээр улам бүр нуугдмал байдлаар арга хэлбэрээ хувирган илэрч хүний эрхийг ноцтой зөрчиж буйг мэргэжлийн байгууллага судалж гаргаж ирсэн.

ХЭҮК “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл”-ийг парламентад өргөн бариад 60 гаруй хонож, судалгааны мөрөөр хэвлэл мэдээллүүд зэвсэгт хүчний салбарт хүний эрхийн зөрчил илэрснийг удаа дараа мэдээлсэн. Гэвч салбарын удирдлагууд хүний урманд алдаа дутагдлаа засч сайжруулах талаар ганц үг ганхийсэнгүй. Харин ч бүр ХЭҮК-той санамж бичиг байгуулаад асуудлыг намжааж буй бололтой. ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар 2022-2024 он хүртэл хамтран ажиллах Санамж бичигт  гарын үсэг зурж үзэглэлээ. 

Санамж бичигт тусгаснаар ....Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын болон хүмүүнлэгийн эрх зүйн гэрээ, конвенц, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон цэргийн алба хаагчдын хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах, цэргийн нэгтгэл, анги, байгууллага дахь дүрмийн бус харьцаа, хүний эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн алба хаагчдад хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлж,байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг олон зорилтыг хэрэгжүүлнэ.... гэжээ.

Өөрөөр хэлбэл, ийнхүү санамж бичиг байгуулж, хамтран ажиллана гэснээр зэвсэгт хүчний салбар дахь хүний эрхийн байдалд ямар нэг өөрчлөлт орох уу. Эсвэл хоёр талаасаа санаж байя хэмээгээд ХЭҮК-ийн хараат бус байдалд нөлөөлж “дуугүй” болгох гэсэн оролдлого уу гэдэг эрхзүйн хувьд ч ойлгомжгүй байгаа юм. 

Хуульчдын хэлж буйгаар санамж бичиг гэдэг бол гэрээ биш. Тиймээс заавал дагаж мөрдөнө, санамж бичигт  тусгасан асуудлаа хэрэгжүүлнэ гэсэн үүрэг хүлээхгүй. Санамж бичигт тусгасан зүйл зөрчигдсөн, биелэгдээгүй тохиолдолд үр дагавар гарахгүй. Нэг ёсондоо, болж өгвөл зэвсэгт хүчин дэх хүний эрхийн зөрчлийг арилгахад хамтарч ажиллая, ойлголцоё гэсэн утга бүхий халхавч аж. Ингэж харвал нэгдүгээрт, цэргүүдийг дэглэж буй талаарх ХЭҮК-ын дүгнэлт, зөвлөмж үнэн байна гэдгийг Батлан хамгаалах яам хүлээн зөвшөөрсөн баталгаа. Хоёрдугаарт, ийнхүү санамж бичиг байгуулснаар Батлан хамгаалах яам ХЭҮК-ын бие даасан хараат бусаар судлаж дүгнэхэд нөлөөлж буй хэрэг. Үр дүнд нь зэвсэгт хүчин дэх хүний эрхийн зөрчлийг дараагийн илтгэлдээ оруулахгүй ч  байж магад. Үнэндээ, санамж бичигтэй бичиггүй төрийн байгууллага аливаа нэг зөвлөмж шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Тиймээс Зэвсэгт хүчин дэх дарамт Г.Сайханбаяр сайдыг санамж  бичиг үзэглэхэд хүргэжээ гэж хэлж болохоор юм.

 

 

 

С.Бэрс

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637684
1 эможи

keyboard_arrow_up