З.МЭНДСАЙХАН: “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнөж байгаа нь ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖИХ боломж
Өнөөдөр /2022.06.10/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3 дахь өдрөө дотоодын үйлдвэрүүдтэй танилцаж байна. Өнөөдөр хүнсний манлай үйлдвэр “Өгөөж-Чихэр боов” ХХК-д ажиллалаа.
Компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон. Иргэд нь эрүүл, ажилтай, орлоготой, үндэсний үйлдвэрлэл хөгжих боломж” хэмээн дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр мөн "Түүхий эд, материалын үнэ, валютын ханш, дотоод, гадаад тээврийн зардал өсөж байгаа нь хүндрэл учруулж байна. Үндсэн болон туслах түүхий эд, материал, сав баглаа боодлын 90 гаруй хувийг гадаадаас валютаар худалдан авдаг нь бүтээгдэхүүний өртөг нэмэгдэхэд нөлөөлж байна" гэв. С.Түмэнгэрэл захирал хэд хэдэн санал хэллээ.
НӨАТ-ыг таван хувь болгох, хүнсний үйлдвэр барих бол урт хугацаатай, бага хүүтэй зээлээр дэмжих, хавтгайрсан халамжийн бодлогыг эргэж харах, Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэсгээ түлхүү дэмжих, ажлын байр бий болгосон тохиолдолд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нь зүйтэй гэж үздэг гэв.
“Өгөөж-Чихэр боов” компани 500 гаруй ажиллагсадтай бөгөөд 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд юм. 86 жилийн түүхтэй тус компани 165 төрлийн нэрийн бүтээгдэхүүнтэй, өдөрт 40 гаруй тн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд Улаанбаатар хотын нарийн боовны зах зээлийн 70 хувийг хангадаг. Жил бүр улсын төсөвт тав орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төвлөрүүлдэг юм.