З.Мэндсайхан: Хүнс, хөдөө аж ахуйн салбар инноваци, дэвшилтэт технологи, шинжлэх ухаан дээр тулгуурлан бүтээмжийг нэмэгдүүлнэ
Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад ХХААХҮЯ-аас шинжлэх ухаан, технологийн салбартай хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөн өнөөдөр Корпорэйт конвешн центрт болж байна.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөний үеэр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрбээр "Зөвлөгөөнд оролцож байгаа салбарын Эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд, үйлдвэрлэгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д “Олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоог хөгжүүлэх” зорилт тусгагдсан. Энэхүү зорилтын I үе шат (2021-2030)-г хэрэгжүүлснээр мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор судалгаа хөгжүүлэлт, инновацын санхүүжилтийн олон эх үүсвэрт тогтолцоо бүхий төр-шинжлэх ухаан-үйлдвэрлэл, бизнесийн түншлэлийн таатай орчин бүрдэнэ гэж тодорхойлсон.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийг хамтдаа бүтээх их үйлсийн эзэд болсон Та бүхэн хамтаараа энэ танхимд хуран цуглаад байна.
Дэлхийн улс орнууд хүнсний баталгаат байдлаа сайжруулахад онцгой анхаарал хандуулж байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийг Хүрэлсүх “Хүнсний хангамж-аюулгүй байдал”-ын бодлого, зохицуулалтыг Үндэсний хэмжээнд эрс сайжруулах санаачилга гаргаж, 5 жилийн хугацаанд хэрэгжих үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлээд байна.
Энэхүү хөдөлгөөнийг салбарын эрдэмтэн судлаачид маань түүчээлэн дэмжиж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” зөвлөгөөн, мөн эрдэмтэн, судлаачдын оюуны бүтээл, инновацийн бүтээгдэхүүний “Үзэсгэлэн”-г зохион байгуулж байгаад талархаж байна.
Манай эрдэмтэд, судлаачид, шинэ шинэлэг инновацийг бүтээгчид оюуны бүтээл, амжилтаар дүүрэн байж, дэлхийн түвшний олон арван бүтээл туурвин, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсаар ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Өнөөдөр дэлхийн топ 100 гаруй компани оюуны өмчийн үнэлгээнд суурилсан инновацийн чиг хандлага, технологийн манлайллыг тодорхойлдог боллоо. Энэ нь шинжлэх ухааны үүрэг үнэнийг нотлоход байсан уу, эсхүл асуудлыг шийдвэрлэхэд байсан уу гэдэгт хариу өгөх, шинжлэх ухааны удирдлага, төлөвлөлтийн үзэл баримтлалд өөрчлөлт, шинэчлэлийг бий болгож байна. Азийн орнууд дэлхийд хамгийн өндөр инновацийн идэвхжилттэй байгаа нь бидний зайлшгүй анхаарлын төвд байх асуудал юм.
"Эм бэлдмэл, вакцин оношлуурыг дотооддоо үйлдвэрлэх, технологи нутагшуулах, үйлдвэрлэлд яаралтай нэвтрүүлэх асуудалд онцгой анхаарах нь чухал байна"
Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбараас тухайлбал мал эмнэлгийн судлаачдаас дэлхийн шинжлэх ухааны ноён оргил импакт фактор нь 41 буюу хамгийн өндөрт эрэмбэлэгддэг Наачер (Nature) сэтгүүлд 2 өгүүлэл болон олон улсын судлаачдын анхаарлыг татаж дэлхийн шинжлэх ухааны судалгааны эргэлтэд орж байдаг сэтгүүлүүдэд өгүүллээ хэвлүүлж тэдгээрээс жил бүр 600 гаруй удаа ишлэгдэж байгаа нь манай судлаачид олон улсын түвшинд өрсөлдөхүйц чадвартайг харуулах чухал үзүүлэлт юм.
Эрдэмтэд судлаачдын судалгааны дүнд дөнгөж өнгөрсөн сард 05-р сарын 25- ны өдөр Монгол улс олон улсын худалдааны хорио цээрт 6 өвчний нэг болох гоц халдварт үхрийн цээж өвчнөөс тайван улс болохыг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрч дэлхий дахинд зарласныг онцлох нь зүйтэй.
