Д.Загджавыг Дарханы замын концессын хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа гэв үү
Өнгөрсөн сард Дарханы замын тендерийн авлигын хэрэгт “Чайна Гео-Инженеринг Корпораци” компанийн Монгол талын асуудлыг хариуцдаг хүн нь З.Буяннэмэх гэгчийг АТГ-аас саатуулан шалгаж буй.
Тэгвэл шалгалтаар Дарханы замын тендерийн авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа З.Буяннэмэх гэгчийн авлигын хэрэгт ШШГЕГ-ын дарга Д.Загджав нарын хүмүүс оролцоотой нь тогтоогдсон байна.
Тиймээс АТГ-аас Д.Загджавыг давхар шалгаж эхэлсэн бололтой.
ШШГЕГ-ын дарга Д.Загджавын хувьд ХЗДХ-ийн сайдын тушаалаар гарсан Ажлын хэсгээр шалгагдаж буй нэгэн. Тодруулбал, ХЗДХ-ийн сайдын тушаалаар Д.Загджавтай холбоотой сахилга, ёс зүйн болон санхүүгийн үйл ажиллагаанд нь ажлын хэсэг гарган хяналт шалгалт хийсэн. Харин ажлын хэсгийн санал, дүгнэлт энэ сарын 25-ны өдөр гарах байтал хойшлогдсоор өнгөрсөн баасан гарагт /2022.10.28/ ХЗДХ-ийн сайдын зөвлөл хуралдаж, энэ асуудлыг хэлэлцсэн.
Гэвч Д.Загджавтай холбоотой Ажлын хэсгийн шалгалтын дүнд гараад 5 өдөр болсон байхад өнөөдрийг хүртэл шалгалтын дүнг олон нийтэд мэдээллэхгүй дарсаар байгаа нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байгаа юм.
ХЗДХЯ-аас Д.Загджавтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг нийтэд мэдээллэхгүй нууцлахын учир юу вэ?!
Угтаа бол энэ талаар аравдугаар 28-ны өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ, “Ажлын хэсгийн ШШГЕГ-ын бүтцийн дагуу ажилласан эсэх, хүлээсэн чиг үүргээ биелүүлсэн эсэх гээд олон талын үзүүлэлтүүдийг шалгалаа. Сүүлийн үед хоригдлууд хорих байраа орхин, оргох явдал их гарсан. Энэ нь одоогийн шүүхийн шийдвэрийн удирдлагуудтай хамааралтай, сахилга хариуцлагатай нь холбоотой эсэхийг шалгасан.
Мөн ажлын хэсэг гарсны дараа нэр бүхий иргэдээс Өмнөговь, Дундговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудтай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн. Ажлын хэсэг гомдлын дагуу газар дээр нь очиж шалгасан. Тухайлбал, нэг аймгийнх нь ШШГГ-ын дарга нь албаны машинаар Алтанбулагийн чөлөөт бүсэд очиж, татваргүй барааны дэлгүүрээс их хэмжээний архи тогтмол зөөж, өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид худалдан борлуулахад унаагаа ашигладаг байсан нь тогтоогдсон.
Тиймээс өнөөдөр ХЗДХ-ийн сайдын зөвлөл хуралдаж, уг шалгалтын дүнг тал талаас нь ярилцаад олон нийтэд мэдээлэх болно” гэж мэдэгдсэн.
Харин З.Буяннэмэх нь хэдэн жилийн өмнө гадаадын онгоцонд танхайрсан этгээдийг “аюулгүй болгосон” хэмээн магтуулаад тухайн үеийн Ерөнхий сайд хүлээн авч уулзаад байсан нөхөр билээ.