ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей Монгол Улсад айлчилж байна
Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэгийн урилгаар ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей манай улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Энэ удаагийн айлчлалаар Ерөнхий захирал О.Азулей ЮНЕСКО-д Хүн төрөлхтний соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, Монгол Улсын Засгийн газар болон ЮНЕСКО хоорондын 2022-2029 онд хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, төр, засгийн төлөөлөгчидтэй албан уулзалт хийнэ
Мөн айлчлалын хүрээнд ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн Хустайн нуруу байгалийн цогцолборт газар, ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газартай танилцана.