Дотооддоо ч хүнсний хэрэгцээг бүрэн хангасан мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүнээр хүн амыг бүрэн хангахын тулд зөвхөн гоц халдварт өвчинтэй тэмцэх гэж туйлшралгүйгээр бусад халдварт болон шимэгчтэх өвчин, байгаль экологийн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүдэн гарч байгаа малын хордлогот болон халдваргүй өвчнүүд, эмийн бодисын үлдэгдэл, бичил биетний тэсвэржилтийн тархалттай тэмцэхэд анхаарлаа хэрхэвч сулруулж болохгүйг мал эмнэлгийн байгууллага, эрдэмтэн судлаачдад анхааруулж байна.
Одоогийн байдлаар Монгол орны хэрэгцээг бүрэн хангах вакцины 90 гаруй хувийг Биокомбинатад, эм бэлдмэлийн дөнгөж 10 орчим хувийг, оношлуурын өчүүхэн бага хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа нь өнөөгийн нөхцөлд нэн хангалтгүй байна.
Энэ нь эм, оношлуур импортлож буй цөөхөн хэдэн компани малын эм, оношлуурын үнэ дээр монополи тогтоох байдал нэгэнт бий болж, улмаар улс орны эдийн засаг, хүнсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж , үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийг дарангуйлж байгааг илтгэж байна.
Эрдэмтэн судлаачдын олон жилийн нөр их оюуны бүтээл, эрдэм шинжилгээ, технологи, инновацийн ажлын үр дүнд буй болсон малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн 60 гаруй нэр төрлийн оюуны өмч, зохиогчийн эрхээр баталгаажсан вакцин, оношлуур, элдэв төрлийн малын өвчнийг эмчлэх эм зэрэг инновацийн бүтээгдэхүүний технологи бэлэн байна.
Тэгвэл бид хувийн хэвшлийн малын эмийн үйлдвэрүүдтэй хамтран дээрх оюуны бүтээлүүдээ үйлдвэрлэн эдийн засгийн эргэлтэнд оруулбал малын гадар, дотор шимэгчээр үүсгэгддэг өвчнөөс сэргийлэх, халдваргүй өвчтэй малыг эмчлэх үйлчилгээтэй эм, бэлдмэл пробиотикт бэлдмэлүүдийг үйлдвэрлэж эх орны хэрэгцээг бүрэн хангах боломж байна гэж салбарын Сайдын хувьд харж байна.
Цаашдаа, Монгол Улсад зайлшгүй шаардлагатай төдийгүй, эдийн засгийн чухал ач холбогдолтой, ихээхэн хэмжээний валютын урсгалыг зогсоох боломжтой технологи нь боловсрогдож баталгаажсан эм бэлдмэл, вакцин оношлуурыг дотооддоо үйлдвэрлэх, технологи нутагшуулах, үйлдвэрлэлд яаралтай нэвтрүүлэх, технологи шингэсэн дотоодын бүтээгдэхүүний нэн шаардлагатай хэсгийг төр худалдан авч хэрэглээнд нэвтрүүлэх асуудалд онцгой анхаарах нь чухал байна.
Дээр дурдсан асуудлууд хэрэгжсэнээр Монгол Улсын Мал аж ахуй (70 гаруй сая мал сүрэг), Мал эмнэлгийн салбар (Малын эмч, малчин өрх, нийт ард иргэд) Үндэсний эрдэмтдийн зохион бүтээж буй болгосон эм бэлдмэл, вакцин, оношлуураар бүрэн (100%) хангагдаж, энэ чиглэлээр гадаад орноос хараат байдал арилж, эдийн засаг, бизнесийн хувьд бие дааж,, эрдэмтдийн оюуны бүтээл зах зээлийн эргэлтэд орж эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн гинжин хэлхээ цогцоороо хөгжинө.
"Тариаланчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд газар тариалангийн үйлдвэрлэл дотоодын үр тариа, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоог 50 хувь хангасан амжилтад хүрлээ"
Монгол төрийн оновчтой бодлого, тариалангийн салбарын эрдэмтэн, судлаачдын ажлын бодитой үр дүн, тариаланчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд газар тариалангийн үйлдвэрлэл дотоодын үр тариа, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоог 50 хувь хангасан амжилтад хүрлээ.
