ЗГ: Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.17/ боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар сайд нар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар болсон тухай мэдээллээ.
Тэрбээр "Хүний нүдэнд харагддаггүй, олон зүйлийн ол үндэс болсон энэ хуулийг ийн өргөн барьснаар Газрын тухай багц хуулийг бүрэн өргөн бариад байна. Энэ хуульд 1997 оноос хойш 11 удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг. 30 гаруй хувьд нь өөрчлөлт орсон учраас шинэчилсэн найруулгыг нь өргөн барих шаардлагатай болсон.
Геодези нь үндсэндээ улс орны хөгжлийн суурь байдаг. Үүнд тулгуурлаж томоохон төсөл, барилгын ажил явдаг. Улаанбаатар хотод геодезийн 360 цэг тэмдэгт байдгийн тал орчим нь устаж алга болсон. Өндөржилт байхгүй болсонтой холбоотой ус зайлуулах хоолойнууд авто зам болоод хувирчихсан байх жишээтэй. Харин хуулийн шинэчилсэн найруулгаар хэд хэдэн чиглэлд сайжруулалт хийгдсэн. Тогтолцоог нарийн болгосон. Хэн төлөвлөх, хяналт тавих вэ гэх мэт. Мэдээллийн санг нэг болгох асуудлыг мөн тусгаж байгаа" гэлээ.