Олон жил гацаж, хүлээлт үүсгэсэн станцуудаа гацаанаас гаргасан Л.Оюун-Эрдэнэ “БРАВО“
Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас богц дүүрэн буцах нь.
Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд үндэстний эрх ашгаа тулгуур болгосон зоримог үгсээр яриаг эхлүүлсэн нь манай Орос найзуудын хүндлэлийг төрүүлэх шиг. Ингэхдээ “Бид өргөн уудам газар нутагтай. Эрчим хүчээ дотоодод хангаад зогсохгүй, экспортлогч улс болох бүрэн боломжтой. Эрдэнбүрэнгийн УЦС-ыг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтой болсон. Ирэх хавар ажлаа эхлүүлнэ. Мөн бид Эгийн голын УЦС болон бусад цахилгаан станцуудын өргөтгөл шинэчлэлийн ажлыг ОХУ-тай хамтрах саналуудаа авч ирсэн” хэмээсэн юм.
Ямартай ч "олон жил гацсан станцуудаа эхнээс нь шийдвэрлээд эхэлчихсэн. Ямар ч байсан барин урагшлуулна” гэх утга санааг шууд шулуухан хэлчихсэн нь энэ. Ялангуяа ОХУ-ын индэр дээр хэлсэн “зоригтой” байлаа.
Тэрбээр чуулганд хэлсэн үгэндээ Монгол Улс цаашдаа бүс нутгийн хэмжээнд улсуудтай хамтарч ажиллахад нээлттэй болсныг зарлан тунхаглаж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзахдаа шатахууныг урьд хожид байгаагүй урт хугацаанд буюу 2027 он хүртэл тогтвортой үнээр авах тохиролцоонд хүрсэн юм.
Мөн олон жил гацаж, хүлээлт үүсгэсэн Эгийн голын УЦС-ын ажил урагшлуулахаар боллоо.
Эгийн голын УЦС Монгол-Оросын харилцаанд бараан толбо болтлоо бугшсан асуудал мөн. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнын Эдийн Засгийн форумын төв индрээс "Бид Эгийн голын УЦС-ыг барина" гэж эрс шулуухан мэдэгдэв. Энэ өгүүлбэр тусгаар улсын Ерөнхий сайд ярьж байгааг сануулсан нь тодорхой биз. Нөгөө талаас "Бид энэ төслийг Оростой хамтарч хэрэгжүүлэхийг хүсэж байна" гэлээ. Энд Л.Оюун-Эрдэнийн хувь улс төрчийн прагматик хандлагын давуу тал харагдаж байна. Эгийн голын УЦС одоо хоёр орны харилцааны бараан толбо биш, Эрдэнэт шиг нэгэн гэрэлт цамхаг болох үүд хаалга нээгдлээ.
Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Дорнын эдийн засгийн VII чуулган”-ы урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж оролцсонд талархал илэрхийллээ. Оросын Холбооны Улс Монгол Улстай хамтран Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, цаашид ч том төслүүдэд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийг Ерөнхийлөгч В.В.Путин онцолж, эрчим хүчний төслүүдэд ч хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв. Мөн хоёр улс нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар тодорхой тохиролцоонд хүрснийг уулзалтын үеэр цохон тэмдэглэсэн юм.