Тариалангийн шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн бүтээл үйлдвэрлэлд амжилттай нэвтэрч улсын хэмжээнд буудайн үйлдвэрлэлийн 40%, төмсний 80 хувьд үндэсний эрдэмтэд, судлаачдын бүтээсэн, нутагшуулсан сортууд тариалагдаж, тариалангийн хөрс хамгаалах технологи дээр суурилсан үр тариа болон бусад таримал ургуулах эрчимжсэн технологи, болон үр үржүүлэх технологиуд үйлдвэрлэлд нэвтэрч эх орны хүнсний хангамжыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсээр байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Төрийн шагналт буудайн “Орхон” сорт монголын тариаланд 50 жил амжилттай тариалж талх гурилын хэрэгцээг хангасан бол сүүлийн 10 орчим жил буудайн Дархан-144 сорт, Дархан-131 сортууд томоохон үүрэг гүйцэтгэж байна.
Буудайн элит үр үйлдвэрлэх хурдавчилсан технологи боловсруулж нэвтрүүлсний үр дүнд элит үр үйлдвэрлэл жилд 400-450 т болж нэмэгдсэн бол төмсний үрийн аж ахуйг богиносгон G2 системийн нэвтрүүлж, үрийн чанарыг сайжруулсны үр дүнд төмсний нутагшсан сортуудын хэрэгцээт элит үрийн 40% гаруйг дотооддоо үйлдвэрлэж байгаа бөгөөд эдгээр системийг ашиглаж элит үрийг дотооддоо 100% үйлдвэрлэх боломж бүрдээд байна.
Манай судлаачид олон жилийн судалгааны үр дүнд 70 гаруй таримал ургамлын 20000 сорт бүхий Монгол улсын таримал ургамлын генетик нөөцийн үнэ цэнэтэй санг байгуулж, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Генетик Нөөцийн Олон Улсын Гэрээний Байгууллагатай хамтран ажилласны үр дүнд ургац болон чанарын бүтээмж өндөр шинэ сортууд бүтээх генетик нөөцийн үндэсний санг бүрдүүлээд байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд тариалангийн хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, үржил шимийг сайжруулахад үр тарианы тариалангийн элдэншүүлэггүй технологийн судалгааны үр дүн үйлдвэрлэлд амжилттай нэвтэрч нийт уриншийн 40 гаруй хувь элдэншүүлэггүй технологид шилжсэн амжилттай үр дүнгүүдийг тэмдэглэхэд таатай байна.
Гэвч цаашид хүнсний ногоо, тэжээл, тосны ургамал, жимс жимсгэний тариалалт, хураан авч байгаа ургацын хэмжээ нэн чамлалттай байгаа учраас энэ чиглэлийн судалгааны ажлуудыг нэмэгдүүлж, үр дүнг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх болон хучлагатай тариалангийн технологийг тариаланд хэвшил болгохыг судлаачид анхааруулж байна.
"Эрүүл чанартай ургац авах чиглэлээр шинэ дэвшилтэт технологуудыг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсээр байна"
Монгол улсад Ургамал хамгааллын Шинжлэх ухаан нь
- Үр тариа, төмс, хүнсний ногоо, хүлэмжийн таримал ургамал хамгаалал,
- Бэлчээрийн ургамал хамгаалал,
- Ой-модлог ургамал, жимс жимсгэний ургамал хамгаалал гэсэн 3 үндсэн салбараар хөгжиж байна. Энэ салбарын эрдэмтэн судлаачид маань Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг бохирдуулагч хөнөөлт организмуудын тархалт олшролтын прогноз гаргах, илрүүлэх, оношлох, тэдгээрээс хамгаалах, сэргийлэх, арвин их, эрүүл чанартай ургац авах их үйлсэд шинэ дэвшилтэт технологуудыг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсээр байна.
Тухайлбал Ургамал хамгааллын салбарын эрдэмтэн судлаач нар Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сахин хамгаалах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ургамалд өвчин үүсгэгч, хөнөөлт шавьж, мэрэгч амьтдын эсрэг байгальд халгүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй Грийн, Монбатацид, Бассиана, Бт, Бактобромидлион, Шар цаасан урхи зэрэг биобэлдмэл, бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, химийн пестицидийн хэрэглээг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан байна.
Мөн улсын хэмжээнд төмсний хэрэгцээгээ бүрэн хангахад энэ салбарын эрдэмтдийн санаачлан гаргасан биотехнологийн аргаар гарган авсан вирусгүй төмсний үр үржүүлгийн ажлын үр дүн байсныг хэлэхэд таатай байна.
Сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжих, таримлын нэр төрөл нэмэгдэх, мөн байгаль цаг уурын нөхцөлүүдээс шалтгаалан бидний тарьсан үр тариа, төмс, хүнсний ногоо, бэлчээрийн ургамал төрөл бүрйин хөнөөлт организмуудаас болж чанар нь алдагдах, цаашлаад ургацаа алдах зэрэг аюулууд зэрэгцэн байсаар байна. Иймд бид ургацаа бүрэн авахын тулд ургамал хамгаалах төрөл бүрийн арга технологиудыг хэрэглэж байгаа ч зонхилон химийн арга буюу Пестицидийг түлхүү хэрэглэсээр л байна.
Харин манай салбарын эрдэмтэн судлаачид эдгээр пестицидийн хэрэглээ, тун норм, үлдэгдлийн шинжилгээг хийх, судлан тогтоох, хүн амыг пестицидийн бохирдолгүй хүнсээр хангахад чухал үүрэгтэй байдгийн бас нэг жишээ нь Ургамал хамгаалалд ашиглагдаж буй пестицид, бордооны үлдэгдэл, агууламжийг судлан тогтоодог “Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний нэгдсэн лаборатори” нь орчин үеийн өндөр мэдрэмжит багажаар бүрэн тоноглогдсон, энэ чиглэлээр мэрэгжилтэй боловсон хүчнээ бэлтгэж эхлээд байгаа нь судалгаа шинжилгээний ажил шинэ түвшинд гарсныг илтгэж байна. Гэвч одоо байгаа хүчин чадал нь улсын хэмжээний пестицидийн асуудлыг бүрэн тодорхойлоход хараахан хүчин чадал хүрэлцэхгүй байгааг нэн тэргүүнд анхаарч, энэхүү лабораторийн үйл ажиллагааг яаралтай өргөжүүлэн, сайжруулах, хөрөнгө оруулалт хийх нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал болоод байна.
"ХХААХҮ-ийн салбар инноваци, дэвшилтэт технологи, шинжлэх ухаан дээр тулгуурлан бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэхэд бүх талаар дэмжин ажиллаж, бодит үр дүнд хүргэнэ"
Мөн ургамал хамгаалах дэвшилтэт арга технологиудыг нэмэгдүүлэх, эрдэмтдийнхээ гаргасан ургамал хамгаалах биологийн бэлдмэлийн технологийг ашиглан ургамал хамгаалах бэлдмэлийн үйлдвэрийг дотооддоо байгуулж, химийн пестицид худалдан авч буй олон тэрбум төгрөгийн гадагшаа урсаж буй урсгалыг зогсоох, ургамал хамгаалах бэлдмэл, эрдэс ба органик бордооны хэрэглээ, нэр төрлийг нэмэгдүүлэх судалгааны ажлуудыг улам өргөжүүлэх нэн шаардлагатай байна.
Хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаан, технологи, инновацийг судалгаа ба хөгжилд тулгуурлан хөгжүүлэх нь салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх суурь байх болно. Ингэж бид бодлогоо тодорхойлсон.
Салбарын инновацийн суурь бүтцийг бий болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг сайжруулах, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, эрчимжүүлэхэд эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид Та бүхний мэдлэг туршлага, идэвхитэй оролцоо, манлайлал өндөр ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэх байна.
Хүн ам цөөтэй орны хувьд оюуны чадавхитай судлаачдын мэдлэг, оюуны чадамжид тулгуурлан технологийн өндөр багтаамжтай бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож хөгжүүлэх, гарааны компаниудыг бойжуулахад дэмжлэг үзүүлэх нь эдийн засгийн өсөлтийг түргэсгэх, инновацийн тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Цаашид оюуны багтаамж өндөртэй технологи, дэлхийд өрсөлдөхүйц инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд чиглэгдсэн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн чөлөөт бүсийг байгуулах, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын байгууллагуудыг нэгтгэн паркийн зарчмаар ажиллуулах нөхцлийг бүрдүүлэх талаар Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран ажиллана.
Энэхүү зөвлөгөөн нь талуудын өргөн оролцоотойгоор цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн арга хэмжээ болно гэдэгт итгэж байна." гэв.
Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллагууд, шинжлэх ухааны байгууллагууд, боловсролын байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагууд, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн үйлдвэрлэгчид оролцож байна.